fbpx

Боловсрол

image

Даунтай хүүхдэд тохирсон боловсрол олгох найман төрлийн сургалт байдаг. Эдгээр төрлүүд ихэнх улс оронд бүгд байдаггүй бөгөөд сургуулийн өмнөх насны түвшин тогтоох үнэлгээ хийдэг мэргэжилтэнтэй уулзаж таны амьдардаг аймаг, дүүрэгт сургалтын энэхүү төрлүүд байдаг эсэх талаар мэдээлэл авах хэрэгтэй.

ЭНГИЙН АНГИ (тусгай тусламжгүй)

Үүнийг тэгш хамруулан сургах гэж нэрлэдэг бөгөөд хамгийн гол нь хүүхэд өөрөө суралцахаас гадна бусад хүүхдүүдэд саад болохгүй байх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Жирийн сургуулийн багш нарт бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах тусгай боловсрол байдаггүй тул тэд хүүхдийн хэрэгцээнийх нь дагуу боловсрол өгч чаддаггүй. Хүүхэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй тохиолдолд өөр төрөл рүү шилжүүлэн сургаж болно.

ЗӨВЛӨХ БАГШТАЙ ЭНГИЙН АНГИ

Багш нь зөвлөх багшийн зөвлөгөө, тусламжийн дагуу ажилладаг байна. Энэ төрлийг сонгож болох ч мөн л бусдын тусламж байнга шаарддаг хүүхдэд тохиромжтой.

ГЭРЭЭТ ТУСГАЙ БАГШТАЙ ЭНГИЙН АНГИ

Гэрээт багш 7 хоногт сургууль дээр хэд хэдэн удаа ирдэг. Дээр дурьдсан мэргэжилтэнтэй харьцуулахад энэ гэрээт багш нь хүүхэдтэй тулж хичээллэдэг байна.

Хэрэв ангид нэгээс дээш тусгайлан хичээллэх хүүхэд байвал эдгээр хүүхдүүдийг жижиг бүлэг болгож ангид эсвэл тусдаа өрөөнд тэдэнтэй хичээллэнэ. Гэрээт багш ангийн багшийн заасан зүйлсийг бататгах зорилготойгоос гадна хувийн болон нийгмийн чадварыг нь сайжруулахад нь анхаардаг байна.

МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ӨРӨӨТЭЙ ЭНГИЙН АНГИ

Энэ төрөлд хамрагдах хүүхэд өдрийн тодорхой хэсэг хугацааг тусгай мэргэшсэн багштай цуг мэдээллийн өрөөнд өнгөрүүлж, өдрийн үлдсэн хэсэгт ангидаа хичээллэнэ.

Энэхүү төрөл нь хүүхдэд тусгай туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ энгийн ангид нь суралцуулдаг тул хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй Даунтай хүүхдүүдэд илүү тохиромжтой байдаг.

ТУСГАЙ АНГИ + ХАГАС ӨДРИЙН ЭНГИЙН АНГИ

Энэ төрөлд суралцах хүүхэд өдрийн ихэнхийг энгийн сургуульд байрлах тусгай ангид хичээллэж өнгөрүүлнэ.

Тусгай ангид сурдаг хүүхдүүд ангидаа хичээллэдэг бөгөөд зөвхөн биеийн тамир, дуу хөгжим, нийгмийн ухаан зэрэг мэдлэгийн хувьд шалгуур багатай хичээлд энгийн ангитай хамт ордог.

Энгийн хүүхдийн дунд ганцаараа байж чаддаггүй хүүхэд, тусгай ангийн хүүхдүүдтэй хамт хичээллэхэд илүү тайван байдаг.

Тусгай анги цөөн хүүхэдтэй байдаг тул багш түүнтэй тулж ажиллах боломжтойгоос гадна тусгай сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэдэг давуу талтай.

Өнөө үед энгийн сургуулиудад төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги түгээмэл байдаг болсон.

ЭНГИЙН СУРГУУЛИЙН БҮТЭН ӨДРИЙН ТУСГАЙ АНГИ

Энэ төрөл нь нилээн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой байдаг. Хүүхэд өдрийг тусгай ангид хичээллэн өнгөрүүлж, зөвхөн тоглоомын талбай дээр эсвэл өглөө ирэх, орой тарахдаа жирийн хүүхдүүдтэй тааралддаг. Өмнөх төрөлтэй харьцуулбал сургалтын хөтөлбөрт нь энгийн хүүхдүүдтэй хамт хичээллэх нөцөл байдаггүй.

ТУСГАЙ СУРГУУЛЬ

Зарим хүүхдүүд энгийн сургуулийн хөл үймээнийг гүйцэж чаддаггүй. Тэдэнд өөртөө итгэлтэй тайван байхын тулд эмх цэгцтэй орчин хэрэгтэй байдаг. Ийм хүүхдийн хувьд тусгай сургууль тохирох ба тэнд бүх төрлийн хэрэгцээг нь хангахуйц орчныг бүрдүүлсэн байдаг тул тэд сургуульдаа амархан дасаж, ангидаа суралцах хүсэлтэй байдаг.

Энгийн сургуультай харьцуулахад тусгай сургууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эцэг эхчүүдийн бүлэг байгуулан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахад хялбар байдаг. Хүүхэд энгийн сургуульд сурч байхдаа чадвар багатай хүүхдийн нэг байдаг бол тусгай сургуульд өөртэй нь ижил түвшний олон хүүхдийн дунд орж өөртөө итгэх итгэл нь сайжирдаг. Тусгай сургуулийн сургалтын хөтөлбөрт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, хоол хийх, хувийн ариун цэврийг сахих гэх мэт өдөр тутамд хүүхдэд хэрэгтэй олон зүйлүүдийг багтаасан байдаг.

Эх сурвалж: Дауны хамшинж, 2014 он

X
Нэвтрэх