fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд хүмүүжүүлэхэд тохиолддог нийтлэг асуудлын нэг нь хүүхдийн айдас юм. Айдас олон төрөлтэй. Айдас /phobia/ гэдэг нь бодит аюул заналхийлээгүй тодорхой хүчин зүйл болон нөхцөл байдлаас айж түгшихийг хэлдэг.

Жишээ нь: Цахилгаан шатанд суухаас, өндрөөс, харанхуйгаас, тариа хийлгэхээс айх, аалзнаас айх, үслэг зүйлээс айх гэх мэт. Том хүмүүс айдсын талаар ярихдаа ихэнхдээ бага насандаа авсан айдас түгшүүрийг ярьдаг.

Харин хүүхдүүд харанхуй өрөөнд цоожлогдохоосоо, ганцаардлаас, хий үзэгдлээс, кино хүүхэлдэйн мангаснаас, цэцэрлэг сургуульд элсэн орохоос, найз солигдох, аав ээж салах гэх мэт зүйлсээс айдаг. Учир нь дээрх айдсууд нь хүүхдийн хувьд тодорхойгүй.

Хамгийн анхны айдсыг аав ээж өөрсдөө бий болгодог. 0-3 насандаа хүүхэд бүх зүйлийг яг бодитоор хүлээж авдаг байна. Хүүхдийг унтуулахын тулд "ийййй, нохой гарч ирлээ", "чамайг танихгүй хүнд өгч явууллаа" гэх мэтээр айлгахаар бяцхан хүүхэд үүнийг нь тархиндаа бичиж авдаг.

Айдас ихтэй өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, идэвхгүй хүн болно. Хүний өөдөөс эгцэлж харахгүй, цэцэрлэг сургуульдаа ч явж чадахгүй, унтаж идэж ч чадахгүй болдог.

ГАНЦААРДЛААС АЙХ
Аав ээжүүд хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй, цаг гаргадаггүй, зурагт хэт үзүүлдэг, зурагтаар аргацаадаг, утас их үзүүлдэг бол хүүхдэд ганцаардлын айдас бий болдог. Энэ бол маш олон сөрөг талтай. Бас хүүхэд танихгүй хүнтэй үлдэхдээ ганцаараа үлдэж байгаа мэтээр хүлээж авдаг. Аав, ээжүүд хүүхдэдээ цаг гаргах, харилцан ярилцах, тоглох хэрэгтэй.

ХАРАНХУЙ ӨРӨӨНӨӨС АЙХ
Аав ээжүүд хүүхдийг шийтгэх зорилгоор ариун цэврийн өрөө, харанхуй өрөөнд түгждэг. Харанхуйд үлдэх нь хүүхдийн айдас маш өндөр болдог. Мөн аав, ээждээ зэмлүүлэх нь өөрт нь хайргүй гэж ойлгодог. Зарим хүүхэд өдөр, шөнө ээлжлэхээс айдаг. Яагаад өдөр, шөнө ээлжилдэг талаар тайлбарлах, хүүхдийг өрөөнд хорьж шийтгэх нь маш хортой үр дагавартай тул үүнийгээ болих шаардлагатай.

ААВ, ЭЭЖИЙН АЛЬ НЭГНЭЭС АЙХ
Аав, ээжийн аль нэг нь хүүхэдтэйгээ буруу харилцдаг, байнга буруутгадаг, шүүмжилдэг, зоддог бол хүүхэд айдаг. Юм хэлээд загнуулж байснаас гээд ярихаа байж, битүү болгоомжилж хөндийрдөг. Аав, ээж өөрийн хандлага харилцаагаа засах, хүүхдэд гар хүрэхээ болих, хайр халамжаа мэдрүүлэх, хүүхдийн итгэлтийг олж авах хэрэгтэй.

ЗОДУУЛАХААС АЙХ
Хүүхдийг ямар нэг буруу зүйл хийх үед нь зодох, гар хүрдэг бол хүүхэд айдастай болдог. Ингэснээр хүүхэд аймтгай, худлаа хэлдэг. Хүүхдэд гар хүрэхгүйгээр буруу зүйлийг нь яагаад буруу байсанг тайлбарлаарай.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС АЙХ
Хүүхдүүд цэцэрлэг, сургуульд орохдоо айж, уйлдаг. Энэ нь тодорхойгүй бус ойлгомжгүй байгаагаас уйлж, айдсаа илэрхийлж байдаг. Аав ээжүүд хүүхдийн дэргэд ямар багш таарах бол гэж их ярьдаг нь буруу юм. Цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаарай.

ҮЗЭЖ БАЙГАА КИНО, НЭВТРҮҮЛГЭЭС АЙХ
Хүүхэд үзэж байгаа нэвтрүүлэг, кино, сүнс, хий үзэгдэл зэргээс айж, тэдгээр хий зүйлсийг бодит байдлаас салгаж чаддаггүй. Тиймээс, унтахын өмнө нь бага зэрэг тоглох, сайхан зүйл ярилцах, хүүхдийн дэргэд томчууд элдэв зүйл үзэхээс сэргийлэх.

Хүүхдийн айдсыг намдаах арга нь аав ээж таны хүүхэдтэйгээ хамт байх цаг, харилцан ярилцах, халуун дулаан тэврэлт юм шүү.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх