fbpx

Мэдээ, мэдээлэл

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан ерөнхий зохицуулагч эмч Д.Бямбадалай

Эцэг эхчүүдийн нийтлэг асуудаг асуултад ийн хариулж байна.

-Есдүгээр сарын эхээр цаг агаар харьцангуй дулаан байсан ч ханиад, томуу туссан хүүхдүүд их байна гэж байсан.
-Улирал солигдох үед хүүхдийн хувцаслалтыг тохируулаагүйгээс, бага насны хүүхдийн бие махбодийн хүйтэнд дасан зохицох чадвар сул байдгаас шалтгаалаад ханиад, томуу хүрэх нь элбэг байна. Дээр нь хоёр нас хүртлээ гэртээ бойжиж байсан хүүхдүүд олон нийтийн бүлэгт ороод ирэхээр өвчлөмтгий болно. Тав хүртэлх насны хүүхэд жилдээ 5-8 удаа амьсгалын замын өвчнөөр өвддөг хэдий ч хүүхэд бүр хүндрээд байдаггүй. Тураал, цус багадалт, жингийн илүүдэл болон дутуу зэрэг суурь эмгэгтэй, дархлаа дутмаг хүүхдүүд илүү хүндээр өвдөж, хоёрдогчоор нянгийн халдвар авах, вирүсийн хатгалгаа болох зэргээр хүндэрдэг. Олон дахин өвдөх, ханиад томуу удаан үргэлжлэх, хатгалгаа болж хүндрэх, бусад эрхтэн тогтолцооны хүндрэл болох зэрэгт хүүхдийн дархлаа чухал.

-Ханиад, томууны шинж тэмдэг дөнгөж илэрмэгц ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Хүүхэд нурмайгаад, хоолондоо дургүй болоод ирэх үед эцэг эхчүүдийн авч буй арга хэмжээ чухал. Дөнгөж ханиад хүрэнгүүт нь гэрийн нөхцөлд эмчилж, асарч сувилах хэрэгтэй. Гэвч манайд ийм боломж тэр бүр байдаггүйгээс ханиадтай хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулсаар байдаг. Тэгэхээр хүүхдийн ханиад хүндрэх, бусад хүүхдэд халдаах эрсдэл өндөр. Манай цэцэрлэг, сургуулийн нягтаршил их байна. Дунджаар нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байна гэхээр нэг хүүхдэд оногдох талбай бага байгаа нь өвчлөлд нөлөөлж, олон дахин ханиад томуугаар өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Боломжтой бол халдвартай хугацаа нь нууц үеэс 2, шинж тэмдэг эхэлснээс 5 хоног халдвартай гэдэг. Нууц хугацааг нь тэр бүр мэдэхгүй учраас шинж тэмдэг илэрснээс хойш 5 хоног гэртээ асарвал их зүгээр. Оронд нь хэвтүүлээд халуун банн, гичтэй усанд хөлийг нь дүрэх гэх мэт цусны эргэлтийг сайжруулах зүйлсийг хийж болно. Халуурч байгаа хүүхэд амархан хордлогод ордог учраас халуун бүлээн шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй.

Ханиад томууны үед хүний биед витамин С дутагдаж байдаг тул насанд нь тохируулаад өгөх хэрэгтэй. Ханиад томууны үед хүүхдийн идэх дуршил буурдаг тул сонирхолтой аргаар бага багаар ч хамаагүй хооллож байх хэрэгтэй. Мөн уусмалуудаар зайлж байх хэрэгтэй. Давсны уусмалаар их зайлах нь салстыг хатингаршуулдаг учраас бас болгоомжтой байх хэрэгтэй.

-Ханиалгаж эхлэнгүүтээ ханиад боллоо гээд байдаг. Юунаас болж амархан хүндрээд байна вэ?
-Янз бүр. Хүүхдийн дархлаа нэгт нөлөөтэй. Хүүхдийн амьсгалын зам маш богинохон. Тэгэхээр вирүсийн хоруу чанараас шалтгаалаад амьсгалын замыг үрэвсүүлж болно.

-Дархлааг дэмжихийн тулд витаминуудыг өгдөг. Тав хүртэлх насныханд өндөр тунтай витаминуудыг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан өгдөг. Түүнээс дээш насныханд ямар витамин зөвлөх вэ? 

-Хүүхдүүддээ насанд нь тохирсон олон найрлагат амин дэмийг өгч байх хэрэгтэй. Манай орны хувьд хоол хүнсээр дамжуулаад хэрэгцээт аминдэмийг авах боломж тийм ч их биш. Тэгэхээр нэмэлтээр өгөх нь зүйтэй. Олон найрлагат витамин бол урьдчилан сэргийлэх л зориулалттай. Түүнээс эмчилгээ биш. Аль ч витамин хүүхдийн насанд тохирсон урьдчилан сэргийлэх тунгаар байдаг. Өндөр тунгаар байдаг витаминууд дан дангаараа байдаг. Жишээлбэл, А, Д зэрэг витаминууд байна. Олон найрлагат витаминыг эмчийн заавар гэлгүй уулгаж болно. Гэхдээ нэг удаад хоёр витамин давхар уулгахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хүйтэн юм уув уу үгүй юу, бага зэрэг даарвал хоолой нь өвддөг, тэр нь олон давтамжтай хүүхдүүд байдаг?
-Хоолой их өвдөж байна гэдэг архагшчихсан байна гэсэн үг. Хоолойны мах бондойчихдог юм. Түүнд нь үүсгэгчүүд унтаа байдалд байж байдаг. Яагаад унтаа байдалд байна вэ гэхээр хүүхдийн хоолой өвдөхөд эцэг эхчүүд 3-4 хоног антибиотик өгөөд зовуурь нь гайгүй болоод ирэнгүүт нь уулгахаа больчихдог. Тэгэхээр нянгуудыг устгаж чадахгүй, идэвхгүй байдалд оруулдаг. Ингээд хүүхэд даарах, хүйтэн юм идэж, уух, дархлаа нь сулрах гээд нянд таатай орчин бүрдэхээр сэргэдэг. Иймэрхүү архаг голомт байгаа бол хүүхэд өвчлөмтгий байдаг. Архаг голомтод хоолой, шүдний өвчлөл зэрэг архаг голомт байвал дархлаа сул, өвчлөмтгий байдаг.

-Антибиотикийн зохисгүй хэрэглээ бас үүнд нөлөөлдөг үү?
-Антибиотикийн зохисгүй хэрэгцээ нэг үеэ бодвол гайгүй болоод байна. Дураараа антибиотик өгдөг нь багасаад байна уу гэж харж байна. Гол нь шинж тэмдэг дарагдсан байсан ч эмчийн бичиж өгсөн хугацааг дуустал цагийн дагуу уулгаж дуусгах хэрэгтэй. Хоолой идээлж, үрэвссэн үед бараг 10 хоног уулгах ёстой байдаг. Гэтэл эцэг эхчүүд энэ хугацааг дуусгадаггүй. Дээр нь цагийн зайг сайтар барьдаггүй. Антибиотик цусанд эргэлдэж, концентраци барих ёстой. 8 цаг болоод дараагийн эм орж тогтвортой концентрациа барьж байх ёстой байтал 10 цагийн дараа буучихсан байна. Эм болгон 8 цагийн үйлчилгээтэй гэж бодоод байдаг гэтэл янз бүр. 10 цаг зарим нь 12, бүр 24 цаг ч цусанд эргэлддэг антибиотикууд бий. Хүүхдийн архаг голомт шүд, хоолойг эмчлүүлэх хэрэгтэй. Шүдний өвчлөл гэхээр эцэг эхийн л асуудал яригдана даа. Шүдийг нь угаалгаж сургахгүй, байнга чихэр жимсээр хооллодог, үүнээсээ болоод хоолны дуршил муудаж, жин нэмэгдэхгүй байх гээд ар араасаа дагаад л явчихдаг.

-Хатгалгааг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хэдий ч, эмнэлгээс гарангуут дахиад л хүндэрлээ гэх нь бий.
-Уушгины үрэвслийг эмнэлэгт 5-7 хоног эмчилдэг. Ингэхдээ цочмог үрэвслийг л дардаг. Сар орчим хугацааны дараа эдгэнэ. Бид гараа зүсэхэд цус нь тогтоно, эдгэнэ гээд хугацаа шаарддаг шүү дээ. Хэрэв зүссэн хэсэгтээ бохир оруулчихвал идээлж, үрэвсэнэ. Яг л тэрэнтэй адилхан уушги ч гэсэн бүрэн эдгэрэхийн тулд хугацаа шаардана. Дөнгөж цочмог үеэс эдгэрэлтийн үедээ явж байхад нь дахиад ханиад хүргэчихдэг, ингэхээр дахиад л хатгалгаа болох хүндрэх эрсдэл байгаа юм. Олон хоног эмчилгээ хийлгэсэн хүүхдийн дархлаа сул учраас өөр төрлийн ханиад хүрэхдээ амархан байдаг. Аль болох эмнэлгээс гарсныхаа дараа 14 хоног гэрт нь асрах хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх