fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал болон хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт, хохирогч юунд анхаарах, иргэд ямар үүрэгтэй талаар Цагдаагийн ерөнхийл газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗӨРЧИЛ БУСАД ЗӨРЧИЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ШИЙТГЭЛ НЬ ӨНДӨР. 7-30 ХОНОГИЙН БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛТЭЙ

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд  цагдаагийн байгууллага ямар түвшинд ажиллаж байна гэж дүгнэх вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн үндсэн үзэл баримтлал нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг.

Мөн төрийн байгууллагуудын хоорондын эрх үүргийн зохицуулалт, уялдаа холбоо, бусад хамгаалалтын үйл ажиллагаа, эрх зүйн хамгаалалтын зохицуулалтууд орсон. Хууль хэрэгжиж эхлээд цагдаагийн байгууллага их боломжийн ажиллаж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл болгонд очиж аюулгүйн зэргийн үнэлгээ хийж байна. Гэмт буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил бусад зөрчилтэй харьцуулахад шийтгэл нь өндөр. 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулдаг.

-Ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?
-Хуулийн хэрэгжилт Улаанбаатар хотод харьцангуй боломжийн. Харин орон нутагт, ялангуяа суманд яригдаж байгаа гол асуудал нь хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний хүрэлцээний асуудал яригддаг. Хоёрдугаарт, хамтарсан багийн үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал бий. Энэ хоёр асуудалд тодорхой хэмжээний хүндрэлүүд гарч байна.

Ялангуяа суманд хэсгийн төлөөлөгч цагдаа нь хүчирхийлэлд өртсөн хохирогчийг авч явахаас илүүтэй хүчирхийлэл үйлдсэн этгээдийг авч яваад аймгийн төв дээр аваачиж, шүүхэд баривчлуулах шийтгэл оногдуулах нь түгээмэл байна. Харин хохирогч гэртээ л үлдэж байна. Хүчирхийлэл үйлдэгч баривчлах шийтгэлээ эдэлж гарч ирчихээд буцаж гараад дахиж хүчирхийлэл үйлдэх эрсдэл нь байна.

Баривчлах шийтгэл эдэлж байхдаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдаад зан үйл нь өөрчлөгдөж байна уу гэдэг нь маш том асуудал. 7-30 хоног баривчлуулсан үедээ зан үйл нь шууд өөрчлөгдөөд гарч ирнэ гэдэг нэлээн хомс.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн 50-60 хувийг ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна.

-Зан үйлд  нөлөөлөх сургалтад зөвхөн баривчлагдсан үедээ суудаг юм уу?
-Зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын сургалт гэж байдаг. Албадан сургалт нь баривчлах шийтгэл оногдуулсан үед баривчлах байранд сууна. Сайн дурын сургалтад хүчирхийлэл үйлдэгч өөрийн ухамсраар “Би ер нь хүчирхийлэл үйлдээд байна. Зан үйлээ өөрчлөхгүй бол болохгүй юм байна” гэдэг үүднээс сэтгэлзүйч болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага руу хандаад сургалтад хамрагдаж болдог. Хувь хүн өөрөө сайн дураараа ийм сургалтад хамрагдаж байгаа явдал Монголын нөхцөлд ховор байна. Ялангуяа орон нутагт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг иргэд болон ТББ хомс байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН 90 ХУВЬД НЬ ХОХИРОГЧ ӨӨРӨӨ ГОМДОЛ ГАРГАСАН БАЙДАГ. ХӨРШ НЬ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

-Хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх үүргийг иргэд хэрэгжүүлж чадаж байна уу?
-Хуульд бүх шатны эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллагын ажиллагсад, төрийн байгууллагын алба хаагчид, иргэд гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг.

Гэвч энэ нь хэрэгжихгүй байна. Тухайлбал, тухайн байранд, гудамжинд, хажуу хөрш айлд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байхад иргэд мэдээлэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалганы цаана үйлдэгдэнэ. Иргэн хөндлөнгөөс мэдээлэхгүй бол цагдаагийн байгууллага төдийлөн шууд илрүүлэх боломжгүй байдаг. Гэр бүлийн нууцтай холбоотой. Гэр бүлийн гишүүдийн нандин харилцааг хөнддөг болохоор үүнийг мэдээллээр л илрүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн 90 хувьд нь хохирогч өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг. Гомдол гаргахдаа өөрөө хохироод, зодуулаад, аргаа барсандаа мэдээлж байна гэсэн үг. Түүнээс хөндлөнгийн хөрш айл нь үүргээ биелүүлэхгүй байна.

