fbpx

Ээж, аавуудад

image

Өөрийн бүхий л хайраа өгсөн бяцхан үр тань нэг л өдөр өөдөөс чинь үг хэлж, хүндэтгэлгүй харьцаж байна уу? Загнасан ч, аргадсан ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна уу? Тэгвэл дараах зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна.

1. ХООЛОЙН ӨНГӨНДӨӨ АНХААР

Мэдээж энэ нөхцөл байдалд тайван байдлаа хадгалж үлдэх хэцүү. Гэхдээ эцэг эх нь өөрөөс нь огт ялгарах зүйлгүйгээр хашхичин загнаж, хараал хэлж, хүндэтгэлгүй харьцаад байвал хүүхэд буруу зүйл хийснээ ухамсарлах болов уу? Мэдээж үгүй.

Тиймээс та энэ үед өөрийгөө хянаж, бусдыг хэрхэн хүндлэх талаар үйл хөдлөлөөрөө үлгэрлэх нь чухал. Мөн нүдний түвшинд харилцах нь чухал шүү.

2. АСУУДЛЫГ ОЙЛГОХ

Хүүхэд тань одоо ч өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах шатандаа явж байгаа. Тэд зарим нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авахаа сайн мэддэггүй учир тэвчээргүйтэх, бухимдах зэрэг нь хэвийн зүйл. Мөн уурласан, гомдсон, айсан үедээ л иймэрхүү таагүй үйлдэл гаргадаг учир шалтгааныг нь олох хэрэгтэй. 

Эцэг эхчүүд хүүхдэдээ өдөрт хамгийн багадаа 15 минутыг зориулж, тухайн өдөр юу болсон, одоо юу мэдэрч байгаа зэргийг нь асуун ярилцаж байвал тантай хүндэтгэлгүй харьцах асуудал багасна.

3. УУРЛАЖ БАЙГААГ НЬ ОЙЛГОЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭХ

Сэтгэл судлаачид хүүхэд эцэг эхтэйгээ хүндэтгэлгүй харьцах үед тэднийг уурлаж бухимдаж байгааг нь ойлгож байгаагаа илэрхийлэх нь хамгийн зөв арга гэж үздэг. Тухайлбал, "Ээжийгээ/аавыгаа гомдоох гээд ийм муухай үгс хэлээд байгаа юм шиг санагдаж байна шүү. Ээжтэйгээ/аавтайгаа ингэж харьцаж байгаа юм чинь миний хүү их уурлаж ээ дээ" гэх маягаар харилцана гэсэн үг. 

Хэрэв хүүхэд тань энэ байдлаа өөрчлөхийг огт хүсэхгүй байвал хүндэтгэлтэй харьцахаас нааш ярилцахгүй гэдгээ хэлээрэй. Тухайлбал, "Ээж/аав нь чамтай ярилцмаар л байна. Гэхдээ ийм өнгө аясаар яриад байвал чадахгүй нь дээ" гэх маягаар харьцана.

4. ДУРТАЙ ЗҮЙЛТЭЙ НЬ ХОЛБО

Энэ арга үл ялиг түрэмгий санагдаж болох ч хүүхэд бусадтай эелдэг харьцах нь ямар давуу талтайг ухаарах ёстой. Цэхэлзэх, нүдээ ийш тийш нь эргэлдүүлэх, янз бүрийн авиа гаргах, хараал хэлэх зэрэг үйлдэл гаргасан бол ямар үр дагавар гарахыг ойлгуулаарай. 

Шаардлагатай бол гэрийн ажил хийлгэх, зурагт үзэх цагийг нь багасгах зэрэг шийтгэл ноогдуулж болно. 

5. ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХИЙГ НЬ ДЭМЖ

Хүүхэд ямар ч тохиолдолд өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэх нь сайн зүйл гэдгийг ойлгоорой. Хамгийн гол нь үүнийгээ нөхөрсөг, эелдэг байдлаар л илэрхийлэх ёстой.

Хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж, тэднийг чин сэтгэлээсээ ойлгохыг хүсэж байгаагаа мэдрүүлээрэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд өөрийг тань "дайсан"-аа гэж хүлээн авахгүй.

6. ХҮҮХДЭЭ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭ

Хүүхэд тань хэдийгээр буруу зүйл хийсэн ч тэднийг шийтгээд л болчихно гэдэг ойлголттой бол та ч бас өөрчлөгдөх хэрэгтэй шүү. Хүүхэд тань ихэвчлэн хэзээ, ямар тохиолдолд ийм зан авир гаргаж байгааг ажиглаарай. Жишээлбэл сургуулиа тараад ирэхдээ ядарчихсан, бухимдчихсан ирдэг ч байж болно шүү дээ.

7. ЭЕРЭГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НЬ ДЭМЖ

Сөрөг зан авир гаргасных нь төлөө шийтгэсэн юм чинь эерэг хариу үйлдэл үзүүлж, өөртэй чинь "хамтарч" ажилласных нь төлөө ч мөн магтах хэрэгтэй шүү дээ. Үнэхээр таны энэхүү арга үр дүнгээ өгч, хүүхэд тань тайвширч, тантай хүндэтгэлтэй харьцаж эхэлсэн бол хүүхдээ тэвэрч, магтаж, талархлаа илэрхийлээрэй.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх