fbpx

3-5 нас

image

- 4-6 настай хүүхдийн орчны хүмүүжил -

Хүүхдийн 0-6 нас бол хүмүүжил төлөвшилтийн хамгийн чухал суурь үе гэдгийг бид өмнө дурдсан. Хүүхэд хорвоод мэндэлсэн цагаас эхлэн зургаан нас хүртлээ ирээдүйд ямар хувь хүн болох суурь нь тавигддаг.

Орчны хүмүүжлийн өмнөх зөвлөгөөнүүдэд дурдсанчлан хүүхдийг багаас нь төлөвшүүлж чадаагүй бол хүүхдэд өөрт нь болон аав ээж, бусд хүмүүст асуудал учруулдаг нэгэн болдог. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаарай. Үүний тулд:

  • Сургуульд суралцах сэтгэл зүйг нь бэлдээрэй. Хэрэв хүүхдэд цэцэрлэгийн сэтгэл зүйн бэлтгэлийг нь сайн хийсэн бол сургуулийн бэлтгэл асуудалгүй. Хүүхдэд сургуульд яагаад суралцах хэрэгтэй гэдгийг ойлгуулж, багш гэж хэн болох, гэрийн даалгавар яагаад хийх ёстой зэргийг тайлбарлаг өгөх хэрэгтэй. Мөн хүүхдээ сургуулийн орчинтой танилцуулаарай.
  • Өмнөх зөвлөгөөнүүдийг ч энэ насанд нь үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй. Нойр, хоол, хайрын хэрэгцээ нь зөв хангагдсан хүүхэд хүрээлэн буй орчиндоо өөрийгөө зөв авч явдаг. Ийм хүүхэд хэн нэгнээс ирэх харилцааны таагүй байдлыг даван туулах сэтгэлийн хаттай болсон байдаг.
  • Хүүхдэд биеэ хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй болгох нь чухал. Аав ээжүүд охин хүүхэд хэрхэн хувцаслах, яаж суух, юуны талаар мэдвэл зохилтойг болгоомжтой үгээр тайлбарлан хэлэх ба хэрхэн биеэ хамгаалах, аюул тохиолдвол аав ээждээ яаж мэдэгдэх талаар заах нь зүйтэй. Эрэгтэй хүүхдийн хувьд ч мөн ялгаагүй. Бид хүүхдүүдээ багаас нь танихгүй хүний машинд суухгүй, танихгүй хүний гуйлтад яаж хариулах, хамгийн гол нь хүүхэд эцэг эхийнхээ хараанаас гараад юу харсан, юу болсныг илэн далангүй ярьдаг болгон сургах хэрэгтэй.
  • Үгүй гэж хэлж сургаарай. Хүүхдийг бусдын үгээр явдаг, сул дорой биш өөртөө итгэлтэй нэгэн болгох нь чухал. Аливаа хүсээгүй, чадахгүй зүйлдээ “үгүй” гэж хэлэх нь зарим томчуудад ч дутагддаг чанар юм шүү.
  • Байгаль орчин, хүрээлэн буй орчныг хайрлах нь хувь хүний бас нэг орчны хүмүүжил. Хүүхдэд энэ чадварыг мөн л багаас нь төлөвшүүлдэг. Хүүхэд энгийн зүйлээс л жишээ авч суралцах болно. Аав ээж хогоо хэрхэн хаях, зажилсан бохио яаж хаях, ургамал модыг гэмтээхгүй байх, байгальтай хэрхэн харилцах, хүндлэх талаар ярилцаарай. Өөрөө үлгэр жишээч байж, хүүхдэдээ энэ чадварыг суулгаарай.
  • Хүүхдэд өөрийн гэсэн өмчлөлийг бий болго. Хүүхдээ зөвхөн өөрөө хэрэглэдэг аяга, сэрээ, алчуур, саван, хувцсаа хийдэг шүүгээний нүд зэрэг өмчтэй болгоорой. Энэ нь эрүүл мэндээ хамгаалж чаддаг болгоход тустай.
  • Хүүхдээ мөнгөн хуримтлал, түрийвч, мөнгөний гахай зэрэгтэй болгоорой. Багаасаа мөнгөний талаар зөв ойлголттой болж, хурааж хадгалах, зарцуулах ухаан сууна. Гэхдээ мөнгийг хадгалахын тулд биш, зөв зарцуулахын тулд цуглуулдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Аажимдаа хүүхдэд өөрийн гэсэн зарцуулах мөнгө бий гэсэн итгэл бий болгодог. Огт хэрэглэхгүйгээр хадгалах нь хүүхдийг харамч, нарийн зантай, амиа бодсон хүн болгоно. Мөн ажил хөдөлмөр эрхэлж байж мөнгө олдог талаар хүүхдэдээ тайлбарлаж өгөөрэй.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

X
Нэвтрэх