fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийнхээ унших номын агуулгад ямагт хяналт тавьж байгаарай. Цаашлаад агуулгадаа зөв хүмүүжил, дадлыг сургасан зохиолуудыг уншиж өгөх нь тэдний ой ухаанаас арчигдалгүй үлддэг.

Тухайлбал зохиолч С. Удвал "Одгэрэл" тууждаа: "Миний ижий их хатуу хүн байжээ гэж заримдаа надад санагддаг юм. Намайг арван гурав, дөрөв хүрээд байх үед бүр ч хатуу болж байжээ. Хар багаасаа аваад сурсан заншил маань улам нарийсаад  л байсан. За жишээ нь, өглөө босоод гэрээсээ гарахад толгойгоо сэгсийлгэж гарч болдоггүй, ер нь нөмгөн явж болохгүй. Ах хүмүүсийн яриаг чагнаж болохгүй. Ярианд нь оролцож болохгүй. Танихгүй хүний дэргэд хамаагүй инээж болохгүй. Хормой сул тавьж задгай сууж болохгүй. Ах настай хүний дээд талд гарч сууж болохгүй. Үдэш орой болтол айл хэсэж болохгүй гэдэг. Ийм "болохгүй" маш олон байсан. Аль нэгийг зөрчвөл аальгүй, аашгүй, журам дэглэмгүй гэж зэмлэдэгсэн. Суниах, эвшээх, хэвтээгээрээ дуулах, гараа ар шилдээ зөрүүлэх, нуруугаа үүрэх цөм хориотой. Ийм сургаалыг жагсааж бичвэл лав зуу хүрэх байх. Аа, бас эрэмдэг зэрэмдэг хүнийг элэглэж болохгүй, их, бага ямар ч хүнийг шоолж болохгүй. Ядарсан зовсон хүний дэргэд инээж болохгүй, тийм хүнд заавал тус хүргэж бай гэдэгсэн.

Ийм сургамжийг надад зүгээр сууж байгаад сургаж ярьдаггүй, заавал нэг шалтаг олж, эсвэл өөр хүүхдээс жишээ авч, эсвэл тайлбарлаж хэлж өгдөгсөн" гэж Одгэрэл бага залуу насныхаа хүмүүжлийг дурсдаг. Эндээс үзэхэд монгол айл гэрт хүүхэд хүмүүжүүлэх нийтлэг арга ийм л байсан бөгөөд монгол хүүхэд бүхэн аав ээжээсээ дээрх сургаал үг, хорио цээрийг сонсож даган биелүүлсээр иржээ.

Иймд хорио цээр нь хүний зөв сайн явдлыг заасан, буруу муу явдлыг шүүмжилсэн байх учраас сурган хүмүүжүүлэх чухал учир холбогдолтой байна.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх