fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Харилцаа хандлага нь хоорондоо уялдаа холбоотой ойлголт бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгддэг. Хандлага нь тухайн хүнийг маш олон талаар таниулж байдаг ба үйлдэл хийхдээ өөрийн үзэл бодлоо ч давхар илэрхийлж байдаг.

Хандлага гэр бүлийн орчинд хүүхдэд суугддаг. Хэрэв хүүхэд сөрөг хандлагатай орчинд өссөн бол энэ нь хүүхдийн бие хүн болон төлөвших хүртэл маш олон сөрөг үр дагаварт хүргэж байдаг бөгөөд өөрчлөгдөхгүйгээр гүн суугдаж болно. Эцэг эхчүүд дараах сөрөг хандлагуудыг түгээмэл гаргадаг. Үүнд:

  • ӨМӨӨРӨХ

Тэд хүүхдээ хэт эрхлүүлж хэт зөөлөн ханддаг. Хайрлаж байна гээд л хүүхдийнхээ алдаа дутагдлыг нь тоохгүй, хүмүүжлийн ямар нэгэн арга хэрэглэдэггүй. Байнга бусдаас өмөөрнө. Эдгээр хандлага нь хүүхдийг буруу зам руу л хөтлөн оруулдаг. Ийм хандлага дор өссөн хүүхэд өөрийгөө буруугүй гэж боддог бөгөөд гэмт хэрэг хийх нь элбэг. Мөн бие даах тал дээр их асуудалтай болно.

  • ХАТУУРХАХ

Ихэнх эцэг эхчүүд ийм хандлагатай байдаг. Эцэг эх нь огтхон ч элгэмсэг дотно харилцаагүй, хэт зарчимч байна. Ийм хандлага дор хүүхэд нэг бол хэт гөжүүд, эсвэл хэт бүрэг байдаг. Жил ирэх тусам энэ байдал хүүхдийн хувьд тэсвэрлэхэд бэрх болж эргээд эцэг эхдээ хатуу ширүүн авирлаж эхэлнэ.

  • ШААРДЛАГА ХЭТ ӨНДӨР БАЙХ

Ийм аав ээж нар хэт хайрлах нэрээр хүүхдээс төгс төгөлдөр байхыг шаардаж байдаг. Ихэвчлэн ганц хүүхэдтэй, өндөр орлоготой айлууд л хүүхдэдээ өндөр шаардлага, хатуу дүрэм журам мөрдөхийг тулгадаг. Энэ хандлага дор өссөн хүүхэд өөртөө итгэх итгэлээ алддаг бөгөөд шинээр юм турших, шинэ оролдлого хийж алдаа гаргахаас айх айдастай болдог.

  • ҮЛ ТООХ

Аав ээжүүд хэт хөндий байдаг ба мөн л өөрсдөө багадаа хайрлуулж өсөөгүй байдаг. Ийм айлын хүүхдүүд хайрыг бусдаас эрэлхийлдэг ба бусдад амархан дурлах, хэт эрт гэр бүл болж алддаг. Өсвөр насандаа буруу зүйлд амархан татагдах, бэлгийн харилцаанд маш эрт орох хандлагатай.

  • ТОГТВОРГҮЙ БАЙХ

Ийм аав ээж хүүхдийн хүмүүжил харилцаа хандлага тал дээр нэгдмэл санаагүй байдаг. Хоёул өөр өөрийн хүмүүжлийн арга барилаар зүтгэдэг. Мөн үзэл бодол нь хатуу байдаг. Хүүхэд аав ээжийнхээ энэ байдлыг сайхан ашиглана. Ийм орчинд өссөн хүүхэд санаа муутай эсвэл маш зальтай болдог.

  • ХЭТ ХАЙРЛАХ

Хүүхдийг хэт магтаж хэт шүтнэ. Хүүхэд өөрийгөө бурхнаас дээгүүр үзнэ. Ийм аав ээж өөрсдөө сул дорой, чадваргүй байх нь бий. Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг ба хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг.

Хүүхдийн суурь хүмүүжил 0-6 насанд байдаг. Энэ үед л аав ээж санаа нэг байж, хүүхдийн хүмүүжилд эерэг байж чадвал, хүүхэд өсвөр насанд тулгарах асуудлыг аав ээжийн тусламжтай даван туулаад, эерэг зөв хандлагатай бие хүн болон төлөвшдөг.

Зөвлөх: Н. Ариун-Эрдэнэ

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх