5-6 насны хүүхдийн оюун сэтгэхүйд илэрхий сайнаар нөлөөлдөг нэг зүйл бол түүнд ном уншиж өгөх юм. Хүүхдэд ном уншиж өгөх нь яагаад тийм чухал вэ, ном уншихын ач холбогдол юу вэ?
Хүүхдийн оюун ухааны чадварыг дээшлүүлэх маш олон төрлийн арга технологи байдаг боловч ном унших нь аль ч үед хамгийн шалгарсан арга зүй хэвээрээ байна.
Мэдээллийн технологийн дэвшил нь мэдлэгийн багтаамж ба агуулгыг урвуу хамааралтай болгосноор багтаамж ихсэх тусам агуулга бүдгэрч байна. Үүнээс гадна одоо цагт хүүхэд, өсвөр үеийнхэн хүн чанар болон төрөлхийн зөн билэгт нийцгүй, өнгөц, агуулгын өндөр багтаамжит нийгэмд аж төрөх болсон хэмээн үзэж болно.
Энэ нь өсвөр үеийнхний дасан зохицохуйн чадвар, амьдралын утга учрын эрэлхийлэлд таагүй нөлөө үзүүлдэг төдийгүй хязгааргүй мэдээллийн орон зайд барьц алдан төөрөлдөхөд хүргэдэг.
Харин ном бол утга учраар дүүрэн бөгөөд хүүхдийн зөн билгийн хариу үйлдлийг баяжуулах, сэтгэхүйг зөв хэлбэрт оруулах, сэтгэцийн тэнцвэрт байдлыг хадгалахад зүйрлэшгүй эерэг нөлөөтэй билээ.
Ном нь соёлын бие даасан үзэгдэл болохынхоо хувьд ертөнцийн түгээмэл ахуй, зүй ёсны тухай хамгийн цэгцтэй мэдлэг, системчлэгдсэн мэдээллийг агуулдаг. Түүнчлэн нийгмийн уламжлалт хийгээд шинжлэх ухаанчлагдсан өгөгдлийг ном хамтад нь агуулж байдаг тул тухайн хүний асуулт, ертөнцийн утга чанарын хамтын эрэлхийлэлд байнгын хариулт болж чаддаг.
Мэдээлэлжсэн, хотожсон соёл иргэншлээс хүүхэд, өсвөр үеийнхэнд өгч чадахгүй байгаа утга санаа, бие даасан бүтээлч сэтгэлгээг бага наснаас төлөвшүүлэх оновчтой аргын нэг нь хүүхдийг номтой нөхөрлүүлэх явдал юм.
Иймд хүүхдийг номд дуртай болгох, ном уншихыг тэдний амьдралын энгийн дадал хэвшил болгоход чиглэсэн үйл ажиллагааг ээж аавууд гэр бүлийн нөхцөлд байнга хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгдөг.
Энэ нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй, түүний мэдлэгийг нэмэгдүүлэх, чадварыг дээшлүүлэх, зан суртахууныг цэвэр ариун байлгах, түүний авьяас чадварыг нээж өгөхөд туйлын чухал хөшүүрэг болно.
Эх сурвалж: Аав ээжийн ном, 2017 он
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан