fbpx

Боловсрол

image

“Хөөрхөн шар шувуу сургалт, судалгааны төв”-өөс 3-8 насны хүүхэдтэй 400 гаруй эцэг эхээс хүүхдэдээ сард хэдэн ном авч өгдөг тухай тандалт авчээ. Тэгэхэд дийлэнх нь нэгээс хоёр удаа гэж хариулсан ч зөвхөн ном худалдаж авч өгдөг л гэсэн байв. Гэтэл хүүхэд 13 нас хүртлээ хэн нэгэнтэй хамтарч ном уншихыг хүсдэг ажээ. Энэ талаар эцэг эхийн дасгалжуулагч-багш Г.Төмөрзаяатай ярилцлаа.

-Хүүхдэд хэдэн настайгаас эхлэн ном уншиж өгөх вэ?
-Хэвлийд байхаас нь эхлэх хэрэгтэй. Ураг 27-28 долоо хоногтойдоо аливааг сонсох чадвартай болдог. Эхийн зүрхний цохилтын давтамж, дуу хоолойны хэлбэлзлийг мэдэрч эхэлнэ. Энэ үеэс аав ээж, ойр тойрныхон тааламжтай үг хэллэг, ном зохиол хэлэлцэхийг мэдэрдэг.

Тэгэхээр хэвлийд байхад нь ном уншиж өгдөг байсан бол хүүхэд төрсны дараа номыг хуучин танилтайгаа уулзаж байгаа мэт таашааж хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл танил болсон байдаг учир ном уншиж өгөхөд их дуртай, таатай байдаг гэсэн үг. Аав нь хэвлийд байхаас нь л ном уншиж өгдөг бол хүүхэд дуу хоолойг нь таньж, хайрлуулж буй мэдрэмж авдаг.

Хүүхэд 6 сартайгаас эхлэн 1.5 нас хүртлээ номтой танилцах аялал хийдэг. Энэ хугацаанд номыг хазаж, шидэж, хуудсыг татаж бүр заримдаа долоож үзнэ. Номтой танилцах явцад насанд нь тохирсон ном сонговол хоёр настайгаасаа ном урах нь багасдаг. Танилцуулахгүйгээр, гэнэт ном гарт нь өгчихвөл гурав дөрвөн насандаа ч урж, шидэх зэрэг үйлдэл гаргадаг.

-Номтой танилцуулах үед ямар ном сонгох вэ?
-Зургаан сартайгаас нь дугуй булантай, зузаан хавтастай, амандаа хийх, хазахад уруул болон амыг гэмтээхгүй, өнгө үнэр нь хүүхдийн эрүүл ахуйд харшлахгүй ном(даавуун) сонговол тохиромжтой. Номд аль болох хүүхэд өдөр тутам бодитоор харах боломжтой зүйлсийг агуулсан байх нь чухал. Тухайлбал талх, нарийн боовны зурагтай ном байя. Аав ээжийнхээ идэж байгааг харсан тул түүнийг хазах гэж оролдоно. Гэвч хазагдахгүй шүү дээ. Энэ үед хүүхэд гайхаж "Яагаад" гэдэг асуулт төрнө. Ингэж асуулт тархинд өгсөн бол ном үр дүнгээ өгч буй юм. Хариулт олохын тулд хүүхдийн тархинд холбоос эд үүсэж, хөгжинө. Энэ нь туршлага, мэдлэг болон хадгалагдана.

Есөн сартайгаас номын хуудсыг эргүүлэх гэж оролдоно. Нүдний бүтэц бүрэн хөгжөөгүй тул зургийг уруугаа харуулж барина. Гэсэн ч хүүхдэд зөвөөр харагдана гэсэн үг. Энэ үед томчууд номыг зөв харуулж бариулбал дургүйцээд шидчихэж байгаа харагддаг шүү дээ. Тиймээс таны хүүхэд номоо уруугаа харуулсан байвал энэ нь түүнд зөв харагдаж байгаа гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

ХҮҮХЭД ТАНЫ БОДСОН БОЛГОНЫГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТУРШИЛТЫН ТАЛБАР БИШ

-Ном унших дадалтай болох нь яагаад чухал вэ?
-Хэл ярианы хөгжил, анхаарал төвлөрөлт, танин мэдэхүйн хөгжлийг олгодог учир хүүхдэдээ хоёр настайгаас эхлэн ном унших зөв арга барилтай болгоход анхаарах нь чухал. Энэ насны хүүхдүүд бүтэн үлгэр сонсдоггүй. Тиймээс хүүхдээ өвөр дээрээ авах эсвэл биедээ нааж хажуудаа суулгах буюу хүрэлцэх мэдрэмж чухал. Өөрөөр хэлбэл үлгэрт гарч буй үйл явдлыг яригч болон сонсогч хоёр хамтдаа мэдрэхүйц ойр байвал аз жаргалтайгаар сонсож чаддаг. Уншихдаа зургийг оноон нэрлэж, “Хөөх энд баавгай явж байна. Ямар том биетэй юм бэ?” гэх зэргээр зургаа тодотгож ярина.

Хоёр настай хүүхдийн анхаарал тогтворжилт хоёр минут орчим байдагтай уялдуулж унших хэрэгтэй. Ингэж чадвал гурван настайгаас үлгэр сонсож эхэлнэ. Ингэхдээ багахан текст бүхий зурагт номыг сонгоорой. Өгүүлбэрийн агуулга зургийн өгүүлэмжтэй нийцсэн байх нь чухал. Аав ээж бичвэрийг уншиж байхад хүүхэд зургийг харж байгаа шүү дээ. Энэ үед хүүхэд утгыг зурагтай холбон дүрсжүүлж боддог. Энэ төсөөлөл хүүхдийн ургуулан бодох, бүтээлч байх чадварт их нөлөөтэйг ээж аавууд мэдэж байх ёстой. Мөн үйл явдалд тохирсон дуу авиа гаргаж, жүжигчилсэн маягаар уншвал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварт суралцах юм.

Эцэг эхчүүд хүүхдээ уншуулж сургах гэж их яардаг. Энэ тийм чухал биш. Хүүхдийнхээ онцлогийг таних, ээж өөрөө тууштай байж чадах уу, хүүхдэд шинэ юм заах арга барилыг эзэмшсэн үү зэргийг бодолцож шийдэх ёстой. Хүүхэд таны бодсон болгоныг хэрэгжүүлдэг туршилтын талбар биш. Ямар гоё юм бэ, хүүхэд дээрээ туршиж үзье гэдэг асуудал байж болохгүй. Дээр хэлсэнчлэн ном уншуулж буй хүүхэд зургийг хараад тархиндаа ургуулан боддог. Ингэж бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж байдаг бол уншаад сурчихсан хүүхэд эхийг зэрэгцэж унших гээд яараад, төсөөлөх, ургуулах зэргээр бүтээлчээр бодохоо больдог. Тэгэхээр хийсвэрлэн сэтгэх чухал үеэ алгасах гээд байдгийг анзаараарай.

Бусдаас түрүүлж уншиж сурах нь хөгжил биш. Тодруулбал эрт уншиж сурах нь тийм том амжилт биш гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Мөн зурагт ном уншиж өгөх явцад хүүхэд анхаарлаа хуваарилж сурдаг. Энэ чухал чадвар шүү. Ном унших нь анхаарал төвлөрөлтийг дэмждэг.

Гурван настай хүүхэд хамгийн ихдээ 4-5 минут анхаарал нь тогтвортой байх боломжтой. Нэг зурагт номыг уншиж өгөхөд дунджаар таван минут болдог. Давтан уншуулахыг хүсвэл ахиад уншаад өгчих. Энэ нь анхаарал төвлөрөлтийн дасгалжуулалт болно. Санасан үедээ бус тогтмол уншиж өгөх чухал. Өдөр болгон уншиж өгвөл сайн. Боломжгүй бол долоо хоногийн нэг өдрийг сонгоод уншиж өгдөг байж болно. Ингэвэл долоо хоног бүр хүүхдийн тархи дасгалжуулалтаа тасралтгүй авч буй юм.

-Ном уншиж өгөхдөө юуг анхаарах вэ?
-Үйл явдлыг харилцан ярилцаж уншиж өгөх хэрэгтэй. Ингэхдээ шалгааж болохгүй. Учир нь томчууд хариултаа төлөвлөчихсөн байдаг. Хүүхэд өөрөөр хариулбал “үгүй шүү дээ, ийм” гээд засаж хэлэх гээд байдаг. Энэ нь хүүхдэд би мэдэхгүй байгаа юм байна, дахиад асуувал бас мэдэхгүй байхвий гэсэн мэдрэмж төрүүлж цааргалах, номд дургүй болоход нөлөөлнө.

