fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өдөр бүр тулгардаг асуудлыг эцэг эхчүүд хэрхэн шийдвэрлэж, хүүхдээ “зөв сайн хүн болгох” зорилгодоо хүрэхэд нь туслах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой эцэг эхчүүдээс ирсэн, түгээмэл гардаг асуултуудад Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгээс хариулт авснаа хүргэж байна.

Асуулт 1: Таван сартай хүү маань маш их уйлах юм. Нөхөр маань эхэндээ хүүгээ аргадаж надад тусалдаг байсан ч, сүүлдээ төвөгшөөдөг болсон. Нэг удаа надад “Чимээгүй байлга л даа” гэж хэлсэн. Би энэ үгэнд нь гомдсон ч, нөхрөө ажилдаа ядраад, бухимдаж байна гэж ойлгосон. Интернэтээс энэ талаарх мэдээллийг уншиж, судлахад  ээж нь жирэмсэн байхдаа сэтгэл санааны дарамттай байсан бол хүүхэд нь уйланхай болдог гэж байсан. Миний хувьд би жирэмсэн байхдаа тэгж их стрессдэж, дарамтад орсон зүйл байхгүй. Хүүхэд бүр ингэж их уйлдаг уу? Манай хүүхдэд асуудал байна уу?

Хариулт:  Нялх нярай үрс маань энэ ертөнцөд мэндлээд бүх амьдралаа цоо шинээр эхэлдэг. Тэд олон зүйлийн утга учрыг ойлгодоггүй, бүх зүйл тэдний хувьд шинэ байдаг учир олон зүйлээс айж, цочдог. Сэтгэл судлалд үздэгээр хүн үл таних орчинд орох үед тавгүйтэж, тархины айдсын төв идэвхжиж эхэлдэг. Мөн хүн ойлгохгүй байгаа зүйлээсээ айдаг. Гэтэл бяцхан нярайн хувьд бүх зүйлс өмнө нь харж байгаагүй үл мэдэгдэх, шинэ зүйлс байдаг. Тиймээс энэ насанд эцэг эхчүүд хүүхдээ маш их эвийлэн энхрийлж, элэгсэг дотно сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэд тэврүүлэх дуртай байдаг. Учир нь хэн нэгэнд тэврүүлж буй үедээ тэд айдасгүй, тайван байдлыг мэдэрдэг. Хүүхэд тань тантай байхдаа амар амгаланг мэдэрч байвал танд ээнэгшиж, танд итгэж цаашлаад өөртөө ч итгэдэг хүн болж төлөвшдөг гэж үздэг. Өөртөө болон бусдад итгэх ИТГЭЛ нь түүний энэ амьдралдаа эзэмших ёстой хамгийн чухал суурь сэтгэл зүйн чадвар юм.

Түүнчлэн нялх, нярай хүүхдэд ямар нэг зүйл хэрэг болбол тэд уйлж илэрхийлдэг. Уйлах нь тэдний ээж, аавдаа өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, болохгүй байгаа зүйлээ хэлэх ХЭЛ ЯРИА юм. Эцэг эхчүүдийн үүрэг нь тэднийг ойлгож, хэрэгцээг мэдэрч, хэрэгтэй зүйлсийг нь гүйцэлдүүлж биелүүлэх юм. Хүүхэд таныг “уурлуулахын төлөө” уйлдаггүй гэдгийг өөртөө болон гэр бүлийнхэндээ үргэлж сануулж байгаарай.

Хүүхэд уйлах нь хэвийн л зүйл. Англи улсад хийгдсэн судалгаагаар нярай хүүхэд өдөр дунджаар 2 цаг уйлдаг. Хэрвээ түүнээс их уйлж байвал үүнд анхаарал хандуулах шаардлагатай юм. Тиймээс шинээр эцэг эх болж буй хосууд маань хүүхэд уйлна гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Гол нь түүнд аюулгүй орчинд байгаа гэдгийг нь мэдрүүлж чадвал хүүхэд тайвширч, уйлах нь багасдаг. Хүүхэд уйлахаараа юуг илэрхийлж байгааг нь мэдрээрэй. Өлсөөд уйлж байна уу, нойтогноод уйлж байна уу гэдгийг олж мэдээд, хүүгээ хооллож, хуурайлаарай. Монголчууд ярихдаа эрэгтэй хүүхэд шөнө уйлдаг, түүнийгээ адуугаа манах гээд унтахгүй байна гэж ч мөн ярьж, модоор уурга хийж, дэрэн доогуур нь тавьдаг дом байдаг. Танд үр дүнгээ өгч байвал, домноод үзэхэд буруудах зүйл үгүй билээ.

Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргуудын талаарх олон чухал мэдээллийг та Японы Хүүхдийг Ивээх Сангаас яг одоо санаачлан хэрэгжүүлж буй #ХайраарҮлгэрлэе аянаас авах боломжтой. Хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байж, хайраар үлгэрлэе.

X
Нэвтрэх