fbpx

3-5 нас

image
3-5 нас

3 нас: Зөрүүдлэл

2021 он 02 сар 4
6,964

Гурван настай хүүхдийн зан байдлын илэрдэг нэг өвөрмөц үзэгдэл бол тэд хэтэрхий өөрийнхөөрөө “Зөрүүд” гэмээр болж ирдэг. Төрснөөсөө эхлээд хүний бүрэн асаргаанд, гарын аяар байсан хүн маань гурван нас хүрч, “явдаг”, “ярьдаг”, “боддог” болоод ирэнгүүтээ ааш зан нь хувирч, өөрийнхөөрөө зүтгэх, авах гэснээ авч, хийх гэснээ хийж, түүгээр ч үл барам бусдыг эрхэндээ байлгах гэсэн хандлага тодрон гарч ирнэ. Эдгээр нь бүтэхгүй бол нярай үедээ өлсөх, норохоос шалтгаалан уйлдаг байсан шигээ л бухимдан уурлах болно.

Сэтгэл судлаачид үүнийг чухам энэ үедээ хүний “Би” ялгаран гарч ирж байгаатай холбон тайлбарлах бөгөөд түүнийг бусдын “Би”-ийн эсрэг тавьж байгаа гэсэн үг хэмээдэг. Энэ үед тэдэнд хамгаас дутагддаг, бидэнд бол хамгаас их “төвөг болдог” зүйл бол тэд зөрүүдлэн зүтгэж байгаа асуудлынхаа цаад учир шалтгаан ба үр дагаврыг “яагаад ч” ухааран ойлгож чадахгүй явдал юм. Энэ насны хүүхдийг тав болон зургаан настай хүүхэдтэй харьцуулахад “дөргүй бух” шиг улс билээ. Харин бид хүүхдийг яаж ийгээд 5-6 насанд нь “зөөлөн чихтэй хүн” болгож амжсан байдаг юм.

Эцэг эх хайраа мартан хүүхдэдээ хүйтэн, ширүүн хандаж, бие, сэтгэлийн дарангуйлал үзүүлсэн, ялангуяа зодсон тохиолдолд тэдэнд насан туршид нь мартагдахгүй таагүй сэтгэгдэл үлдэнэ. Энэ нь дахин давтах тохиолдолд бол бүр ч аюултай. Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань том болоод өөрийнхөө хүүхдийг, бас өрөөлийг зодохгүй гэсэн баталгаа байхгүй.

Ер нь аливаа шийтгэл нь хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөө багатай, бүтэлгүй арга. Эцэг эх хүүхдээ цохиод, нудраад авдаг нь хүүхэдтэйгээ ажиллах, харилцах арга барил дутмагийн илрэл юм.

Энэ үед эцэг эхчүүдийн хамгийн сайн ажиллах арга зүй бол хүүхэдтэйгээ ярилцаж ойлгуулах, ухааруулах, зарим тохиолдолд ганцааранг нь орхиж бодох хугацаа өгөх явдал юм. Түргэдэж, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд цохих, загнах зэргээр хандвал хүүхэд аливаа асуудлыг шийдэхдээ хүчээр шийдэж болох юм байна гэдгийг л сурч авна. Хүүхэд таны заасныг биш, харин хийж байгаа үйлдлээс чинь суралцаж байдаг гэдгийн бүү мартаарай.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх