fbpx

Хүмүүжил

image

Монголчууд араатан жигүүртэн төдийгүй загасыг ч хамгаалах талаар анхаарал хандуулж иржээ. Тухайлбал загас бол хэзээ ч нүдээ цавчдаггүй, үр төл ихтэй, үржиж төлжих нь нэн түргэн амьтан хэмээн дээдлэн бэлгэшээж, монгол эмэгтэйн ээмэг, сүйх мэтэд хос загасны дүрс урлаж ирсэн байна.

Загас нь сонор соргог, эв нэгдэл, үнэнч хайр, урт удаан амьдралын бэлгэдэл бөгөөд мөн загас урт настай амьтан, лусын сүрэг гэх тул дураараа хөнөөх, идэхийг цээрлэдэг байв. Тул загасыг дур зоргоороо гохдож хөнөөвөл лус хилэгнэснээс нас охор болно гэж үздэг байжээ.

СОНИРХОЛТОЙ НЭГЭН ЖИШЭЭ ДУРЬДВАЛ:

"Ардын эрх" сонины нэгэн дугаарт зохиолч З.Түмэнжаргалын "Цайдамын цагаан нуур" гэсэн бяцхан дурсамж нийтлэгджээ. Зохиогчийг хүүхэд байх үед эмэг эх /ээжийнх нь ээж/ нь тэднийг үе үе "сандаргадаг" байжээ. Тэнгэр хуйсганан их салхи хөдлөх бүрийд эмээ нь:

-Шалавлаарай. Хүүхдүүд минь нуур руу гүйгээрэй гэдэг байжээ.
Тэд ч эмээгийн хэлсэн ёсоор нуурын эрэгт очно. Их салхи дэгдэхээр талын тэр нуур  халгин цалгин хямарч, хаялганд нь том бага нийлсэн маш олон загас эрэг дээр шидэгдэн ам нь ангалзан амь тэмцэх бөгөөд загасыг хүүхдүүд эргүүлж нуур руу хийдэг байжээ. Нагац ах нь тийм үед морьтойгоо хүрч ирээд хүүхдүүдийг хэр үнэнчээр үүргээ биелүүлж буйг харан хянадаг байсан хэмээн бичжээ.

Монголчууд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ учирлан хэлэх, үлгэрлэн заах аргыг хослуулж ирсэн бөгөөд хүүхдэд аливаа зүйлийн утга учрыг гүн гүнзгий ойлгуулж, сайн дадал зуршлыг хэвшүүлэхийн тулд өөрсдөөр нь хийлгэж ирсэн байна.

Эх сурвалж: "Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан" У.Эрдэнэтуяа

X
Нэвтрэх