fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Сэтгэл судлалын үндэсний төвд өдөрт 200 гаран дуудлага ирдгээс 50 орчим хувь нь хүүхэдтэй холбоотой дуудлага байдаг аж.

Хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрч байна гэдэг нь асуудал үүсээд удсаны илрэл

Эцэг эхчүүдийн дийлэнх нь “Манай хүүхэд нэг л өглөө босоод ирсэн тоглоомонд донтсон байна яах вэ, хүүхэд маань миний үгийг ерөөсөө хүлээж авахгүй байна, хайрын захиа зөөж байна, юм үнэрлэдэг болсон байна” гэх зэрэг асуудлыг хэлж, яах талаар зөвлөгөө хүсдэг гэв.

Хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрч байна гэдэг нь асуудал үүсээд удсаны илрэл. Дуугарахаа болих, уурлах, гадуур тэнэх гэх мэт бол хүүхдэд асуудал тулгараад удсаны илрэл юм байна.

Томчууд бид сэтгэл гутралд орохоор нойр хүрэхээ больдог, өлсөж байгаа хэр нь хоол орохгүй байхтай адилхан гэнэ. Гэхдээ хүүхдэд шинж тэмдэг илрэх нь амархан учраас засрах боломж өндөр, ахиц авахдаа хурдан байдаг аж.

ТАРХИНЫ ГЭМТЭЛ АНХААРАЛ ТӨВЛӨРӨХГҮЙ, ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ УДААШРАХ ЗЭРГЭЭР ИЛЭРНЭ

Та хүүхдээ ямар аргаар хүмүүжүүлж байна вэ?

Хүүхэд хүмүүжлийн олон арга байдаг ч үүнээс урьтаад та ямар аргаар хүмүүжсэн бэ, таныг хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ гэдэг тун чухал. Эцэг эх тань таныг урамшуулж, хайрлаж, эрхлүүлдэг байсан уу эсвэл загнаж, зодож, айлгадаг байсан уу гэдэг тун чухал байх нь.

Хүмүүжлийн алдаанаас дараах эрсдэл үүсдэг.

  • Насан туршийн таагүй мэдрэмж буюу комплекс.
  • Бие махбодийн хөгжил удааширна
  • Тархины хөгжил удааширна
  • Эрсдэлтэй үйлдэл хийнэ
  • Зан байдал өөрчлөгдөнө
  • Харилцааны асуудалтай болно.

Орчны байдал хүний сэтгэлзүй болон хүний тархинд маш чухал нөлөөтэй учраас та хүүхдээ гэр бүлийн тайван орчинд байлгах нь зүйтэй. Хүчирхийлэлд өртөх нь хүний тархийг өөрчилдөг. Хүчирхийлэл заавал цохих гэх мэт биеэр үйлдэхийг хэлдэггүй. Хамгийн аюултай хүчирхийлэл нь шарх нь үл аних буюу сэтгэлзүйн хүчирхийлэл. Тухайлбал “Чамайг юугаар ч дутаагаагүй байхад чи өөрийгөө хар. Муу сурлаа. Тэрнийг хар, илүү хичээ” гэх мэтчилэн.

Хамгийн аюултай хүчирхийлэл нь шарх нь үл аних буюу сэтгэлзүйн хүчирхийлэл

Гурван настай хүүхэдтэй эцэг эх долоо хоногт нэг удаа 10 орчим минут ам зөрдөг. Чанга дуугаар хэрэлдэх тэдний хажууд байгаа хүүхдийн тархинд гэмтэл учирдаг. Гэхдээ энэ гэмтэл эдгэрдэг. Хэзээ гэвэл дөрвөн долоо хоногийн турш хоорондоо нэг ч удаа хэрэлдэхгүй байхад тархины гэмтэл засарна. Тархины гэмтэл үйлдлээр илэрдэг. Тухайлбал, анхаарал төвлөрөхгүй байх, шийдвэр гаргаж чадахгүй байх, хэл ярианы хөгжил удаашрах, уураа барих чадваргүй, хэт дурламтгай болох, бусдаас хамааралтай байх гэх мэтээр илэрнэ.

Хүний сэтгэлзүйд үүссэн гэмтэл засрах гэж маш их хугацаа зарцуулна. Нэг бол сайн сэтгэлзүйчид хандаж нэг бол сайн ханьтай учраснаар засрах боломжтой аж.

