fbpx

Ээж, аавуудад

image

Нийслэлийн сурагчид 49 хоногийн урт амралт авахаар Боловсролын яам журамласан. Энэ амралт ирэх даваа гарагаас эхэлж байна. Хүйтний улиралд ханиад томуугийн дэгдэлтээс сэргийлэх, агаарын бохирдлоос холдуулах гэсэн энэ амралтаар бид юуг анхаарах ёстой вэ.

СУРАГЧДЫН АМРАЛТААР АГААРЫН БОХИРДОЛ БУУРАХ УУ?

Буурахгүй харин ч нэмэгдэх магадлалтай.

“Хүүхдүүд маань хичээлдээ явчихаар хэсэгтээ гал түлэхгүй байж болдог юм. Харин одоо хүүхдүүдээ амрахаар өдөрт гурав, дөрвөн түмпэн нүүрс хийх байх” хэмээн хоёр хүүхдийн ээж н.Цэвэлмаа ярьж байна. Үнэхээр ч хүүхдүүд нь өдөрт гэртээ байхаар тэднийгээ дааруулахгүйн тулд галлах нь ойлгомжтой.

Нэгэнт агаарын бохирдол нэмэгдэх тул таныг ажлаа хийж байх зуур гэртээ үлдэх багачууддаа гадуур гарахаар бол маск зүүж байхыг зааж, маск худалдан авч өгөөрэй.

ГЭРТЭЭ ҮЛДСЭН ХҮҮХДЭД ГАЛЫН АЮУЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ

Зөвхөн 2018 онд 73 хүн гэртэйгээ шатаж амиа алдсан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Хүүхдүүд нь амарсан ч эцэг, эх нь амарч чадахгүй тул хүүхдүүдээ гэрт нь үлдээгээд хоолны мөнгөө залгуулах ажлаа хийхээс аргагүйд хүрнэ. Өнөөх “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг л.

Ингэхдээ галын аюулгүй байдлаа сайтар хангаж, хүүхдүүддээ маш сайн захиж хэлэх хэрэгтэй. Гэрэл цахилгааны утсаа шалгах, халуун үнс нурмаа ил задгай хаяхгүй байх нь чухал. Хүүхдүүддээ галаар тоглохгүй, зуухнаас хол байхыг сануулж хэлээрэй.

УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ

Хүүхдүүдээ үлдээхдээ галаа түлж орхих нь ойлгомжтой. Гэвч энэ үед элдэв нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд угаартах эрсдэл учирч болзошгүй. Зөвхөн 2014-2016 онд 45 хүн угаартаж амь насаа алдсан байдаг. Дараах алхмуудыг хийхэд буруудахгүй. Үүнд:

  • Хүүхдүүдээ үлдээхдээ яаралтай холбогдох эцэг, эх, ах, эгч нарын бүгдийнх нь утасны дугааруудыг бичиж орхих. Бага насны хүүхдүүддээ утасны дугааруудаа цээжлүүлэх.
  • Зуухнаас утаа гарсан тохиолдолд яаралтай гэрээсээ гарч, том хүнээс тусламж гуйхыг хэлж сануулах. Мөн утсаар холбогдож, нөхцөл байдлыг илтгэхийг анхааруулах
  • Шаардлагатай утасны дугаарууд болох 102 /цагдаа/, 103 /түргэн тусламж/, 105, 101 /гал гарах болон эрсдэлтэй үед дуудах Онцгой байдлын албаны утас/, 108 /хүүхдийн тусламжийн утас

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Хөвсгөл аймагт гэртээ дүүтэйгээ хамт байсан 8 настай охиныг чирч гарган ууланд аваачиж хүчиндсэн хэрэг гарч байсан. Тиймээс хүүхдүүдээ болж өгвөл харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг сануулж байна. Хэрвээ үнэхээр харгалзах хүнгүй үлдээх бол мөн л анхааруулах зөвлөмжүүдийг заавал өгөөрэй. Үүнд:

  • Танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх. Таньдаг ч гэлээ ээж, аав нь л биш бол өөр найз нөхөд гэх мэт хүмүүст хаалгаа тайлж өгөхгүй байхыг анхааруулах.
  • Цахилгааны төлбөр бичих гэж байна, хорооноос явж байна гэх мэт тохиолдлуудад ч хаалгаа тайлж өгөхгүй байхыг анхааруулах. Учир нь гэмт хэрэгтнүүд ийнхүү нэр барьж гэмт үйлдэл хийдэг.
  • Олон нийтийн сүлжээнд "ганцаараа байна" гэх мэтээр сэдэл өгсөн пост оруулахгүй байхыг анхааруулах. /Ээжийнхээ фэйсбүүкийг ашигласан охин "найз нь" гэж хэлсэн этгээд дээр очиж, хүчиндүүлсэн хэрэг гарч байсан/

Түүнчлэн эцэг, эхчүүд та бүхэн олон нийтийн сүлжээнд /фэйсбүүк, твиттер гэх мэт/ “хүүхдүүдээ орхиод гараад ирсэн санаа зовоод болдоггүй” гэх зэргээр гэмт хэрэгтнүүдэд сэдэл өгөх пост хуваалцахгүй байхыг анхааруулж байна.

Гадны хүнд хаалга онгойлгохгүйн тулд зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нууц үгтэй болох нь зүйтэй. Нууц үгээ хэлсэн тохиолдолд л хаалгаа тайлах тохиролцоог хүүхэдтэйгээ хийгээрэй.

Гэх мэт олон анхаарууштай зүйлийг хүүхдүүддээ заавал хэлж өгөөрэй.

Сэтгүүлч М.Жаргал

X
Нэвтрэх