fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхдийг ивээх сангаас "Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя!" уриан дор хүүхэд хамгаалал, хөгжил, эрүүл мэндийн сэдвүүдээр өчигдөр /2019.04.30/ Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй цогц арга хэмжээний үндсэн хэсэг юм. Мөн энэ арга хэмжээ Хүүхдийг ивээх сангийн 100 жилийн ой, Монгол дахь салбарын 25 жилийн ойн нээлт болж буйгаараа онцлог. Арга хэмжээг нээж Хүүхдийг ивээх сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Фрэдрик Кристофер үг хэлсэн бөгөөд урлагийн тоглолт, флаш моб зэрэг үзүүлбэр цугларсан хүмүүсийг хөгжөөж байв.

Зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд хүүхдийн чиглэлээр ажилладаг, гэр бүл, хүүхэдтэй ажилладаг зөвлөхүүд бодит амьдралд үргэлж тулгардаг нэн чухал 21 сэдвээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө.

ЗАРИМ ТОО БАРИМТУУД

Манай улс хүүхдийн эсрэг сэтгэл санаа, бие махбодын шийтгэлийг бүх орчинд хориглож чадсан Зүүн Өмнөд Азийн анхны орон болсноос хойш гурван жил өнгөрчээ. Гэвч сурган хүмүүжүүлэх нэрийдлээр хүүхдэдээ гар хүрэх явдал Монголын нийгэмд зөвшөөрөгдсөн хэвээр байгааг саяхны тоо баримтууд, сэтгэл шимшрүүлсэн хэргүүд нотолж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн хүүхэд бие махбодын шийтгэл, хүчирхийлэлд өртлөө гэсэн дуудлагын тоо:

  • 2018 онд 783
  • 2019 оны зөвхөн эхний 3 сард 401

2016 онд хийгдсэн "Хүүхдийн эрхийн мэдлэг, хандлага, хэрэгцээ" судалгааны дүнгээс харахад хүүхдэд хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр судалгаанд хамрагдсан хүүхдүүд хэнийг нэрлэснийг харна уу:

  • Дээд ангийн хүүхэд 47,6%
  • Хойд ээж, аав 38,6%
  • Үе тэнгийнхэн 38,4%
  • Багш 15%
  • Эцэг эх, асран хамгаалагч 12,4%

Хүүхэд зодуулж шийтгүүлснээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахиж зодуулах вий гэсэн аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй хүн болж өөрчлөгддөг. Эсвэл аливааг хүчээр шийдэх хандлагатай, түрэмгий догшин болж хувирдаг. Цаашлаад сурах чадвар муудах, өсвөр насандаа архи тамхи, мансууруулах бодист донтох хандлагатай болдог гэдгийг олон судалгаа нотолжээ.

Мөн эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ гэж Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан байдаг.

ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Хүүхдийг ивээх сан нь анх 1919 онд Их Британи улсад байгуулагдсан ба дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг зуун жилийн түүхтэй хүүхдийн эрхийн бие даасан байгууллага юм. 1994 онд Монгол улсад хөтөлбөрөө нээснээс хойш монголын хүүхдүүд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн сайн сайхан, аюулгүй байдал, боловсролын төлөө анхаарал тавин ажиллаж, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хориглоход нөлөөлж, хүүхдийн эрхийг ханган хамгаалахад тууштай хувь нэмэр оруулж байна.

Гэрэл зургийг Э.Батзавъяа

X
Нэвтрэх