Хүүхэд сэтгэл санаагаар унах бүрд улам томорч хүрээгээ тэлдэг. Тиймээс хүүхдэд багад нь сэтгэл санааны гэмтэл учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэдгийг Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн хэлж байна.

Тэрбээр “Нэг удаагийн маргаан, чанга дуу чимээ гаргах зүйл байлгүй яах вэ. Гэтэл нэмэгдэх тусам энгийн зүйл юм байна гэж ойлгодог. Эрэгтэй хүүхдийн оргил цэг нь аав учраас аав нар маш сайн үлгэр дуурайл болох ёстой. Асуудал шийдвэрлэх замыг аав нь зөв олгоогүйгээс хожим насанд хүрээд бухимдах үедээ аав нь ээжийг нь зоддог байсан бол яг энэ үйлдлийг гаргах магадлал ихэсдэг. Хүчирхийллийн тойрог гэдэг нь асуудлыг шийдвэрлэх замыг зааж өгөөгүйгээс бэлэн загварыг ашиглаж байна гэсэн үг” хэмээн тайлбарласан юм.

ХАМГИЙН ЗӨВ ШИЙТГЭЛ БОЛ ДУРТАЙ ЗҮЙЛИЙГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУУРУУЛАХ

Хүний сэтгэлзүйг насаар нь маш олон төрөлд хуваадаг ч монгол хүүхдэд ашиглаж болох загвар дараах нас зүйн үечлэл. Үүнд:

  • 0-1 нас: Орчиндоо итгэх ба үл итгэх үе
  • 1-3 нас Бие даах ба ичих эргэлзэх мэдрэмж
  • 3-6 нас Санаачилга ба буруутай мэдрэмж
  • 6-12 нас Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуугийн мэдрэмж
  • 12-16 нас Хүйсийн харьяалал ба зан үйлийг үл ойлгох
  • 16-18 нас Бэлгийн харилцааны сонирхол ба бусдаас тусгаарлагдах

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ тавдугаар ангиас доош хүүхдэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Дүн асууж болохгүй – Хэзээ ч дүн асууж болохгүй
  • Багшаар сүрдүүлж болохгүй – Сургуульдаа дургүй болох магадлал ихэсдэг
  • Шагнал, урамшуулал амлаж болохгүй – Бусадтай харилцахдаа барьцаалах харьцаатай болдог. Хөхөөр хооллосон хүүхэд бие даасан болдог бол угжаар хооллосон хүүхэд нөхцөл тавих нь их байдаг. Хариутай зүйл шаардаж эхэлдэг.
  • Зөвхөн хичээлийн агуулга ярилцана –Хичээл дээр юу болсныг ярихаас илүү агуулгын талаар ярилцах нь зүйтэй.
  • Мэдрэмж, хичээл зүтгэлийг асууна - “Ээж ээ би тоогоо бодож чадаагүй” гэвэл бодож чадахгүй үед ямар сэтгэгдэл төрсөн, асуудлыг хэрхэн даван туулсан талаар асуух хэрэгтэй. Хүн ямар ч нас хүйс, боловсрол үл хамааран стресст ордог. Хүүхэд цэцэрлэг, сургуульд явсан болон таны ажиллаж байгаа хоёр адилхан стресс үүсгэж байгаа. Хоёр настай хүүхэд хуруугаа хөхөж, үсээ зулгааж, шулганах нь стресстэж байгаагийн нэг хэлбэр.
  • Найзтай болохыг шаардаж болохгүй – Гуравдугаар анги хүртэл найзтай болдоггүй. Найзтай болсон ч тэр нь тогтвортой биш байдаг. Харин гуравдугаар ангиас хойш тогтвортой нөхөрлөж эхэлдэг.
  • Нээлттэй сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг шаардаж болохгүй- Кинонд тоглосон хүүхдийг хар ямар нээлттэй ярьж байна, чи ярь гэж болохгүй.

Хүүхдийг шагнал болон шийтгэлийн аргаар хүмүүждэг. Шагнал авах тусам хичээдэг ч энэ нь зорилттой хичээлт болдог. Шийтгэл зөв байвал шагналаас илүү тусдаг. Хамгийн зөв шийтгэл бол дуртай зүйлийг зохистой хэмжээгээр бууруулах.

Эцэг эхчүүд захирангуй нөлөөтэй ч хайрыг мөн хэрээр өгөх нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Ийм эцэг эхийн зан чанарт

  • Их шаардлага тавьдаг боловч тэр хэрээр хайр халамж өгдөг
  • Хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, дулаахан харилцаа үүсгэдэг
  • Хүүхдэдээ хэт хязгаарлалт, хориг тавьдаггүй
  • Үндэслэлтэйгээр асуудлыг шийдвэрлэх хандлагатай
  • Насанд нь тохируулан дүрмүүдийн цаад учрыг тайлбарлаж өгдөг
  • Хүүхдэдээ байгаа сайн чанаруудыг баталж ирээдүйн чиглүүлэгт нь жишиг өгч байдаг
  • Үгэн өгөө аваа болон хэлэлцээр хийхийг зөвшөөрдөг
  • Эцэг эхийн онцгой эрхээ мэддэг ч буруугаар ашигладаггүй
  • Буруу зүйл хийсэн үедээ хүлээн зөвшөөрдөг.

Хэрвээ та ингэж чадвал таны хүүхэд аз жаргалтай, цовоо, өөртөө итгэлтэй сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөр, нийгмийн харилцаа сайтай, хүйсийн ялгаатай чанаруудыг бага, эрэгтэй хүүхэд мэдрэмжтэй, эмэгтэй хүүхэд биеэ даасан болдог байна.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ “СУПЕР” БОЛГОХ ГЭЖ ХИЧЭЭН, ХҮҮХЭД НАСЫГ НЬ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА

Заавал мөрдөх долоон дүрэм:

  1. Зөв цагт унтуулж, өглөөний цай уулгаж хэвшүүл
  2. Бусадтай хэзээ ч бүү харьцуул
  3. Бусдыг хүлээн зөвшөөрдөг болгох
  4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сургах
  5. Өөрийн гэсэн зарчим, үнэт зүйлтэй болгох
  6. Том зорилго утга учиртай болгох
  7. Ямар нэг зүйлд үнэнд байхад сургах

Орчин үед эцэг эхчүүд хүүхдээ олон төрлийн чадвартай болгохыг зорих нь элбэг болсон. 07.00 цагт босоод балетандаа яваад, хичээлдээ очоод тарсныхаа дараа соробан санпин, англи хэлэндээ суугаад гээд тасралтгүй явсаар гэртээ харьдаг “супер” хүүхдүүд байдаг. Зарим талаараа энэ супер мэт харагдавч үнэндээ гамшиг. Ийм хүүхдүүдэд хүүхэд нас гэж байхгүй болдог.

Сайн тоглож байсан хүүхэд асуудлыг даван туулах чадвар өндөртэй, тогтвор суурьшилтай болж хүмүүждэг

Ингэж хүмүүжсэн хүүхдүүд хэдийгээр нэг талдаа чадварлаг болж хүмүүжиж байгаа мэт боловч эргээд нийгмийн харилцаанд орохдоо сул талуудтай болдог байна.

Хүүхдийг хүмүүжилд хамгийн чухал зүйл нь тоглох. Сайн тоглож байсан хүүхэд асуудлыг даван туулах чадвар өндөртэй, тогтвор суурьшилтай болж хүмүүждэг. Бага тоглох тусам хүний үг сонсдоггүй, дүрэм дагадаггүй, өөрийгөө хамгийн чухал нь гэж үнэлэх хандлага гардаг. Тоглох гэдэг суурь чадвар. Хамгийн сайн зуны даалгавар бол хамгийн сайн тоглосон хүүхэд. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд орох тусам хүүхэд бусадтай харилцах, дүрэмд захирагдах, зарчимтай болох хамгийн чухал сууриа тавьдаг гэдгийг сэтгэлзүйч Д.Лхамсүрэн хэлж байна.

Хүүхдийг яаж тоглож байгааг анзаарвал ямар дүртэй хүүхэд вэ гэдгийг анзаарч болно.

Хүүхэд тань манлайлагч уу, дүрэм зохиож байна уу, эсэргүүцэгч үү гэдгийг анзаарч болно. Хоёрдугаарт өөрийгөө хэр үнэлж байгааг бас анзаарах хэрэгтэй. Өөрийгөө үнэлдэггүй, юм сурдаггүй хүүхэд цаашдаа байнга дагуултай явдаг. Гуравдугаарт эсрэг хүйсний хүүүхэдтэй хэр харилцаж байна гэдэг чухал. Эсрэг хүйстэнтэй сайн харилцдаг хүүхэд нийгмийн айдас багатай, насанд хүрээд хүн хоорондын харилцааг баримталдаг болдог. Зохист хэмжээгээр хангагдаж чадвал бие хүн болдог байна.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх