fbpx

Боловсрол

image

-ДОДО-гийн дүрэм-

Таны 3 настай хүү ангийнхаа охиныг уруул дээр нь үнсэж эвгүй байдалд оруулсан эсвэл 5 настай охин чинь понитой дотуур хувцсаа нэг хүүд үзүүлсэн, хүүхэд хаанаас гардаг талаар шалгаасан бол инээх, ичиж зовох, эсвэл бүүр загнах ч хэрэггүй. Харин ч биеийнх нь нууц хэсгүүдийн талаар насанд нь тохируулан ярилцах цаг болсон гэсэн үг. Энэ нь таны хүүхдийн бусдын хувийн орон зайг мэддэг, хүндэлдэг болоод зогсохгүй бэлгийн хүчирхийлэл, халдлагаас хамгаалахад тус болно.

Бидний санал болгож буй ДОДО буюу Дотуур хувцасны дүрэм нь танд хүүхэдтэйгээ хэцүү сэдвээр ярихад тусална.

Дүрэм 1

Хүүхдэдээ биеийнхээ бүх хэсгүүдийг болоод чухал, нууц хэсгүүдийн цээжлүүлж, нэрлэж чаддаг болго. Толгой, гар, уруул, бэлэг эрхтэн, өгзөг, хөх гэх мэтээр тоглонгоо эсвэл амттан идэнгээ эелдгээр зааж өгөөрэй.

Дүрэм 2

Хүүхдийн тань бие зөвхөн түүнийх. Ээж, аав нь угаах гэж, эмч эмчлэх гэж хүрэхээс өөр хэн ч биеийнх нь нууц хэсгүүдэд хүрч, хүрэхийг гуйх ёсгүйг ойлгуул. Мөн хайртай, дотно хүмүүс л бие биенээ тэвэрч, үнсэхээс үл таних хүн, эсвэл сайн танихгүй хүн хүүхдийг тэвэрч, нууц хэсгүүдэд нь хүрч яасан ч болохгүйг сануул. Тийм зүйл болсон тохиолдолд ҮГҮЙ гэж зоригтой хэлж сурга.

Дүрэм 3

Хүүхдэд итгэж болох хүмүүсийн жагсаалт гаргаж өг, тэдэнтэй ярилцан, нууцаа хэлэхэд аюулгүй, өөрийг нь шүүхгүй, ичээхгүй гэдгийг ойлгуул. Үүнд: сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, баг, хорооны нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч зэргийг багтаагаарай.

Дүрэм 4

Хүүхэдтэйгээ нууц гэж юу болох талаар ярилц. Түүнийг айлгасан, ичээсэн, түгшээсэн гэж мэт мэдрэмж төрүүлсэн муухай нууцыг ээж, аав, итгэлтэй хүмүүстэйгээ заавал хуваалцах ёстойг хэлж ойлгуулаарай.

Дүрэм 5

Хүүхдэдээ өөрийгөө хамгаалах аргаас зааж өгч давтуул. Үүнд хашхирах, түлхэх, гүйх зэрэг орно. Хүүхдээ чанга хашхирах дасгал хийлгэж, хэн нэгэн танихгүй хүн хамт явахыг гуйх, биед нь хүрэх гэвэл ҮГҮЙ гэж хэлэх, БОЛЬ, ТУСЛААРАЙ гэж чангаар орилоорой гэж зааж өг.

Дүрэм 6

Бэлгийн хүчирхийлэл, халдлагад өртсөн хүүхэд маш ихээр айж, ичиж өөрийгөө гэм буруутай гэж боддог. Тиймээс хүүхэдтэйгээ сайн ярилцаж тохиолдсон зүйл өөрийнх буруу биш гэдгийг ойлгуулаарай. Хүүхэд хэзээд ээж, аавдаа хандаж, ярилцаж болно “намайг хамгаалах хүн бий” гэсэн итгэлтэй байх нь хамгийн чухал.

Бяцхан ДОДО-д аюул тохиолдвол яах вэ?

Хүүхэд тань бэлгийн халдлага, хүчирхийлэлд өртсөн мэт санагдвал та мэргэжлийн хүмүүст \цагдаа, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан\ зэрэгт хандаарай. Хүүхэд ямар ч буруугүй учраас хэзээ ч хүүхдэдээ уурлаж түүнийг буруутгаж болохгүй. Хүүхэдтэйгээ ярилцахдаа шалтгааныг нь битгий асуугаарай. Яагаад гэсэн асуултад та ч гэсэн хариулж чадахгүй шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүнд хандаж, хүүхдэдээ болон гэр бүлдээ тусламж аваарай.

Эх сурвалж: "Улаан булан" сэтгүүл, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ

Б.Мишээл

X
Нэвтрэх