Хүчирхийллийн үйлдэл болгоныг мэдээлэхгүй бол хохирогч тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч  байна гэсэн ойлголт төрүүлдэг

-Хохирогч дуудлага өгөөд хүчирхийлэл үйлдэгчийг цагдаад өгсний дараа дараагийн заналхийллээс айгаад дуудлага өгч чаддаггүй гэдэг?
-Хохирогч  хүчирхийлэл үйлдэгчийн заналхийллээс айгаад цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй байна. Хоёрдугаарт 7-30 хоногийн баривчлах шийтгэл авчихаар эдийн засгийн хараат байсан хүмүүс, хөдөө орон нутагт мал малладаг хүн нь 7-30 хоног гэрээсээ явчихаар “энэ ерөөсөө бүтэхгүй хуулийн зохицуулалт байна” гээд мэдээлэхээс татгалздаг.

Хүчирхийллийн үйлдэл болгоныг мэдээлж, шалгаж шийдвэрлэхгүй, хохирогч үйлдлийг нь хүлээн зөвшөөрөөд, зөв гэж ойлгогдох юм бол олон улсад Стокгольмын синдром гэгддэг дасан зохицох байдлыг бий болгодог.

Эцсийн дүндээ хохирогчийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учирч, улмаар амь насаараа хохирох, эсвэл хохирогч өөрөө тэсэхээ болиод хариу үйлдэл үзүүлж гэмт хэрэгтэн болж, Эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсдэг.

-Хохирогч хүчирхийлэгчийг тусгаарлах хуулийн заалт хэр зэрэг хэрэгжиж байна вэ?
-Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд очоод эхний ээлжид аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Аюулын зэргийн үнэлгээ нь хохирогчийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлийг тодорхойлдог. Хохирогчид ийм эрсдэл учрахаар байвал цагдаагийн алба хаагч харьяалал харгалзахгүйгээр түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвд хүргэх ажлыг зохион байгуулна.

Хүчирхийлэл үйлдэгч согтуурсан, мансуурсан байвал албадан эрүүлжүүлдэг. Мөн хүчирхийлэл үйлдэхдээ ашигласан зэвсэг болон бусад эд зүйлсийг хураан авах зэрэг бусад хуульд заасан тодорхой эрх үүргийг хэрэгжүүлдэг. Бодит байдалд хохирогч ихэвчлэн ойр дотны ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ асрамж халамжинд үлддэг.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түр хамгаалах байранд цагдаагийн байгууллага зөвхөн 2018 онд л гэхэд 84 гэр бүлийн 203 иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, эрсдэлийн үнэлгээ хийж, бүртгэл судалгаанд авч ажилласан.

Цагдаагийн байгууллагын 107 тусгай дугаарын утсанд нийт 8886 иргэн хандсанаас 1832 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд, 7054 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө болон бусад зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Сэтгэл зүйн зөвлөгөө авсан 1832 иргэний 1408 нь Улаанбаатар хот, 300 нь хөдөө орон нутаг, 124 нь тодорхой хаяггүйгээр мэдээлэл авсан байна.

-Хүчирхийлэгчийг хохирогчтой уулзуулахгүй байх шийдвэр гарсан тохиолдолд хохирогчийн байгаа газар очоод байвал ямар арга хэмжээ авдаг вэ?
-Тухайн албадлагын арга хэмжээг зөрчвөл хүчирхийлэл үйлдэгчийг шат дараалсан таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болно.

-Тэгэхээр дараагийн шатанд ямар арга хэмжээ авна гэсэн үг үү?
-Нэгдүгээрт энэ албадлагын арга хэмжээг зөрчөөд байсан гээд дараа нь дахиж хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй тул тэрийг нь дахиж шалгана. Шүүх шийтгэл оногдуулахдаа хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болгож авч үзэж болно.

102, 107 дугаарын утсаар мэдээлэл өгөхөөс гадна өөрийн биеэр тухайн хороо, хэсэг болон өөрийн зорчиж байгаа газрын цагдаагийн байгууллагад шууд хандах эрхтэй.

-Бодит байдалд хуулийг хэрэгжүүлээд явахад ийм зохицуулалт хийгээсэй гэсэн санал бодол гардаг уу?
-Мэдээж хууль хэрэгжүүлээд явахад практик дээр хүндрэл бэрхшээл гарна. Ихэвчлэн мөнгө санхүү, эдийн засгийн хамааралтай зохицуулалтууд байдаг. Түүнээс бид хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Нэмэлт өөрчлөлт оруулах бол эрх бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамандаа цагдаагийн төв байгууллагаас саналаа л хүргүүлдэг. Яг одоо хуулийн хүндрэл биш бид хэрэгжүүлэхийн төлөө нутаг дэвсгэр буюу төв, орон нутгийн цагдаагийн байгууллага ажиллаж байна.

-Хүчирхийлэлд өртсөн хүн хаана хэнд хандах талаар зөвлөгөө өгвөл?
-Хүчирхийлэлд өртөж хохирсон хүн, хүчирхийлэл заналхийлж байгаа нөхцөлд нэгдүгээрт 102 болон 107 дугаарын утсанд шууд мэдээлэх боломжтой. Түүнчлэн өөрийн биеэр тухайн хороо, хэсэг болон өөрийн зорчиж байгаа газрын цагдаагийн байгууллагад шууд хандах эрхтэй.

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг харьяалал харгалзахгүй хүлээж авна гэж хуульд заасан байдаг. Жишээ нь, Улаанбаатар хотод хүчирхийлэлд өртөж хохирчихоод Баян-Өлгий аймагт аавындаа, эсвэл Хэнтий аймагт ахындаа очсон байж болно. Тэгвэл Улаанбаатар биш Хэнтий, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт шууд гомдол гаргах эрхтэй. Гэр бүлийн хүчирхийллийн гол онцлог нь тэр.

Цагдаагийн байгууллагад мэдээлж, нэгдүгээрт гэм буруутай эсэх асуудлыг шалгуулах, тэрний дараа эмнэлэг, хууль зүй зэрэг бусад зөвлөгөө авч, холбон зуучлах замаар хамтарсан багийн үйлчилгээ авах боломжтой. Цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгаа учраас мэдээлэхгүй бол тэр болгонд цагдаагийн байгууллага гүйж очоод мэдэх боломж байдаггүй.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 16,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Улсын хэмжээнд 2018 онд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс 1070 буюу 0.3 хувийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 16,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн 1018 буюу 95,1 хувийг хөнгөн, 52 буюу 4,9 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байна. 55 хувь нь Улаанбаатарт, 45 хувь орон нутагт үйлдэгдэж байна.

Энэ гэмт хэргийн 382 буюу 35,7 хувь нь согтуугаар үйлдэгдэж байна.  Ихэвчлэн гэр орон сууцанд үйлдэгдэж байна. 2018 онд гэр бүлийн хүчирхийлэлд 797 иргэн өртөж хохирсны 738 буюу 92,4 хувь нь эмэгтэй, 51 буюу 6,4 хувь нь хүүхэд, 1,2 хувь нь эрэгтэй хүн  байна.

Насны хувьд 25-29 нас, 30-34, 40-44 насныхан ихэвчлэн өртөж байна.

  • 50-54 насны эрэгтэй хоёр, эмэгтэй 34.
  • 55-59 насны эрэгтэй хоёр, эмэгтэй 12 хүн,
  • 65-69 насны эмэгтэй хоёр, 60-64 насны эрэгтэй хоёр, эмэгтэй долоон хүн хохирсон.
  • 70-аас дээш насны эрэгтэй хоёр, эмэгтэй найман хүн өртсөн.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас таван хүн амиа алдаж, 675 хүн гэмтсэн.

Зөрчлийн хувьд 2018 онд 5821 буюу нийт зөрчлийн 0,3 хувь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн. Зөрчил гаргасан 76 хүнд 10,7 сая төгрөгийн торгох шийтгэх, 3680 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх