fbpx

Нярай

Хүүхдийн эмч, нярайн эмч, АШУ-ны магистр, Эх Хүүхдийн Эрүүл мэндээр мэргэшсэн нийгмийн эрүүл мэндийн магистр, Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х. Мөнгөнцэцэгийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрээр Фулбрайтын тэтгэлэгээр АНУ-ын Хойд Каролинагийн Их Сургуулийн Гиллингс Олон Улсын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд Эх хүүхдийн Эрүүл мэндээр нийгмийн эрүүл мэндийн магистрыг хамгаалж, хөхөөр хооллолтын зөвлөх мэргэжлээр суралцаж төгсчээ. Түүнтэй хөхөөр хооллолт, бага насны хүүхдийн хооллолт, төрсний дараах эхийн сэтгэл гутралын талаар ярилцлаа.

"ХӨХӨӨР ХООЛЛОСОН ХҮҮХЭД ОЮУН УХААНЫ IQ, СЭТГЭЛ ЗҮЙН EQ ЧАДВАР, ЗАН ЧАНАР, ХАРИЛЦААНЫ ЧАДВАР, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ИЛҮҮ БАЙДАГ"

Хөхөөр хооллолтын зөвлөх гэхээр их сонирхолтой санагдаж байна. Энэ төрлийн мэргэжил манайд бараг байхгүй байх. Энэхүү мэргэжлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
- Миний мэдэж байгаагаар яг энэ мэргэжлээр суралцаж төгссөн хүн Монголд байхгүй. Хөхөөр хооллолтын зөвлөх мэргэжилтнүүдээс шалтгалт авч баталгаажуулдаг олон улсын зөвлөл байдаг. Энэ зөвлөлийн шалгалтад тэнцвэл АНУ, Канад, Австрали болон бусад орнуудад ажиллах эрхтэй болдог. Хөхөөр хооллолтын анагаах ухаан нь эх хүүхдэд хөхөөр хооллоход нь туслах, хөхөөр хоололтыг дэмжих, хөхөөр хооллолтын үед тохиолдож болох эмгэгүүдийг оношлох, эмчлэх зорилго бүхий анагаах ухааны салбар шинжлэх ухаан юм.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нярай хүүхдэд амьдралын эхний нэг цаг дотор ангир уургийг амлуулж, 6 сар хүртэл дан хөхөөр хооллох, 6 сартайгаас дээш нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл болон түүнээс цааш хүссэн хугацаагаар хөхөөр хооллоно гэсэн байдаг. 2017 онд хэвлэгдсэн Үндэсний Шим Тэжээлийн судалгаагаар манай улсын хөхөөр хооллолтын үзүүлэлтүүд буурсан нь хөхүүл эх нярайд үзүүлэх тусламж хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл бий.

Сүүлийн жилүүдэд хүүхдээ найруулдаг хуурай сүүгээр хооллох ээжүүдийн тоо нэмэгдээд байгаа мэт санагддаг. Манайд хийсэн судалгаа бий юу? Ер нь хэдэн ээж тутмын нэг нь хүүхдээ найруулдаг сүүгээр хооллоод байна вэ?
- Эхийн хөхний сүү бол хүүхдэд зориулагдсан юугаар ч орлуулшгүй төгс хоол. Өөрөөр хэлбэл ямар ч өндөр технологи ашиглан бүтээсэн, үйлдвэрлэсэн сүү орлуулагч зөвхөн өөрийн хүүхдэдээ зориулан бүтээж буй эхийн хөхний сүүг хэзээ ч орлож чадахгүй. Тухайлбал, эхийн хөхний сүүний найрлагад байдаг иммуноглобулин А хэмээх дархлааны уураг нь хүүхдийг бүх төрлийн халдвар, халдварт өвчнөөс сэргийлж байдаг. Дээр хэлсэнчлэн, манай улсад хөхөөр хооллолтын хувь буурсаар байгаагийн зэрэгцээ найруулдаг, хуурай сүүгээр хооллох хувь нь нэмэгдэж байна гэсэн үг.

Нэгдүгээрт, зөвхөн манай улсад ч төдийгүй бусад орны хүн амын дунд хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой өрөөсгөл ойлголт бий болсон байдаг. Энэ нь чинээлэг өрхийн эх хүүхдээ “илүү шим тэжээлтэй” найруулдаг сүү худалдаж авч хооллодог гэх өрөөсгөл ойлголт бий. Хөхний сүүтэй харьцуулахад “илүү шим тэжээлтэй, найрлага сайтай” гэдэг нь маш буруу. Сүү орлуулагчийг үйлдвэрлэдэг, импортолдог компаниуд “Найруулдаг сүү нь хөхний сүүтэй харьцуулахад бүх төрлийн амин дэмтэй тул ийм сүүгээр хооллосон хүүхэд илүү эрүүл” гэсэн агуулга бүхий сурталчилгааг хийдэг. Иймэрхүү сурталчилгааны нөлөөгөөр ээж хүүхдээ хамгийн төгс хоол болох хөхний сүүгээрээ өөрөө хооллох боломжтой тохиолдолд ч найруулдаг сүүг худалдан авч хооллосоор байгаа нь харамсалтай.

Хоёрдугаарт, найруулдаг хуурай сүүний үйлдвэрлэл, худалдаа, олон нийтийн хэрэглээ хөгжингүй улс орнуудад 1900 оны эхэн үеэс эхэлсэн учир эмээ, ээж, охин нь гээд 2-3 үеэрээ үүнийг хүүхдээ хооллох арга болгосон байдаг. 1990 оноос эхлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын чуулгануудаар хөхөөр хооллолтыг дэмжих, уриалах, сурталчлах баримт бичиг зөвлөмжүүдийг гаргасан. Үүний үр дунд олон эерэг өөрчлөлт гарч, хөхөөр хооллолтыг эрхэмлэж, хөхөөр хооллолтын хувь нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ-д Эмнэлэг бүр эх хүүхдэд ээлтэй, хөхөөр хооллолтыг дэмжсэн эмнэлэг болж, эхчүүд дан хөхөөр хооллолтыг сонгосноор, эрүүл мэндийн салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг нь хөхөөр хооллолтын зөвлөхтэй (lactation consultant) байна. Америк ээжүүдийн дийлэнх нь хүүхдээ хэдэн үеэрээ хуурай сүүгээр угжиж өсгөсөн учир өдгөө хөхөөр хооллох талаарх мэдлэг хомс гэсэн үг.

Барууны одод хүртэл амаржаад удаагүй байхдаа хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа зургаа олон нийттэй хуваалцаж хөхөөр хооллолтыг дэмжиж буйгаа илэрхийлдэг болсон шүү дээ.
- Яг тийм. АНУ-ын муж болгон өөрийн хууль дүрэмтэй, соёлын хувьд ялгаатай байдаг. Миний суралцаж байсан Хойд Каролина мужид олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэхэд хэвийн үзэгдэл, хэн ч эвэртэй туулай үзсэн мэт гайхахгүй. Харин зүүн эргийн хойд мужуудад олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэхэд дасаагүй төдийгүй, дургүйцэх хүмүүс цөөнгүй тааралддаг. Тэд олон үеэрээ хөхөөр хооллосон уламжлалгүй байсан учраас хөхөөр хооллолтыг харахдаа эвгүйцдэг болсон байдаг. Гэтэл эх хүн хүүхдээ хөхөөрөө хооллох нь байгалийн буюу хэвийн үзэгдэл шүү дээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн дийлэнх улс орнуудад хөхөөр хооллолтыг дэмжсэн олон эерэг өөрчлөлтүүд хийгдэж, хөхөөр хооллох нь ядуу буурай орны эхчүүдийн хүүхдээ хооллох арга бус, эх хүүхдэд хамгийн ээлтэй, төгс хооллолт мөн болохыг хүлээн зөвшөөрч буй нь сайшаалтай.

Манай орны хувьд 2010 онд нийт нялхсын 85.5 хувь нь төрөөд нэг цагийн дотор ангир уургаа амласан, 66 хувь нь төрснөөс хойш эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртлээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллож буй хүүхэд 73.1 хувь байсан бол 2017 онд нялхсын 83.7 хувь төрөөд нэг цагийн дотор ангир уургаа амласан, зургаа хүртэлх сартай хүүхдийн 58.3 хувь эхийн сүүгээр дагнан хооллож байна. Хоёр нас хүртлээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллож байгаа хүүхэд 47.3 хувь болж буурсан байна. Хөхөөр хооллолтын хувь буурахтай зэрэгцэн дэлгүүрийн лангуун дээрх найруулдаг хуурай сүүний нэр төрөл нэмэгджээ. Хөхний сүү орлуулагчийг сурталчлах болон худалдан борлуулахыг зохицуулсан, дэлхийн бүх улс орнууд дагаж мөрдөх ДЭМБ-аас гаргасан баримт бичиг бий. Энэхүү баримт бичгийн дагуу хөхний сүү орлуулагчийг эхчүүдэд болон эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүйгээр тараахыг хориглодог. Манай улсад нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болон Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр бий.

X
Нэвтрэх