Уншиж дуусаад юу ойлгосон, юу сурсныг асуух зэргээр байцаахаас татгалзаарай. Ингэвэл ойр ойрхон шалгалт өгч буй мэт мэдрэмж төрүүлдэг. Таатай бус байдал мэдрүүлчихвэл хүүхэд дараа нь түүнийг хийхийг хүсэхгүй байх магадлалтай шүү дээ. Мөн мэдэмхийрч зааварчлах хэрэггүй. Уншаад, харилцан ярилцаад л номоо дуусгачих. Харин танаас асуулт асуувал нээлттэй хариулаарай.

3,4,5 настнууд нэг номоо олон удаа уншуулах дуртай байдаг. Учир нь уншуулах бүртээ үйл явдал, дүрүүдийг өөр өөрөөр төсөөлдөг гэсэн үг. Жишээ нь, ааваар уншуулахад туулайг аймхай мэтээр, ээж уншиж өгөхөд туулайг зоригтойгоор ургуулан боддог. Танил болсон дүрүүдээ тархиндаа өөр өөрөөр хөрвүүлэн боддог учраас хүүхэд нэг номоосоо уйддаггүй. Шинэ ном уншиж өгөх бол өмнөхтэй нь төстэйг сонгоорой. Хэрвээ сонирхохгүй бол аав ээж өөрсдөө уншаад л бай. Давтан унших замаар шинэ номд дурлуулж болно.

Мөн хүүхдийн онцлогт тохируулж ном сонгож өгөх их зүгээр. Хүүхэд тань аймхай бол айдсаа даван туулж буй баатарлаг түүхийг өгүүлсэн, харанхуйгаас айдаг бол өдөр шөнө ээлжилдгийг тайлбарласан ном сонгож өгөх юм. Таван настнууд үерхэл нөхөрлөлийг их сонирхдог. Тиймээс найзтай болж буй, хайр гэж юу вэ зэрэг сэдэвтэй ном байж болно.

Айлын ганц эсвэл хэнз хүүхдүүд эд юмсаа бусадтай хуваалцах дургүй. Тэдэнд амьтан, хүн хоорондын нөхөрлөлийг харуулсан зурагт ном тохиромжтой. 3-4 насандаа хүүхэд тань заавал таны зааврын дагуу аливааг хийдэг, хайрцаглагдсан мэт санагдвал амьгүй юмс амьтай болж буйгаар илэрхийлсэн, тухайлбал машинууд хоорондоо харилцан ярилцаж байгаа зохиол сонговол хүүхдийн хийсвэрлэх сэтгэхгүй сайжирна. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг таньж мэдэх хэрэгтэй юм.

-Ямар ном авч өгөх вэ гэж эцэг эхчүүд их эрэлхийлдэг?
-Бага насныханд бүх төрлийн зурагт ном чухал. Мөн сүүлийн үед “Интер ном” номын дэлгүүрт худалдаалж буй хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн номууд мөн “Аз хур”-д харагдсан хүүхдэд эерэг дадал хэвшил суулгахыг чухалчилсан цувралууд агуулга, үр өгөөж сайтай санагдсан.

Харин орой унтахын өмнө үргэлжилсэн үгтэй ном уншиж өгөх тохиромжтой. Зураггүй байж болно. Учир нь хүүхэд энэ үед заавал зургийг нь харах албагүй шүү дээ. Харин төгсгөл нь аз жаргалтай, айдаст автуулахааргүй агуулгатай, энгийн байх нь чухал.

-Монгол ардын зарим үлгэрийг шүүмжлэх нь бий?
-Бид шүүмжлэхээсээ илүү аливаа юмсын учир шалтгааныг ойлгодог болсон цагт нь буюу 7-8 настуудад ардын үлгэрийг уншуулж болно. Ардын үлгэр, зохиол тухайн цаг үедээ үүргээ биелүүлчихсэн байгаа шүү дээ. Дайн дажинтай үеийн үхэл, хагацал, тэмцлийг харуулсан үлгэрүүд бий. Цагийн байдал ороо бусгаа байсан бол түүнийг зохиол бүтээлд тусгах нь ойлгомжтой шүү дээ. Үүнийг үгүйсгэж болохгүй. Орчин цагийн хүүхдүүдэд тийм ч тохиромжтой биш ч гол нь хүүхэд юмсын учир шалтгааныг ухаж ойлгодог болсон үед нь үүх түүхтэйгээ холбож, уншуулах нь буруудахгүй болов уу.

-Уншаад сурчихсан хүүхдүүдэд ямар ном сонгох вэ?
-Энд нэг асуудал бий. Эцэг эхчүүд “Ном авч өгөөд, өөрөө унш” гээд орхичих гээд байдаг. Өөрөө уншиж сурсан ч гэлээ ном уншихад хүүхдэд дэмжлэг хэрэгтэй.

Зургаан настай хүүхдийн уншлагыг дэмжихийн тулд:

  • Мөр хоорондын зай ихтэй
  • Нэг дор 4-өөс олон дүр ороогүй
  • Үсгийн фонд нь том
  • Үйл явдлыг чимсэн бага зэрэг зурагтай ном сонгоорой.

Нэг нэг хуудсаар хүүхэдтэйгээ солбиж унших хэрэгтэй. Учир нь миний ээлж хэзээ ирэх бол гээд хүүхэд ээлжээ хүлээн уншихыг хүсэж, яараад ирдэг. Одоо миний ээлж гэж уралдаж эхэлдэг. Энэ маягаар хүүхдийг дэмжиж болох юм. Мөн ээж өөрөө уншиж харагдахгүй мөртлөө хүүхдээ шахаад байвал наанадаж эргэлзээ, асуулт төрнө. Ээж аав уншдаггүй байж яагаад надаар уншуулах гээд байна вэ? Энэ шийтгэлийн арга ч юм шиг сэтгэгдэл хүүхдэд төрж мэднэ.

Зочин ирсэн үед хүүхдээ “Цаашаа орж номоо унш” гэе л дээ. Ээжийн найзын хүүхдүүд гэрээр нэг тоглоод л. Эсвэл ном огт уншихгүй юм даа чи гээд л хэрүүлийн хэлбэрээр шаардах зэрэг нь ном гэж зүйл тааламжтай бус мэдрэмж хүүхдэд өгөөд эхэлнэ. Номыг гоё, аз жаргалын нэг хэсэг болгох хэрэгтэй. Баяр хөөртэй, тэмдэглэлт тохиолдол бүртээ ном худалдаж авдаг, ээж аав бие биедээ ном бэлэглэдэг байцгаая. Мөн томчууд ном уншихыг хүүхдэдээ үлгэрлэе.

Хүүхэд ном сонирхдог болгохын тулд гэрт нь дор хаяж 80 ном байх хэрэгтэй гэж би уншиж байсан. Намайг бага байхад гэрээр дүүрэн ном байдаг байв. Одоо ч тэр үеийг бодоход хүртэл үнэр нь мэдрэгдэх шиг болдог шүү. Одоогийнхоос ялгаатай нь цахим мэдээлэл байсангүй. Цаг зав их байсан учраас ном их уншдаг байж л дээ. Сошиал медиа хөгжсөн өнөө үед хуучнаас ялгаатай нь эцэг эхчүүд хүүхдээ ном унших дадал руу хөтлөхөд оролцох шаардлага бий болжээ. Бидний багад ээж аав хамтарч уншаад л, зааварлаад байсан юмгүй шүү дээ.

-Өөрөө утсаа “ухдаг” хэрнээ хүүхдээ ном унш гэвэл хэрэгжихгүй нь ээ?
-Хэцүү дээ. Ээж аав нь ном уншдаг бол хүүхэд ном уншдаг дадалтай болох магадлал 75 хувь, аль нэг нь ном уншдаг бол хүүхэд уншдаг болох магадлал 25 хувь гэсэн Английн судалгаа бий. Хүүхдэд номд дуртай болгоход нөлөөлдөг гол зүйл энэ.

7 настайгаас бүрэн уншаад сурчихсан байдаг тул адал явдалтай номд дийлэнх нь дуртай байдаг. Найз нөхөдтэй болох, амьтан юмсын харилцаа, уялдааг хүүхэд сонирхож эхэлнэ дээ. Мөн цуврал номуудад их дуртай байдаг.

-Тухайлбал?
-Ташигийн цувралуудыг нэрлэж болох юм. Ихэнх 7,8 настнууд мэдэх байх. Нэгийг нь уншчихсан хүүхэд дараа дараагийн цувралуудыг хүлээж, дурлаж уншдаг дадалтай болно.

-Уншиж чаддаг ч ном унших дадалтай хараахан болоогүй бол яах вэ?
-Ном унших дуртай болгоход оройтно гэж байхгүй дээ. Хичээл зүтгэл л их орно. Хэрвээ хүүхэд тань 10 настай ч ном унших дургүй бол одоо ч дадуулах боломж бий. Дадал хэвшил болтлоо арай илүү хугацаа зарцуулна. Эцэг эхээс илүү ажиллагаа, дэмжлэг шаардана.

Шинэ зүйлийг сурч мэдэхэд тархины хэрэглэгдээгүй эд эсүүд өдөөгдөж ажилладаг тул маш их энерги зарцуулдаг. Иймээс амархан залхах гээд байдаг. Тархины энэ үйлдэлд бууж өгөлгүй өдөр бүр тодорхой хугацаанд давтан хийх чухал. Ингэвэл тархины шинэ эсүүд идэвхжиж, тухайн үйлдэл дасал болж ирнэ. Ингэж рефлекс тогтдог. Яг өнөөдрөөс эхлэн их биш бага биш, 10 минутаар 21 хоног ном уншуулъя. Түүнээс хойш тархи өөрөө түүнийг нэхээд эхэлнэ.

9,10 настнууд ном уншиж дадаагүй бол өдөрт ердөө 10 минут уншуул. Номд дурлаагүй хүүхдэд орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй/дуу шуугиан багатай, хажууд нь утсаа оролдохгүй, дүү нар нь ноцолдоод байхааргүй/.

Ном унших дадалтай болчихсон хүүхдэд орчин хамаагүй байдаг. Дадал хэвшил тогтох хугацаа хүүхэд бүрт харилцан адилгүй. Шинэ орчин, зүйлсэд хурдан дасдаг бол илүү богинохон хугацаа зарцуулж болно. Гэхдээ хамгийн багадаа 14 хоног зарцуулна. Тиймээс эцэг эхчүүд үүн дээр хүүхдээ дэмжих, хамтарч ажиллах, тууштай байх шаардлагатай. Үүний дараа бол тархи биедээ дадал болсон зүйлээ хийхийг сануулдаг. Энэ тэнд ном харагдаж байвал сөхөж хардаг болно. Энэ насныханд хүүхдийн сонирхолд тулгуурлаж номоо сонгох хэрэгтэй.

Загас тэжээх дуртай бол загасны тухай, спортод дуртай бол тухайн төрлийн алдартны тухай ном сонгохыг санал болгоё.

-Зарим хүүхэд мангастай ч юм уу аймшгийн зохиолд дуртай. Энэ ямар учиртай бол?
-Мангас, хангарьд луу зэрэг нь хийсвэрлэл. Энэ байж болно. Харин бага насныханд цус сорогч гэх зэрэг аймшгийн зохиол сонгохоос татгалзах нь зөв. Яагаад гэвэл хүүхэд бүр түүнийг хүлээж авахдаа өөр өөрөөр төсөөлдөг тул ганцаараа, харанхуй орчинд байхдаа тэр зүйл нь илүү өдөөгдөж, төсөөллийн айдас төрүүлэх магадлалтай юм.

-Хэзээ номын тэмдэглэл хөтлүүлэх вэ?
-Таван настайгаас эхлэн уншиж өгсөн номны гол дүр, үйл явдлыг зургаар тэмдэглэх чадвартай болно. А 4-ын цаасыг 4-8 хэсэгт хуваагаад үйл явдлын дарааллаар зуруулж болно. Нэгдүгээр ангид орсон хойно нь ч номын тэмдэглэлийг зургаар хийлгэж болно. Хоёрдугаар ангиас дэвтэр гаргаж өгөн хөтлүүлж болно. Ингэснээр хүүхэд эмх цэгцтэй, төлөвлөх чадвартай болно. Номын танилцуулга, тэмдэглэл хоорондоо бага зэрэг ялгаатай.

Ном уншдаг хүний гол чанар бол аливаа асуудлын цаана ямар нэг учир шалтгаан бий гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох чадвартай болдог. Хүнийг ойлгох чадвар илүү хөгждөг юм болов уу.

Мэдээллийн сонгодог хэлбэр бол хэвлэмэл бүтээл. Үнэрээс эхлээд үнэ цэнэ, дурсамж, дулаан мэдрэмжүүдийг ном агуулдаг.

-Таны хамгийн сүүлд уншсан номноос ишилбэл?
-“Хэрэв хүүхүүдтэй нэгэн сонирхол эрмэлзлээр амьсгалахгүй бол хүүхдийн зүрх сэтгэлд хүрэх зам хэзээд хаалттай байна” /В. А. Сухомлинский "Шилмэл зохиолууд" номоос/.

-Ярилцсанд баярлалаа.

X
Нэвтрэх