Зургаан настай хүүхдийн сургуульд дасан зохицох чадварын түвшинг ажиглалтын аргаар судлах зорилтын дагуу зургаан настнуудыг хичээлийн хоёр улирлын турш танин мэдэхүйн чадвар, хэл нийгмийн чадвар, амьдрах ухааны чадварт тулгуурлан мэдээлэл цуглуулж тэдний дасан зохицох чадварын өөрчлөлтийг судалсан. Судалгааны үр дүнд хүүхэд бүр дасан зохицох чадварын хувьд харилцан адилгүй байдаг нь тогтоогджээ.
Шинэ элсэн орж ирж буй зургаан настай хүүхэдтэй ажиллах багшид тухайн сурагчдын танин мэдэхүйн чадвар, амьдрах ухааны чадвар хувийн мэдээллүүд их хэрэгтэй болдог. Иймээс зургаан настай хүүхдийн сургуульд дасан зохицох чадварыг үнэлж, улирал бүрээр харьцуулж ахиц өөрчлөлтийг судлах нь зүйтэй. Иймээс багш сурагч нэг бүрийн дасан зохицох чадварыг судлах юм бол сурагчийг ахицаар нь үнэлэх боломж илүү сайжирна.
Түүнчлэн хүүхдийг сургуульд дасан зохицох үйл явц, суралцах чадварыг нь дэмжихэд олон давуу тал, боломжийг олгодог. Хүүхэд сургуульд дасан зохицох хамгийн чухал зүйл бол сургалтын таатай орчин байдаг. Материаллаг зүйлээс илүү хүүхэд сургуулийн орчинд дасан зохицоход сэтгэл зүйн дэмжлэг чухал юм.
Тиймээс нэгдүгээр ангийн шинэхэн сурагчийн хувьд багш бол хамгийн дотно хүн буюу зөвлөх туслагч, найз, асран хамгаалагч байж эцэг эхтэй хамтран хүүхдийг дэмжин ажиллах шаардлагатай байдаг.
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан