fbpx

Эрүүл мэнд

image

Ердөө хэдхэн жилийн өмнө анагаах ухааны үйлчилгээнд эхо нэвтрэн орсноор хэвлий дэх амьдралыг ил харж чаддаг болсон билээ.

ХҮРЭЛЦЭХ МЭДРЭХҮЙ

Эхийн хэвлий нь хүн өсөн бойжиход нь маш тохиромжтой, төрөл бүрийн сэрлүүдтэй. Харилцан нөлөөлөл бүхий орчин юм. Бяцхан үр тань эхийн хэвлийд өсөж торнихдоо урт удаан “аялал” буюу ургийн хөгжлийг туулан өнгөрдөг. Ургийн хөгжлийн 8 дахь долоо хоногт үр тань нүүрийг нь хатгах үсээ холдуулах гэж хийж буй үйлдэл нь энэхүү аяллын хамгийн анхны бөгөөд нэн эрч хүчтэй алхмын нэг байдаг.

Ургийн хөгжлийн 10 дахь долоо хоногт үсний ширхэг биеийнх нь зарим хэсгүүдэд тухайлбал гарынх нь алганд, 12 дахь долоо хоногт хөлийнх нь уланд хүрэхэд эсэргүүцэх хөдөлгөөн хийнэ. 17 дахь долоо хоногоос гэдэс болон өгзөгний бүх хэсгүүд мэдэрдэг болсон байна. 32 дахь долоо хоног болоход биеийн бараг бүх хэсэг ганц ширхэг үсийг хүртэл мэдэрдэг болсон байна.   

ХӨДӨЛГӨӨН

Ургийн анхны хөдөлгөөн нь хүний амьдралын бэлгэдэл болсон зүрхний цохилт юм. Ургийн хөгжлийн 3 дахь долоо хоногоос эхлэн хүүхдийн зүрхний цохилт сонсогдоно. 6-10 дахь долоо хоногт толгой, гар, хөл хөдөлж эхэлдэг. Бяцхан үр тань ургийн 10 дахь долоо хоногтойдоо гараа толгой, нүүр рүүгээ ойртуулах болон атгаж дэлгэдэг. Ураг залгилж эхэлдэг.

14 дэх долоо хоногоос эхлэн ургийн хөдлөх чадвар нь гүйцнэ. 10-15 дахь долоо хоногийн хооронд ургийн хөдөлгөөн зөвхөн сайн дурын биш, гадаад орчны нөлөөлөлтэй хөдөлгөөн хийж эхэлнэ. Жишээ нь ээж таныг чанга хүчтэй инээж хөхрөх буюу ханиалгах үед хэвлий дэх үр тань нэг, хоёр секунд хөдөлдөг. 

АМТЛАХ БА ҮНЭРЛЭХ

Жирэмсний 14 дэх долоо хоногоос ураг амталж эхэлдэг. Ээжийгээ чихэрлэг зүйл идэх үед залгих нь нэмэгддэг. Саяхныг хүртэл үнэрлэх нь агаар амьсгалахтай холбоотой гэж үздэг байсан учир ургийн эхийн хэвлийд байхдаа үнэрлэх мэдрэмжийг чухалчилж судалдаггүй байжээ. Бяцхан үрийн тань үнэрлэх нь төсөөлж байснаас хамаагүй илүү нарийн нийлмэл бүтэцтэй бөгөөд энэ нь урагт амтлах ба үнэрлэх боломжийг олгодог байна. 

СОНСОХ БА МЭДРЭХ

Эхийн дуу хоолой бусад дуу чимээнээс илүү хүчтэй хэлбэрээр, бие махбодын дотоод системээр таны хэвлийд өсөн торниж буй хүү, охины тань “чихэнд” хүрнэ.  Дуу чимээ нь ургийн зүрхний цохилтод гайхмаар нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд баталж байна. Урагт гаднаас үзүүлсэн 5 секундын өдөөлт хүүхдийн зүрхний цохилтод болон хөдөлгөөнд бүтэн 1 цагийн өөрчлөлт оруулдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Мөн зарим хөгжмийн аялгуу нь хүүхдийн бодисын солилцоог өөрчилдөг гэнэ. Жишээлбэл: дутуу төрсөн хүүхдэд өдөрт 6 удаа 5 минутын хугацаатайгаар бүүвэй аялахад бусад дуу чимээ сонссон үеийн хүүхдээс илүү жин нэмж байсныг ажигласан байна (Чапман 1975).

Эхийн хэвлийн дуу чимээг мэдрэх орчин нэн баялаг. Шивнээ яриа хэвлийд 30 децибелээр хүрдэг бол жирийн яриа 60 децибелээр хүрдэг байна. Замын хөдөлгөөн ихтэй үед чимээ шуугиан 170 децибел болдог. Хашгичсан яриа болон моторын дуу 100 децибел, рок хөгжим 115 децибел, боломжит хязгаар 125 децибел байдаг. Өөрөөр хэлбэл, ураг 125 децибелийг давсан чимээ, шуугианд зовж шаналж эхэлдэг. Өдөр тутмын амьдралд дуу чимээний орчин тойрон нь 50-60 децибелийн хооронд байдаг.

Эхийн хэвлийд байх үедээ бяцхан үр тань гаднын дуу чимээнд хэчнээн мэдрэг, энэхүү мэдрэмж нь урт удаан хугацаанд үргэлжилдэг болохыг дараах жишээ тодруулж байгаа юм.

Нэгэн эмэгтэй жирэмснийхээ долоо дахь сартайдаа амьтны хүрээлэн үзжээ. Арслангийн хэвтэж байгаа газар очтол амьтдын асрагч тэдэнд хоол өгч байв. Арслангууд махны үнэр авангуутаа чанга дуугаар хүрхрэн архиралдана. Хүрхрэх чимээ маш чанга байсан төдийгүй энэ үед жирэмсэн эхийн хэвлийд дэх хүүхэд ихээхэн тавгүйтэн хүчтэй тийрч эхэлсэн байна. Эмэгтэйн бие ч эвгүй болж тэднээс бушуухан холджээ. Энэ үеэс хойш хэдэн жилийн дараа  буюу уг эхийн хүүхэд 7 настайдаа дунд зэргийн сонсголтой болох нь шинжилгээгээр тодорсон байна.  Тухайн хүүхэд ном болон зурагтаас арслангийн зураг, дүрс хараад маш их айдаг байв.

Чанга дуу чимээ, нүргээн нь эхийн хэвлий дэх урагт сөргөөр нөлөөлсөн тохиолдол олон байдаг. Ээжийгээ дуу чимээ ихтэй, дайн байлдаантай кино, үзвэр үзэж суухад хэвлий дэх хүүхэд тавгүйтэх магадлалтай тул иймэрхүү үзвэр, дуу чимээнээс аль болох татгалзаж байх нь зүйтэй.

ХАРАХ

Ургийн хөгжлийн 26 дахь долоо хоногт бяцхан үр тань гэрлийг мэдэрнэ. Хэвлийн хэсгээр гэрэл тусгахад зүрхний лугшилт нь өөрчлөгддөг. Түүгээр ч зогсохгүй үүнийг хэвлий дэх ургийн эрүүл байдлыг шалгах тест болгон ашигладаг байна. Тайлбарлахад бэрх ч хэвлий дэх үр тань нүдээ аньсан мэт байгаа хэдий ч хэвлий рүү орох тарианы зүүг мэдэрдэг бөгөөд өөрийгөө хамгаалахын тулд ухрах буюу зүүг тийрч холдуулах гэж оролддог байна.

Жирэмсний 20 дахь долоо хоног дээр хэвлий дэх хоёр ихэр бие биеэ тэмтрэн олж нэг нь нөгөөгийнхөө хацарт хүрэх эсвэл нэг нэгнийхээ гарыг барьж авах нь бий.

Хэвлий дэх бяцхан үр тань зовж шаналахдаа уйлдаггүй, харин үүнийгээ биеийн хөдөлгөөнөөрөө, амьсгал авах тоогоороо эсвэл ялгаруулах гормоны хэмжээний өөрчлөлтөөрөө илэрхийлдэг байна.

Ээж нь аавтай нь бэлгийн харьцаанд орох үед хэвлий дэх ургийн зүрхний цохилт минутад 30-иар нэмэгддэг. Эх жижигхэн шилэн аягаар архи уухад ургийн амьсгал авах идэвх 3-30 минутын хооронд тогтворгүй харьцаатайгаар зогсох хэмжээнд хүрдэг. Эхийн хэвлий дэх архины хэмжээ буурах тусам ургийн амьсгаа авах хөдөлгөөн нь ч хэвийн хэмжээндээ ордог. Судлаачид ургийн нүдний хурдан хөдөлгөөнөөр зүүдэлж байгааг нь 23 дахь долоо хоног дээр нь ажиглажээ. Жирэмсний 5 дахь сараас төрөх хүртэлх хугацаанд ургийн зүүдний нягтрал төрсний дараах зүүдний нягтралаасаа илүү байдаг ажээ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх