fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Арван нэгхэн настай ч “Би ер нь номоор л амьдарч байгаа” гэж бардам хэлэх энэ охиныг Э.Мишээл гэдэг. Сард гурван ном уншдаг төдийгүй англиар тун сайн ярьдаг аж. Үеийнхэндээ гэлтгүй манай нийгэмд үлгэр дууриал болохуйц дадлыг өөртөө цогцлоож буй охинтой ярилцав.  Мөн хүүхдээ номонд дурлуулж, боловсролд шимтүүлж чадсан ээж Н.Энхсайхан туршлагаа хуваалцсан юм.

Н.Энхсайхан: Номыг заавал тахиж шүтэж байгаа юм шиг шилэн тавиурын цаана байлгах ёсгүй 

-Охиноо номонд дурлуулж чадсан таны арга юу вэ?
-Тусгай, онцгой нууц арга гэж байхгүй ээ. Манай гэрийн ариун цэврийн, гал тогооны, унтлагын өрөө гээд хаа сайгүй л ном байдаг. Тийм болохоор миний охины ертөнц тэр чигээрээ ном болчихсон. Би эцэг эхчүүдэд 72 цагийн хямдралаар ч юм уу гэнэт л бөөн ном битгий ав гэж хэлдэг. Нэг өдөр зуун ном авчирсан ч хүүхэд сонирхохгүй бол уншихгүй шүү дээ. Би охиноо ухаан орсон цагаас л өвөр дээрээ суулгаж өдөр бүр ном уншдаг байсан.

Одоо би ажлын хамт олон, найз нөхдөдөө хүүхдээ өвөр дээрээ суулгаад өөрийн дуу хоолойгоор ном уншиж өг гэж үргэлж захидаг. Мөн миний баримталдаг зарчим бол хүүхдэд дуртай номыг нь л авах. Хүүхдийг хүчилж болохгүй. Жишээлбэл миний охин ихэвчлэн ариун цэврийн өрөөндөө ном уншдаг. Номыг заавал тахиж шүтэж байгаа юм шиг шилэн тавиурын цаана байлгах ёсгүй. Номонд дурлуулъя гэвэл ариун цэврийн өрөөндөө хамаагүй ном тавь.

-Танай охин нь Англи, Монголоор чөлөөтэй уншдаг юм байна.
-Тийм ээ. Миний охины үеийнхэнд, ангийнханд гадаад хэлний бэрхшээл гэж алга. Охин минь цаасан номтой нөхөрлөхөөс илүүтэй Киндл уншдаг болсон. Киндлдээ ямар ном татан уншиж байгаа нь мэйлээр надад ирдэг болохоор хааяа ороод харчихдаг.

-Хүүхдүүдээ ном уншихад сургамаар байгаа эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Маргаашаас хүүхдэдээ ном уншуулна даа гээд л уншдаг болгочихдоггүй. Эхлээд эцэг эхчүүд өөрсдөө ном унш. Тэгвэл хүүхэд тань хүссэн хүсээгүй ном бариад л сууна. Би дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг. Охин маань нэгдүгээр ангид байхдаа намайг англиар ном уншихаар англи ном, хятадаар уншихаар хятад ном бариад авдаг байсан. Хүүхэд яг сармагчин. Чи юу хийнэ тэрийг л дуурайна. Би охиныхоо сургуулийг бараадаад их нүүдэг. Тэгэхэд манай гэрийн ачаа хайрцаг дүүрэн ном л байдаг юм. Ном бол гэрийн нэг хэсэг, амин сүнс гэдгийг хүүхдүүдэд ойлгуулчихвал тэднийг хүчлээд байх шаардлагагүй болно.

-Орчин үеийн залуусын унших дадлын тухай та юу гэж боддог вэ?
-Би томоохон их, дээд сургуулиудад багшилж байсан. Тэгэхэд залуучууд ер уншихгүй байгааг анзаарсан. Их дээд сургуульд сурч байгаа ч 11 настай охины хэмжээнд хүрч уншиж чадахгүй байна. Би гадаадад сургууль төгссөн учраас долоо хоногт нэг бие даалт хийхийн тулд олон ном уншиж, хэрэгтэй мэдээлэл авдаг байлаа.  Уншихгүйгээр дээд боловсрол авна гэдэг төсөөлшгүй зүйл юм. Би хичээл орж байсан ангидаа “120 хуудастай Монгол ном уншаад ир, хэлэлцүүлэг хийнэ шүү” гэж даалгавар өгөөд долоо хоногийн дараа ирэхэд 35 хүүхэдтэй ангиас таван хүүхэд л уншсан байсан. Яагаад уншдаггүй вэ гэхээр унших дадалгүй байна. Хэдийнэ 20 нас гарчихсан оюутан энэ дадлыг олж авах хэцүү. Тэгэхээр бид хүүхдүүдэд илүү анхаарч, тэднийг зөв дадалд сургах хэрэгтэй. Үнэндээ охиныхоо ангид очиж ярьдаг сэдэв оюутнуудад томдохоор байна. Хоёр жилийн өмнө би “Хобби” сургуулийнхантай уулзахад надаас “Amazon-оос ном авах гэсэн юм. 18 нас хүрээгүй болохоор хаяг нээж болохгүй байна. Та өөр арга мэдэх үү” гэж асуусан.

Эдгээр хүүхдүүдийн асуулт оюутнуудын асуулт хоёр тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэгэхээр оюутнууд эмээх хэрэгтэй, илүү их мэдлэг олж авахын төлөө зүтгэх ёстой. Та нарын араас хүчтэй, шинэ үе гарч ирж байна.

-Та хүүхдэдээ номыг нь хэрхэн сонгодог вэ?
-Монгол хэлээр бичсэн ном авах гэхээр сонголт бараг л байхгүй. Хүүхдийн зохиолчид олон шинэ, сонирхолтой ном гаргаасай. Одоо ном авах гэхээр нэг бол үсэглэдэг бүр жаахан хүүхдийн  эсвэл тууж роман байгаа юм. Хүүхдийн номын орон зай, энэ бизнес сул хоосон байна. Би ном сонгохдоо охин маань удаан бариад суухад гар нь өвдөх болов уу яах бол гэж номын хүнд, хөнгөнд анхаардаг. Бас алдаатай бичсэн үү, найруулга нь хэр байна зэргийг мэдсэний үндсэн дээр сонгодог.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би Улаанбаатар Элит олон улсын сургуулийн зургадугаар ангийн сурагч.

-Зуны амралт дуусаж шинэ хичээлийн жил эхэллээ шүү дээ. Үүнийг угтаж зорилго тавьсан уу?
-Би олон зорилго тавьдаг. Нэгдүгээрт зураг зурах, спортоор хичээллэх гээд бүх хоббигоо хөгжүүлнэ. Хоёрдугаарт, би Кембридж рүү л зүтгэчихмээр байгаа учраас сайн бэлдэж байгаад шалгалтуудаа амжилттай өгнө. Би энэ жил маш шаргуу хичээллэнэ.

-Кембридж гэдэг нь ямар учиртай юм бол?
-Манай сургууль хүүхдүүдийг хоёр чиглэлээр сурах боломж олгодог. Үүний нэг нь Кембридж юм л даа. Ирээдүйд намайг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд суралцахад тусална гэсэн үг.

-Урлаг, спортод сонирхолтой юу?
-Спортод илүүтэй сонирхолтой. Гэртээ өдөр болгон дасгал хөдөлгөөн хийдэг. Хэд хоног дасгал хийхгүй байхад бие хөшчихдөг учраас өдөр бүр хийхийг хичээдэг. Бас заримдаа биеэ амрааж байхгүй бол хэт ядраах муу. Урлагийн тал дээр гэвэл би зураг зурах дуртай. Ээж төрөл бүрийн зургийн хэрэгсэл авч намайг дэмждэг.

-Дасгал хөдөлгөөнөө хаанаас сурав?
-Ихэвчлэн youtube-ээс харж байгаад өөрт тохирсон дасгал хийдэг. Заримдаа өөрөө зохиогоод хийчихдэг. Анх бие их хөшүүн байсан бол одоо уян хатан болсон.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Ном уншиж л өнгөрөөдөг дөө. Нэг сард би гурван ном уншдаг. Арав хоногт нэг ном уншиж дуусгадаг гэсэн үг.

-Ер нь ном гэж чиний бодлоор юу вэ. Уншихын сайхан нь юунд байдаг бол?
-Ном намайг маш сайн хөгжүүлдэг. Хичээлдээ сайн сурахад минь тусалдаг. Би ер нь номоор л амьдарч байгаа шүү дээ. Хичээлдээ эрт очих үед манай ангийн зарим хүүхэд утсаар тоглоод сууж байдаг. Харин би номоо уншдаг даа.

МИНИЙ МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ БОДОЛ УНШСАН НОМНООС ШАЛТГААЛАН БАРАГ ДОЛОО ХОНОГ БҮР ӨӨРЧЛӨГДДӨГ

-Номын сайн нөхөр болсон чамд уншсан номууд нь бодит амьдралд үр шимээ өгч байна уу?
-Мэдээж өгдөг. Монгол хэлний хичээл дээр дүрмээ ойлгохгүй бас зарим хэлц үгийн утгыг сайн мэддэггүй байсан. Харин ном уншсанаар бүх зүйл ойлгогдоод толгойд минь орж ирээд байгааг анзаарсан.

-Англи, Монгол хэлээр ном уншихад ялгаатай санагддаг уу?
-Ялгаатай санагддаггүй. Монгол номуудаас “Эрдэнэсийн сан” 108 ботийг уншиж дуусгасан. Одоо “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд”-ийг уншиж байна. Энд 100 гайхалтай эмэгтэйн түүхийг өгүүлдэг.

-Сошиал медиа ашигладаг уу?
-Би facebook, instagram, youtube ашигладаг. Storybooth youtube channel үзэх дуртай. Бас таалагддаг youtuber маань Sedney Serena. Гэхдээ сошиал медиад их цаг зарцуулахыг хүсдэггүй. Дуртай зүйлсээ үзчихээд л больчихдог.

-Үеийнхээ найзуудад юу гэж уриалмаар байна?
-Яг өөрийнхөөрөө байгаарай гэж л хэлмээр байна. Зарим найз маань сошиалын цагаан солио тусчихсан юм шиг байнга утас оролддог. Бас ном тогтмол уншиж суръя гэвэл бага багаар эхлээрэй. Жижигхэн түүхүүд уншиж байгаад дараа нь том хэмжээний ном уншдаг болно.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?
-Би том болоод иогийн төвтэй болно. Бас сэтгэл судлаач болно гэж боддог. Гэхдээ миний мэргэжлийн тухай бодол уншсан номоос шалтгаалаад бараг долоо хоног болгон өөрчлөгддөг.

-Ярилцсанд баярлалаа.

X
Нэвтрэх