Хүүхдэд ном авч өгөх хамгийн энгийн “дүрэм“ бол хүүхдийнхээ нүдээр ертөнцийг харах!
- Хүүхдийнхээ өмнөөс бодож чаддаг хүн л тэдний байгалиас заяасан чадварыг нь дэмжиж, хөгжүүлж чаддаг байна. Тиймээс ном сонгохдоо өөрт таалагдахыг бус хүүхдэд таалагдахыг сонгож, тэдний юу уншихыг, юу үзэхийг хүсч байгааг нь мэдэрч авч өгөх ёстой гэнэ.
- Эцэг эхчүүд том хүний энхрийлсэн хөөрхийлсөн нүдээр хүүхдийг хардаг. Тэд өөрсдийн үнэмшлээр, өөртөө таалагдсан номыг хүүхдэдээ авдаг. Хүсээгүй, чадахгүй бололцоогүй юмаар хүүхдээ дардаг. Хүүхдийн зүгээс хардаггүй.
- Агуулгын хувьд хүүхдэд энэ үлгэрээр /зохиолоор/ дамжуулан ёс зүйн ямар хүмүүжил олгох гэж байна вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох нь зүйтэй.
- Хүүхдийн ном зураг сайтай, агуулга ойлгогдох, хүүхдийн хэлээр байх ёстой. Тэр дунд шинэ үгүүд оруулсан байж болно.
- Номнууд 2-3 нас, 3-4 нас гэх зэрэг насны онцлогтой байх бөгөөд насны онцлогоос шалтгаалаад ямар хүүхэд ямар өнгийг хүлээж авдаг вэ гэдгийг харгалзан үзэж номыг сонгох хэрэгтэй. Мөн өгүүлбэрт хэдэн үг байвал хүүхэд хүлээж авах вэ гэдгийг бодолцож номыг сонгох нь зүйтэй.
- Эрт дээр үеэс монголчууд хүүхдүүдээ тойруулж суулгаад үлгэр ярьдаг уламжлал байсан. Бага насны хүүхдүүд үлгэрээр дамжуулж гоо зүйн анхны мэдэгдэхүүнийг авч, үнэнч шударга байх, сайн муу, сайхан муухайг ялгаж сурдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ орой бүр 15-хан минут зарцуулж, үлгэр ярьж өгдөг байгаасай.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш