fbpx

Хүмүүжил

image

Та бүхэндээ "Хүүхдээ хүмүүжүүлэх шилдэг 55 арга" номын тоймоос бэлтгэсэн ЭЭНЭЭГИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ хүргэж байна.

Тархины 90% нь тѳрснѳѳс хойш 5 жилд бүрэлддэг. Тийм болохоор эхний хэдэн жил бол түлхүүр үе билээ. Энэ үед эцэг эх хүүхдийнхээ ирээдүйн амьдралд хийх хамгийн үнэтэй хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

ХҮҮХЭДДЭЭ ӨНДӨР НАЙДВАР ТАВЬ, ТЭР БҮГДИЙГ МЭДНЭ

Доорхыг туршилтаар баталлаа.

1. Хүүхэд тѳрѳѳд нэг цаг болоход бусдыг дуурайж чаддаг болохыг батлав. Хэлээ гаргаж үзүүлбэл дуурайна.
2. Муу зүйлээс биеэ хамгаалдаг.
3. 9 сартай хүүхэд гараа сунгаж юм авах гэж оролдох агшинд тархины үйл ажиллагаа идэвхиждэг.
4. Нэг хийсэн зүйлээ тогтоох чадвартай. 1 нас 2 сартай хүүхэд нэг хийсэн зүйлээ долоо хоногийн дараа дахин давтахад санаж байдаг.
5. 1 нас 6 сартайгаас бусад хүмүүс ѳѳрѳѳс нь ѳѳр сонирхолтойг ойлгож эхэлдэг.
6. Хүүхдийн тархи том хүнийхтэй харьцууламгүй их мэдрэлийн дамжуулагч эсийг ялгаруулдаг (гормон). Тэр яг л ус шингээгч даавуу шиг тархинд хүрэх юм бүхнийг ѳѳртѳѳ шингээж байдаг.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИХ ТОО ИХ БАЙВАЛ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ИДЭВХИЖДЭГ

Ѳдѳрт хэдий хэмжээний үг хэлж, ярих хэрэгтэй вэ?
2100 үг.
2100 үг гэдэг нь зогсоо зайгүй ярина гэсэн үг биш. Барагцаалбал 1 цагт 15 минутыг зориулахтай дүйцнэ.

  • Ном бол ердийн нэг зугаа цэнгэл биш. Тэр бол хэрэгцээ юм.
  • Хүүхдээ ухаантай хүүхэд гэж магталгүй, мундаг чадлаа шүү гэж магтах. Яагаад гэвэл хүүхэд тань ирээдүйд чадахын тѳлѳѳ зүтгэж сурна.
  • 6 сартайгаас нь хүүхдийн дохио зангааг зааж эхлээд, 6 долоо хоногийн туршид үргэлжлүүлбэл хэрэглэж болдог. (Ээнээ нь үүнийг туршиж үзэхээр ханцуй шамласан)
  • Хийх зүйлийн жагсаалтыг унтахын ѳмнѳ зураг хэлбэрт оруулан хананд нааж ѳлгѳж үзүүлэх. Дүрэм тогтооно гэсэн үг. Энэ дүрмийг ээж хүү хоёр хамтдаа хийж, хамтдаа сахин мѳрдвѳл зохино. Дүрмийг хүүхдийн ѳсѳлт хѳгжил, сонирхлоос шалтгаалан уян хатан байлгах.
  • Хүүхдэд алив зүйлээс биеэ татан авах чадварыг аль болох бага дээр нь суулгаж ѳгѳх. Урт хугацаагаар зурагт, утас үзүүлэх, их хэмжээгээр амттан идэх гэх зэрэг. Энэ нь ирээдүйд ѳѳрийгѳѳ удирдаж сургахад туслах болно.
  • Нэг хоёр уншсан номыг дахин дэлгэхдээ аль болох хүүхдээрээ ѳѳрѳѳр нь яриул. Энэ хэн билээ? Яагаад чононд хуушуураа ѳгсѳн юм бол гэх мэт..
  • Хѳгжим, бүжиг, хѳдѳлгѳѳнѳѳр ѳѳртѳѳ итгэх итгэлийг хѳгжүүлдэг. Хамтдаа бүжиглэж зугаатай, алт шиг цагийг бүтээ.
  • Айл гэртэж тоглох нь хүүхдэд бусдын сэтгэлийг ойлгуулах, орчин нѳхцөлийг тайлбарлаж ѳгѳхѳд хамгийн тохиромжтой арга юм.
  • 5 нас хүртэл нь хүүхдэд хэрхэн тоглох арга замыг зааж ѳг. 5 нас хүрсэн хүүхэд сая бие дааж тоглож сурдаг.
  • 4 нас бол хүүхдийн хамгийн их асуулт асуудаг үе билээ.

Японы эртний зүйр цэцэг үгэнд “Нэг хүүхдийг ѳсгѳхѳд тосгоны хүмүүс бүгд хэрэгтэй” гэсэн байдаг. Иймд бүгдийг ѳѳрѳѳ гэж зүтгэлгүй бусдаас туслалцаа санаа зоволтгүй хүсээрэй.

Хүний тархи хэн нэгэн түүнтэй ижил санаа бодолтой байхыг мэдээд тайвширдаг. Иймд хүүхэдтэйгээ ярихдаа үргэлж түүнтэй ижил бодолтой, түүний сэтгэлийг ойлгож буйгаа илэрхийлэх хэрэгтэй. “Миний хүүгийн уур нь хүрдэг аргагүй шүү дээ, ээж нь ч гэсэн тоглоомоо булаалгасан бол уур хүрэх байсан. Гэхдээ эргүүлж цохихгүй байсан. Чамайг найзыгаа цохихоор найз чинь ямар их ѳвдсѳн болоо” гэх мэт..

Үнэндээ би энэ аргыг хэрэглэж үзээд маш их хэрэгтэй болохыг ойлгосон. Гүйж яваад унаад уйлсан хүүхдийг “Битгий уйл. Ѳѳрѳѳ унасан хүүхэд уйлдаггүй” гэхээсээ илүүтэйгээр “Ѳвдсѳн байхаа тээ, зүгээр үү? Дараа дахин овон товонтой газраар битгий гүйгээрэй” гэвэл дахин бүдэрч унахгүй шүү дээ. Ѳѳрѳѳр хэлбэл үгүй, болохгүй гэдэг үгээ багасгаж аль болох түүнийг ѳѳртѳѳ нэвтрүүл. Түүнд ѳѳрийгѳѳ хүлээн зѳвшѳѳрүүлэх боломжийг олгоорой.

Болохгүй гэж хэлсэн бол яагаад болохгүй гэсэн учраа цаг гарган тайлбарла. Тэр бодог, дараа нь ижил алдаа хийхгүй. Та ч бас ахин дахин болохгүй гэж хэлэх шаардлагагүй шүү дээ. Хэрэв хүүхэд чинь болохгүй зүйлийг дахин давтвал дахиад учрыг тайлбарлан хэл. Ойлгуулах явдал бол хүмүүжлийн үндэс. “Үсэрмээр байсан юм уу тэ? Гэхдээ ийм ѳндрѳѳс үсэрвэл хѳл нь хугарчихбал яана. Миний хүү гүйж чадахаа байчихна шүү дээ”. Юу гэвэл, “гэхдээ” гэдэг үгийг хүмүүжлийнхээ арга барилд нэвтрүүлбэл тустай.

Далай шиг ѳргѳн амьдралын туршид эцэг эхээс суурь нѳлѳѳллийг авдаг билээ. Гэхдээ хүүхдийн хүмүүжил зѳвхѳн эцэг эхээр хязгаарлагддаггүй. Эцэг эх түүнд 20%-50% нѳлѳѳлдѳг бол үлдсэн хувийг удамшил, найз нѳхѳд, соёл, багш мѳнхүү бас бус эцэг эхээс бусад хүчин зүйлүүд бүрэлдүүлдэг аж. Иймд ѳѳрийн зүгээс 50% нѳлѳѳлнѳ гэж бодвол түүний нь хангалттай сайнаар бүрдүүлэх үүрэг эцэг эхэд бий.

Хүүхдээ яг одоо юу мэдэрч байгааг нь хэлүүлж, илэрхийлж сургаарай. Үүнд та ѳѳрѳѳсѳѳ эхлэн үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй. “Ээж нь яг одоо маш их баяртай байна. Яагаад гэвэл миний хүү сая ѳѳрѳѳ шүдээ угаагаад, амаа зайлсан”, “Ээж нь яг одоо ууртай байна. Гараа угаалгүйгээр хоол идвэл нян гэдсэнд нь ороод амьтан болж үржинэ гэж олон дахин хэлээд байхад ойлгохгүй байгаа чамд уурлаж байна” гэх мэт… “Миний хүү юу бодож байна, юу мэдэрч байна” гэж асуу.

Ингэснээр таны хүүхэд ирээдүйд ѳѳрийгѳѳ чѳлѳѳтэй илэрхийлж чаддаг, хавчиг баригдмал биш харин нээлттэйгээр ѳсѳж дэвжинэ. Гагцхүү эрт эхлэх хэрэгтэй юм шүү. Яагаад гэвэл ѳѳрийгѳѳ илэрхийлж сурахад хугацаа шаардагддаг юм. Дуслыг хураавал далай гэдэг шиг ѳѳрийн зүгээр жижиг туслалцаануудыг бага балчираас нь эхлээд ѳрж эхлээрэй. Хэзээ нэгэн цагт сүндэрлэсэн сайхан барилга болж л таарна.

Ѳдѳрт нэг цагийг түүнд бэлэглэ. Энэ цагт түүний хийж буй үйлдлийг шүүмжлэхгүй, загнахгүй, зүгээр хажуугаас нь харж дэмжин урамшуулаад үзээрэй. Эцэг эхийн хийх ажил бол “Үүнийг хийгээрэй” гээс гадна “Хийхгүй бол юу учирч болохыг заах” л байдаг.

Амьдралын хэвшил зѳв зохистой байваас хүүхдийн бие даах чадвар, ѳѳрийгѳѳ бүтээх чадвар нь тѳдий чинээ хурдан бүрэлдэн бий болдог. Иймд хоол идэх, тоглох, унтах, хичээл хийх зэрэгт цаг гарган тогтоож, түүнийг даган мѳрдүүлэхэд эцэг эхийн зүгээс туслах. Харин эцэг эхийн ѳѳрсдийн амьдрал тогтворгүй бол эхлээд ѳѳрсдийнхѳѳ буруу хэвшлээсээ засах нь зүй.

Би америкийн удирдлага гэдэг нэртэй кино үзэж байснаа санаж байна. Тэрэн дээр удирдлаган дээрээ дарангуут хүсээгүй агшин бүрээ урагшлуулдаг тухай гардаг. Харин хүүхэд хүмүүжүүлэх гэх амьдралын оргил үеийг аль болох удаан амтлаасай гэж нийт эцэг эхчүүддээ хүсч байна.

Эрдэм мэдлэгийг, давтамжийн хүчээр зуршил болгодог аж. Иймд дээрх болоод миний нийтлэж байсан туршилтуудыг уйгагүй давтаж дадаж чадах эсэх нь эрхэм ээж болоод аав нарын чадвар хийгээд ухамсарын асуудал болж байна.

Хүүхдүүддээ нүдээ ухан ѳгѳхѳд бэлэн ээж аавууддаа буяныг бодон ѳѳрийн уншсан номыг бараг бүгдийг тоймлон орчуулж ѳѳрийн туршлагаас нэмэхийг нэмэн, энд тэндээс жишээ татахыг татан нийтэллээ. Номын буян арвижин дэвжиг ээ!

X
Нэвтрэх