fbpx

Мэдээ, мэдээлэл

image
Хэрвээ таны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд тун удахгүй элсэн орох эсвэл бага ангид суралцдаг бол дараах зөвлөмжийг хүргэе.

Ихэнх хүүхдүүд 5-9 насандаа сургуульд орсноор амьдралд нь хамгийн их өөрчлөлт ордог. Тэдэнд энэ үед:
- Эцэг, эхийнхээ туслалцаагүй биеэ авч явах, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, хамгаалах,
- Ээж, ааваасаа өөр олон том хүмүүс, хүүхдүүдтэй харилцаж, тэдний хүсэж байгаа зүйлийг хийж чаддаг болох,
- Танихгүй орчинд дасан зохицож, шинэ дэг жаяг, цагийн хуваарийг мөрдөх зэрэг багагүй бэрхшээлтэй учирна.
#ХайраарҮлгэрлэе! хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээх аяны хүрээнд эрхэм эцэг эх танд хүүхдийнхээ дахин давтагдашгүй, онцгой чанарыг хүндэтгэж, аливааг даван туулах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх дараах аргуудыг зөвлөж байна.

ХҮҮХДЭЭ СУРГУУЛИЙН АМЬДРАЛД ЭРТНЭЭС БЭЛД

1. Ирээдүйд сурах сургуультай нь танилцуул. Хичээллэх анги танхим, сургуулийн зохион байгуулалтын талаар тайлбарлан ярилц.
2. Олон хүүхдүүдтэй хамтдаа суралцана гэдгийг, мөн тэдний ааш зан өөр өөр болохыг ойлгомжтойгоор тодорхой жишээн дээр тайлбарла.
3. Сургууль дээр мөрдөх дүрэм журам, цагийн хуваарийн тухай тайлбарлахдаа “багш, сурагч” болж тоглох зэргээр тоглоомын аргыг ч ашиглаж болно.

СУРГУУЛЬД ОРСНЫ ДАРАА ХҮҮХДЭДЭЭ СУРАХ АРГА БАРИЛАА ОЛОХОД НЬ ДАРААХ БАЙДЛААР ТУСЛААРАЙ

Зорилгыг нь ойлгуул
Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи сурах ёстой, гэрийн даалгавар хийх ёстой” гэж муйхраар харилцвал түүний сурах сонирхлыг улам л бууруулах болно. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хичээл хийх нь ямар ач тустайг тайлбарлаарай.

Арга барилыг нь олуул
Унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх зэрэг аргыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй. Төлөвлүүлж, завсарлуулж, амраах аргаар залхаалгүй үргэлжлүүлээрэй.

Хүүхэдтэйгээ уралд
Өрсөлдөх сэтгэлийг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгох занд сургадаг бөгөөд тэд тоглоом тоглохоор илүү хичээдэг. Иймд тоглоомын аргыг ашиглаарай.

Бие даалга
Та хүүхдийнхээ өмнөөс аливаа даалгаврыг хийж өгөлгүй асуусан асуултад нь асуултаар хариулан өөрөө бие даан хийхэд нь тусал.

Үргэлж урамшуул
Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсанд нь урмын үг хэлбэл хүүхэд тань ирээдүйд улам хичээн суралцах болно.

Эх сурвалж: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх