fbpx

Ээж, аавуудад

image

Охид цаанаасаа л аавынхаа фен.  Охин нь хэдий аавтайгаа болзож байгаа ч түүнийг 9 нас хүрэх үеэс ээж та ч тусгайлан цаг гаргаж болзож эхлээрэй. Тэгвэл түүний шилжилтийн насан дээр бэрхшээл бага тулгардаг. Охидын шилжилтийн нас дийлэнхдээ 10-11 насанд эхэлдэг. Түүнээс өмнө их бага насанд шинж тэмдэг илэрвэл идэж буй хоол хүнс, нэмэлт витамин, үзэж буй зүйлийг нь сайн хянаж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

1. Хамтдаа очдог йог, бясалгалын газартай болох. (Йог нь охидын үзэл бодлын огцом хэлбэлзлийг намжаан, тайван амгалан болгох, сэтгэл санааг өөдрөг байхад дадуулдаг)

2. Хос хувцас дундын зургийн цомог
Хос даашинз, хос гоёлтой болж хамтдаа авахуулсан зургаараа зургийн цомгоо дүүргээрэй. Охид ээжтэйгээ улам л ихэр мэт болсоор байгаагаа харж өөрөөрөө, ээжээрээ бахархдаг.

3. Тогтмол ордог саун, бассейнтай болох.
Саунд багаас нь хамтдаа орж охидын биеийн онцлог, өөрчлөлтийн тухай ярилцаж байгаарай. Охид өсвөр насандаа очихдоо өөрийн гадаад төрхөндөө эмзэглэж хэт шүүмжлэлтэй хандах эсвэл хэт ач холбогдол өгч гоёх гээд байдаг.

4. Дэлгүүр хэсэх. 
Багаас нь өөрийнх нь өмсөх хувцсыг өөрөөр нь сонгуулж, зохимжгүй, тохиромжгүй сонголт хийх үед нь та яагаад гэдгийг зөвлөж л оролцоорой.

5. Анхны болзооныхоо тухай хуучлах
Эмэгтэй хүний эрхэм чанар, хүн бүхэн давтагдашгүй нэг л төрдөг үнэ цэнийг ярилцаарай. Харилцан ярилцана шүү ээж ) Ангийнх нь хөвгүүдээс хэн яагаад таалагддаг тухай ярилцахаа мартав.

6. Бусдад туслах
Охидын нэг сайхан зүйл нь тэд олон нийтийн ажил болон бусдад туслах ажилд их санаачилгатай оролцдог. Хамтдаа ямар нэгэн сайн дурын байгууллагад элсэж болно шүү дээ. Эндээс хүүхэд нийгмийн олон өнгийг таньдаг.

7. Анхны биеийн юм ирэх, биед өөрчлөлт гарахыг өгүүлсэн ном сэтгүүл унших
Ихэнх ээжүүд шууд хэлж зөвлөхөөс цааргалаад байдаг тул энэ тухай дэлгэрэнгүй бичсэн номыг хамт уншингаа өөрийнхөө зөвлөгөөг өгөөрэй.

8. Кофе шопоор зочлох. 
Охид сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тул шалгалтаа амжилтгүй өгсөн, хүссэн багтаа орж чадаагүй, найз охид нь таалагдахгүй байгаа гээд олон олон сэтгэл шаналгасан асуудлуудтай орооцолддог. Энэ үед та сайн сонсогч нь байж амьдрал үргэлж төлөвлөснөөр явдаггүй болох, өөр боломж сонголт үргэлж байдгийг хэлэх, харуулах хэрэгтэй. Зааварлах, шаардах биш шүү.

9. Үг, инээмсэглэл хамгийн шидэт зүйлс болохыг үргэлж сануулж өөрөөрөө үлгэрлэн бусдад талархал илэрхийлж хэвшүүлээрэй.
Сар бүр хэн нэгэнд, магадгүй танд хамгийн их эерэгээр нөлөөлсөн хүмүүст ил захидал бичиж охиныхоо хамт гарт нь хүргэж ч болох юм.

10. Аюулд өртөхгүй байх ухаалаг арга
Та түүнтэй хөл гарын хумсаа гоёулж байхдаа ч юм уу санамсаргүй мэтээр яриа үүсэх боломжтой орчинд танихгүй хүний, цахим орчны, буруу зуршлын талаарх аюулгүй байдлуудын жишээг ярьж тийм зүйлээс болгоомжлох эелдэг зөвлөгөөг бага багаар хэлж байгаарай.

За ингээд охинтойгоо шивнэлдээд байгаарай. Түүнийхээ сөрөг сэтгэл хөдлөлийг анзаарч, эерэг зан үйлийг нь дэмжиж аль болох эелдэг байна шүү.

Өөрийн биеэ зөв авч явах, эр хүнтэй харилцах харилцаа хандлагаа ээж танаас үлгэрлэнэ гэдгийг сайн санаарай.

Эх сурвалж:

X
Нэвтрэх