fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалдаг, хамгаалах байрны орчин, нөхцөл ямар байгааг нүдээр үзэхээр бид Хүүхдийн тусламжийн утас 108-ын түр хамгаалах байрыг зорилоо.

Юуны өмнө “Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-т очиж ерөнхий мэдээллээ авсан юм. Хүүхдүүдийг хамгаалах үүднээс 108 хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвийн байршлыг нь дэлгэдэггүй, нууцалдаг тул эхлээд бидэнтэй нууцлалын гэрээ хийв.

“Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дэд дарга Б.Халиун Дэлхийд хохирогчид үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэх буюу төрийн бус байгууллагаар дамжуулан мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бий. Энэ нь төсвийн мөнгийг хэмнээд зогсохгүй төрийн бус байгууллагуудыг бойжуулдаг.

Тиймээс өнгөрсөн жил бид ТББ-ыг магадлан итгэмжлэх зөвлөл байгуулж, зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан нэг байгууллагыг сонгон авсан” гэв.

Тухайн сонгож авсан байгууллага нь “Үжин” ТББ бөгөөд өдгөө “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв” нэртэйгээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, эмчлэх үйлчилгээ үзүүлж байгаа юм. “Монголын төр өнөөг хүртэл төрийн бус байгууллагадаа итгэл хүлээлгэж байгаагүй. Гэхдээ төр тухайн байгууллагад 100 хувь санхүүжилт өгч чадахгүй учраас “Үжин” төвийн санхүүгийн асуудал тун хүнд байгаа” гэж Б.Халиун нэмэв.

ЖИЛД 250 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ 108 УТАСНЫ ХАМГААЛАХ БАЙР ӨНГӨРСӨН ОНД 995 ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖЭЭ

Ингээд бид 108 хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвд ирлээ. Яг л цэцэрлэгт орж ирж буй мэт тохижуулсан гэгээлэг хонгил, анги танхим биднийг угтлаа. 108 тусламжийн утас гурван шугамаар дуудлага хүлээн авдаг. Ачаалал ихтэй үед дөрөв, тав дахь дуудлагуудыг шууд хүлээн авах боломж байдаггүй ч залгасан дугаар програмд хадгалагддаг тул эргүүлэн залгадаг гэж оператор нь ярьсан юм. Дуудлага хүлээн авдаг оператор, харуул, үйлчлэгч, асрагч, сэтгэл зүйч нар нийлээд тус төвд 16 хүн ажилладаг байна.

108 утасны түр хамгаалах байрыг 2016 онд байгуулахдаа 22 ортой жилд 150-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэж тооцоолсон. Гэтэл 2018 оны байдлаар 995 хүүхдэд хамгаалан байршуулах үйлчилгээ үзүүлсэн байна.

108 хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвийн Ахлах нийгмийн ажилтан Т.Мөнхсайхан “Ихэвчлэн 12-14 насны эмэгтэй хүүхдүүд багш, үе тэнгийнхэн, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө авахаар залгадаг. Бид өдөрт 400-500 орчим дуудлага хүлээн авч дуудлагын хариуд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очдог ба шаардлагатай бол түр хамгаалах байрандаа авчирдаг. Хүүхэд хүчирхийлэлд өртөж байх үед ихэвчлэн хөршүүд нь дуудлага өгдөг боловч дийлэнх тохиолдолд хүчирхийлэл болсны дараа хүүхэд өөрөө дуудлага өгдөг. Гэхдээ мэдээж хүүхэд шууд өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэж ярьдаггүй. Эхлээд “манай найз, таньдаг хүүхэд” зэргээр төлөөлүүлдэг.” хэмээн хэлэв.

Хүүхдийн эрх зөрчигдөж буйг хөндлөнгийн хүн мэдээлэх нь нэмэгдэж байна

Хүүхдийн эрхийг зөрчиж буй байдлыг хөндлөнгийн хүн мэдээлсэн тохиолдол

  • 2016 онд 29 хувь
  • 2017 онд 46 хувь
  • 2018 онд 54 хувьтай байсан ба энэ тоо 2019 онд 60 хувьтай болж өсөх хандлагатай байгаа нь сайн хэрэг гэж “Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-аас үзэж байгаа аж.

“Унтлагын цаг нь юм уу?” хэмээн сэтгүүлч асуухад “Ирээд удаагүй байгаа юм. Бид ирсэн эхний нэг, хоёр өдөр нь юу ч асуулгүй унтуулж амраадаг. Хүүхэд маш их айдастай ирдэг тул ингэж сэтгэл санааг нь тайвшруулах хэрэгтэй” гэж асрагч хариуллаа.

108 утасны түр хамгаалах байранд 2018 онд 995 хүүхэд үйлчлүүлснээс 821 хүүхдийг 108 утасны тусгай хамгаалалтын машинаар зөөвөрлөн авчирсан байна. Тэдгээрээс 34 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байжээ.

Барилгын хоёр давхарт байрлах 108 утасны дуудлага хүлээн авах операторуудын өрөөнд орсны дараа гурав дахь давхар уруу гарлаа. Энд түр хамгаалах өрөөнүүд байрладаг аж. Сургуулийн насны тэрсхэн хүүхдээс ой хүрээгүй балчир хүүхэд хүртэл энд байв.

Тус төвд үйлчлүүлсэн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь гэр бүл, хамтарсан багийн шийдвэрээр эргэн гэртээ очдог бол бусад хүүхдийг халамж, асрамжийн төвүүдэд холбон зуучилсан байна.

Хоорондоо алхмын зайтай байрлуулсан 10 гаруй ортой нэгэн өрөөнд орж үзлээ. Хүүхэд хэвтээгүй ор гэж энд байхгүй бөгөөд зарим дээр нь бүр хоёроороо байгаа харагдана. Тэд бүгд унтаж байлаа. “Унтлагын цаг нь юм уу?” хэмээн сэтгүүлч асуухад “Ирээд удаагүй байгаа юм. Бид ирсэн эхний нэг, хоёр өдөр нь юу ч асуулгүй унтуулж амраадаг. Хүүхэд маш их айдастай ирдэг тул ингэж сэтгэл санааг нь тайвшруулах хэрэгтэй” гэж асрагч хариуллаа.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Г.Шүрэнцэцэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүтэц, орон тоо, үйл ажиллагаа нь батлагдахдаа 24-168 цагийн үйлчилгээ үзүүлнэ гэж заасан. Гэвч хүүхдүүдийн асуудал тийм хурдан шийдэгдэхгүй учраас дунджаар 1-2 сарын хугацаанд байрлуулдаг” гэж ярив.

Өөр хэд хэдэн өрөөнд ороход мөн л хүүхдүүд байх агаад байрны гаднаас олсон гэх, нэр нь тодорхойгүй, ой ч хүрээгүй бяцхан хүүхэдтэй бид танилцаад амжив.

Үргэлжлэл бий...

А.Эрхэмбаяр

X
Нэвтрэх