fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Аав ээж нь хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг байснаар олон эрсдлээс хүүхдээ хамгаалах боломжтой.  Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийллээс урдьчилан сэргийлж, хамгаалахын тулд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байх ёстой талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

ҮЛ ОЙШООХ БАЙДЛЫГ ЭЦЭСЛЭСЭН ЦАГААС ХҮҮХЭД НЭЭЛТТЭЙ БОЛНО

-Аав ээжүүд хүүхэдтэйгээ багаас нь нээлттэй харьцвал хүүхэд өөрт нь тохиолдсон хүндрэл бэрхшээлийг дотроо нуулгүй явах байх. Дээр нь хүүхдэд бэлгийн хүчирхийллийн талаар тун эвтэйхнээр хэрхэн ойлгуулах вэ?
-Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл гэдэг үгийг сонсох хүнд, өөрийнх нь магадгүй ойлгогдохгүй үг байх болов уу. Монгол эцэг эхчүүдэд хамгийн нийтлэг зүйл бол хүүхэдтэйгээ юм ярихгүй байх, асуулт асуухгүй байх, асуусан асуултад нь хариулахгүй байх, үл хайхрах байдлыг үүсгэдэг.

Сэтгэл санааны болон бие бялдар, бэлгийн хүчирхийлэл гэхээс илүүтэй эхлээд хүүхэдтэйгээ ярилцаад сурчих.

Үл хайхрах бол хүчирхийллийн хамгийн түгээмэл бөгөөд хамгийн хор хөнөөлтэй хэлбэр. Ээж аавууд би хүүхдээ загнаагүй, зодоогүй, хийх юмаа л хийж байсан, хүүхэд маань ч хийх юмаа хийж л байсан гэж боддог. Гэтэл үнэндээ хүүхдээ хүн гэдэг талаас нь харахгүй, харьцахгүй болоод ирэхээр хүүхэд өөрөө үгүйсгэгдэж байгаа юм шиг, огт байхгүй, оршихгүй байгаа юм шиг мэдрэмжийг авдаг.

Сэтгэл санааны болон бие бялдар, бэлгийн хүчирхийлэл гэхээс илүүтэй эхлээд хүүхэдтэйгээ ярилцаад сурчих.

-Тэгвэл эцэг эх нь хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ?

-Манай ээж аавуудад байдаг нийтлэг алдаа хүүхдэдээ өөрсдөө сэтгэлээ нээж ярьдаггүй байж хүүхдээсээ олон асуулт асуудаг. Ингэхээр хүүхдэд байцаагдаад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрнө.

Аав ээж нь өөрсдөө хүүхдүүддээ "манай амьдрал ийм байна, бидэнд ийм асуудал байна. Чи юу хүсч мөрөөдөж байна? Аав ээж нь чамайг ийм хүн болоосой гэж хүсч байна" гэх мэтээр эхлээд өөрсдийгөө ойлгуулах хэрэгтэй.

Чимээгүй хүүхдүүдийн сэтгэлзүйг судлахад ихэвчлэн ээж аавууд нь дуугүй хүмүүс байдаг.

Бидэнд тийм чадамж хязгаарлагдмал байдаг. Хэрвээ тийм бол ээж аавууд мэргэжлийн хүмүүст ханд. Мэргэжлийн хүмүүст хандаж чадахгүй бол гарын авлага, ном унш. Үгүй бол цахим орчноос хүүхэдтэйгээ харьцах, өөрийгөө зөв илэрхийлэх тухай мэдээлэл авч болно. Эцэг эхчүүд өөрсдөө зөв ярьдаг болбол хүүхэд ярьдаг болно.

Чимээгүй хүүхдүүдийн сэтгэлзүйг судлахад ихэвчлэн ээж аавууд нь дуугүй хүмүүс байдаг. Хүүхдээс юм асуудаггүй, тэр хүүхдэд сонирхолтой байдлаар хандаагүй байдаг. Тэрийг ихэвчлэн хүүхэд “би үүнийг өөртөө хадгалах ёстой юм байна, яриад хэрэггүй юм байна” гэж боддог.

Нөгөөтэйгүүр аав ээжүүд  хүүхдээ юм ярингуут нь л буруутгадаг. Тэгэхээр хүүхэд  сэтгэлзүйн хувьд дотогшоогоо болж эхэлдэг. "Би юмаа ярих ёсгүй юм байна. Энэ хүмүүс намайг ойлгохгүй юм байна" гэж боддог. Энэ нь хүүхдийг эрсдэлтэй байдал руу түлхээд байгаа юм.

Аав ээжүүд хүүхдэдээ өдөр тутамдаа хараа хяналт тавьж чадахгүй байгаа, тэдэнд хэт найдсан, эсвэл хүүхдээ ойшоодоггүй байдлаас үүдэж гарсан хэргүүд давтамжтай байна.

Албан бус тоогоор 300 шахам ийм хэрэг шүүх дээр очиход үүний ард 300 гэр бүл, 300 хүүхдийн асуудал яригдаж байна. Тэр болгон дээр аав ээжүүд өөрсдөө зөв хандлагатай байх,  хүүхэдтэйгээ зөв харилцах, үл ойшоох байдлыг эцэслэсэн цагаас хүүхэд нээлттэй байж эхэлнэ, асуудлаа ярина, ойр дотно байж чадна. Байнга биеэр хараа хяналт тавьж чадахгүй юм гэхэд сэтгэл санааны хувьд хараа хяналттай байна гэсэн үг.

Нөгөө талаар хүүхдэдээ юу юугаа ярьж, хуваалцах ёстой вэ гэдгийг аав ээжүүд сайн ойлгуулж байх хэрэгтэй.

-Багадаа хичээлээ тараад орцондоо ортол нэг хүн өмдөө шувтлаад зогсож байсныг санадаг юм. Жаахан байсан болохоор айх гайхах зэрэгцээд, огт ойлгоогүй өнгөрсөн. Гэхдээ тухайн үед тэр тухай аав ээждээ хэлэх ёстой гэдгийг мэдээгүй л дээ. Тийм явдалтай таарч байсан тухай миний үеийнхэн их ярьдаг. Гэтэл одоо ч ийм хүмүүс байдгийг үгүйсгэхгүй?
-Би ч бас тийм байдалд орж байсан. Манай сургуулийн гадаа нэг хүн ирээд өмдөө  шувталж зогсдог байсан. Сургууль даяараа хүүхдүүд мэддэг байсан хэрнээ багш нартаа хэлж байгаагүй. Тэрийг хэлэх ёстой гэж бидэнд хэн ч хэлээгүй байсан. Манай багш нар ч, эцэг эх маань ч хэлээгүй.

Телевиз, радиогоор ч тэр тухай ярьж байсангүй. Хэрвээ тийм юм болбол шууд эцэг эхдээ хэл, цагдаад мэдэгд гэж хэлж байх ёстой. Цагдаагийн дугаар 102 юм шүү гэж хэлэх ёстой. Тийм мэдээллийг эцэг эхчүүд хүүхдэдээ хэлж байх ёстой. Мөн энэ тухай хүүхдэд зориулсан контентууд,  кино, нэвтрүүлэгт нь  суулгаж өгөх хэрэгтэй.

-Хүүхдэд хүсэхгүй бол заавал хэн нэгнийг үнсэх, хэн нэгэнд үнсүүлэх, тэврүүлэх хэрэггүй, хэн нэгэн биед нь хүрвэл аав ээждээ хэлэх,  итгэж болох хүмүүстээ хэлдэг байх гэх мэт зөвлөгөө өгсөн байсан?
-Гэтэл бид ийм ойлголт өгөх байтугай хүүхэдтэйгээ  эвтэйхэн ярьж чадахгүй байна. Хүүхдээ ийм мэдээллээр хангах, тэр талын мэдээлэл нь аав ээжүүдэд өөрсдөд нь байхгүй.

Хүүхдэдээ юу хэлж ойлгуулснаар аюулгүй байх вэ гэдгийг эцэг эхчүүд мэдэхгүй байна. Аав ээжүүд өөрсдөө маш сайн танин мэдэх, соён гэгээрэх ёстой. Өөрсдөө ухамсартай байх ёстой.

Нөгөө талдаа гэр бүл салалт их байна. 2016 оны байдлаар 16700 орчим гэр бүл гэрлэлтээ батлуулаад 4000 орчим гэр бүл шүүхээр албан ёсоор цуцлуулсан. Үүний ард 4000 орчим хүүхэд өнчин үлдэж байна. Эргээд тэдэнд тавих хараа хяналт хагас болж байна. Үүнээс дахиад аав ээжийн хариуцлага гарч ирнэ.

Насанд  хүрээгүй хүүхдүүдэд аав ээжийн хариуцлага, хараа хяналт, хүүхдийн биеийн байдал,  сэтгэлзүйн байдлыг анзаарч ярилцах нь хамгийн чухал. Гэтэл тэр хэрэгцээг нь хангахгүй  бол хүүхэд гэртээ тогтохгүй, дэмий тэнэнэ, буруу хүмүүстэй нийлэх, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ, хүчирхийлэл гэх мэт эрсдэл дагуулж байна.

-Энэ сэдвээр хүүхдийн хэлээр маш энгийнээр яаж ойлголт өгөх вэ?
-Ойлгомжтой хэлээр хүргэхэд бэрхшээлтэй бол мэргэжлийн хүмүүст л хандах хэрэгтэй. Тухайлбал, эмч нар, сэтгэл судлаач, нийгмийн ажилтнуудтай хамтраад ойлгуулж болно. Эсвэл хүүхдүүддээ ойлгуулах номнууд уншуулж өгч болно. Хүүхдэдээ ойлгуулах гэж байна гээд айлгаж ичээж болохгүй.

Тэр эрсдлүүдээ сайн бодолцох хэрэгтэй. Өөрөө хэлбэл хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогийг бодолцож байх хэрэгтэй. Долоон настай хүүхдэд юу хэлэх, 17 настай хүүхэдтэй хэрхэн харьцах нь том ялгаатай. Тэр болгонд эрэгтэй хүүхдэд, эмэгтэй хүүхдэд юу гэж хэлэх үү, хэзээ, хаана хэлэх үү гэдгийг болгоомжтой ойлгуулах нь чухал.

-Эцэг эхээс нь өөр хүн хүүхдээ усанд оруулж байхдаа биеийнх нь зарим хэсэгт хүрч болохгүй гэсэн заавар зөвлөгөө уншлаа. Гэтэл аав гэдэг үгийг оруулах нь зөв үү? Зарим тохиолдолд төрсөн аав нь ч хүүхдээ хүчирхийлсэн тохиолдол гарсан байх юм.
-Мэдээж аав, ээж хоёулаа л хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд оролцоотой байж, хэн нь хүүхдээ усанд оруулах вэ, хэдэн нас хүртэл нь оруулах талаар ярилцдаг байх хэрэгтэй.

-Жишээ нь аав нь охиноо усанд оруулах...
-Ер нь тэр тийм зөв ойлголт бас биш. Ихэвчлэн ээж нь охиноо, аав нь хүүгээ усанд оруулах нь илүү зөв. Хүүхэд хоёр наснаас ухаан орж эхэлдэг. Хүүхэд ухаан ороход санаа зовж ичдэг болдог.

ГЭМТ ХЭРЭГТЭНГ ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛГЭЭНЭЭС ТҮРҮҮЛЖ ЭЭЖ ААВУУД ӨӨРСДӨӨ СОЁН ГЭГЭЭРЭХ ХЭРЭГТЭЙ

Гэмт хэрэгтэнг үзэн ядах сэтгэлгээндээ биш, ээж аавууд өөрсдөө маш сайн соён гэгээрч "Надад ямар асуудал байна. Ийм хэргүүд гараад байвал бид яах ёстой вэ" гэдгийг бодолцож байх хэрэгтэй.

-Хүүхдийг муухай нүдээр хараад байгаа гэмт хэрэгтнүүдийн сэтгэлзүйд хийсэн судалгаа байдаг болов уу. Сэтгэлзүйн хувьд тийм хүмүүсийг таних арга тал байдаг уу?
-Үүн дээр би тоймтой юм хэлмээргүй байна. Бүрэн судлаагүй байж хэлэх хэцүү.  Хүнийг ийм тийм үйлдэл гаргачих байх гэж танихад хэцүү. Үүн дээр эцэг эхийн хараа хяналт хэрэгтэй. Бид гэмт хэрэгтэн гэхээр тийм байдаг гэж нэг тодорхойлолт гаргачихлаа гэхэд магадгүй тэр хүн нь настай хүн, эсвэл залуухан, насанд хүрээгүй ч байж болно.

Өндөр боловсролтой, эсвэл боловсролгүй ч байж болно. Эсвэл таньдаг хамаатны хүн, эсвэл огт таньдаггүй хүн байж болно.  Яг тийм гэж хэлэх маш бэрхшээлтэй.

-Энэ хэргүүд юунаас болж гардаг вэ?
-Үнэндээ эцэг эхийн л асуудал шүү дээ. Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгаалах тухай хуулиараа 0-18 насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь харах үүрэгтэй. Тэр үүргээ л эцэг эх биелүүлэх ёстой.

Эцэг эх нь салаад явчихсан бол асран хамгаалагч нь харж хандаж, эрүүл аюулгүй, тайван амьдрах нөхцлийг нь тэр хүмүүс л хангаж өгөх ёстой. Аав ээжүүд үүнийг өөрсдөө маш сайн ойлгох хэрэгтэй. Гэнэт нэг хүн гарч ирээд л бүх юм болохоо больчихсон юм шиг ханддаг.

Гэмт хэрэгтэнг үзэн ядах сэтгэлгээндээ биш, ээж аавууд өөрсдөө маш сайн соён гэгээрч "Ямар асуудал байна. Ийм хэргүүд гарвал бид яах ёстой вэ" гэдгийг бодолцож байх хэрэгтэй.

Хүмүүс хүүхдээ харж хандана гэхээр 24 цаг хажуудаа байлгана гэж ойлгоод байдаг. Хүүхэдтэйгээ ярилцаад, заавар зөвлөгөө өгч, ийм юм байвал болохгүй шүү, хэлээрэй гэвэл хүүхэд ойлгоно.

Хичээлээ тараад гэртээ яаж ирвэл зүгээр вэ, хэдэн цагаас хэдэн цагийн хооронд автобусанд сууж болох, таксинд суухдаа юуг анхаарах ёстой вэ гэх мэт зааварчилгааг өгч байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх