fbpx

Нярай

Хүүхдийн эмч, нярайн эмч, АШУ-ны магистр, Эх Хүүхдийн Эрүүл мэндээр мэргэшсэн нийгмийн эрүүл мэндийн магистр, Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х. Мөнгөнцэцэгтэй /MD, MPH, MSc, LC/ ярилцлаа.

Тэрээр Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Хойд Каролинагийн Их Сургуулийн Гиллингс Олон Улсын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд Эх хүүхдийн Эрүүл мэндээр нийгмийн эрүүл мэндийн магистрыг хамгаалж, хөхөөр хооллолтын зөвлөх мэргэжлээр суралцаж төгсчээ. Түүнтэй хөхөөр хооллолт, бага насны хүүхдийн хооллолт, төрсний дараах эхийн сэтгэл гутралын талаар ярилцлаа.

Зарим ээжийн хөхний сүүний гарц муу, эрт татардаг учир яалт ч үгүй хуурай сүүгээр хооллох шаардлага гардаг байх.
- Эхийн хөхөнд сүү үүсэлт, нийлэгжилт нь зарим нэг шалтгааны улмаас саатаж, алдагдаж болдог. Үүнд эхийн сэтгэл санаа, биеийн эрүүл мэнд, гэр бүлийн таагүй уур амьсгал гээд олон зүйл нөлөөлнө л дөө. Юунаас болж сүү багасаад байгааг хөхөөр хооллолтын зөвлөх эмч оношлоод асуудлыг шийдэж болдог. Харин манай улсад хөхөөр хооллолтын мэргэжилтэн байхгүй учир хөхний сүүний гарц багассан эхчүүд тусламж авч чадахгүй, хуурай сүүг сонгох тохиолдол элбэг. Ер нь нялх, балчир хүүхдийг хооллох дараалал хамгийн эхэнд эхийн хөхний сүүгээр, эх эрүүл мэндийн шалтгааны улмаас хөхүүлэх боломжгүй байгаа тохиолдолд эхийн хөхний сүүг сааж, аяганы тусламжтай хүүхдийг хооллох, эхийн хөхний сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд донор эхийн сүүгээр, донор эхийн сүү байхгүй тохиолдолд найруулдаг, хуурай сүүг гэсэн дарааллыг баримталдаг.

Хүүхэд заримдаа бага сартай байхдаа гэнэт хөхөө идэхгүй болдог шүү дээ. Энэ нь юутай холбоотой байдаг вэ?
- Хоёр сартай эсвэл гурван сартай хүүхэд нь гэнэт хөхөө хөхөхөө больчихлоо гэж ээжүүд ханддаг л даа. Хүүхдийн хөгжил өдрөөр явагдаж, сар бүр хүүхдийн бие махбод, оюуны хөгжил нэмэгдэж байдаг. Хүүхэд гурван сар хүрэх үедээ эргэн тойрноо илүү мэдэрч эхэлж, илүү сониуч зантай болж, гадаад орчинд байгаа зүйлсийг ажиглаж, хооллох болон нойрсох хэв шинж нь ч өөрчлөгддөг. Жишээлбэл, хүүхэд илүү чимээгүй, тайван орчинд хөхөө хөхөхийг хүсдэг гэх мэтээр нөхцөл шаардаад эхэлдэг. Харин түүнийг нь ойлгож, зөв оношилж чадаагүйн улмаас хөхөндөө дургүй болчихлоо, хүүхдээ цатгаж чадахгүй байна хэмээн ташаа бодож хөхнөөс нь гаргаж, өөр хэлбэрээр хооллосон ээжүүдтэй цөөнгүй таарч байсан.

Найруулдаг сүүгээр угжиж өссөн хүүхдэд хэтдээ ямар нэгэн сөрөг нөлөө гарах уу?
- Дэлхийн олон оронд хийгдсэн хөхөөр хооллосон болон найруулдаг сүүгээр хооллосон хүүхдүүдийг 10-20 жилийн турш дагаж судалсан судалгаанууд бий. Хөхөөр хооллосон хүүхэд оюун ухааны чадвар буюу IQ, сэтгэл зүйн EQ чадвар, зан чанар, бусадтай харилцах чадвар болон биеийн эрүүл мэндээр илүү болох нь тогтоогдсоор байна. Энэ мэтчлэн олон жилийн дараах нөлөөллөөс гадна хоол боловсруулах эрхтний бүтэц, үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Тухайлбал, нярай хүүхдэд гэдэсний үхжилт үрэвсэл үүсгэх, шингэц муутай учир хүүхдийн гэдсийг дүүргэж, хямраах зэрэг сөрөг нөлөө бий. Томчууд бид хүнд хоол идчихсэн үед гэдэс базалж, маш таагүй байдаг, үүнтэй адил байдал хүүхдэд үүсэж бага гэсэн үг.

“Хөхний хэлбэр алдагдана” хэмээн хүүхдээ хөхүүлдэггүй ээжүүд байдаг. Үүнийг хатуухан хэлэхэд өөрийн гоо сайхнаа хадгалахын тулд хүүхдийнхээ эрүүл мэндийг золиосонд гаргаж байгаа мэт санагддаг. Энэ талаарх таны бодол?
- Тэгж боддог ээжүүд бий. Хөхөөр хооллох нь ганцхан хүүхдэд ашигтай юу гэвэл үгүй. Учир нь хүүхдээ хөхүүлсэн ээжүүд хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдраас сэргийлэгдэхээс гадна чихрийн шижин болон бусад архаг эмгэгүүдээр өвчлөх магадлал нь буурдаг болохыг тогтоосон судалгаанууд хэвлэгдсээр байна. Эмэгтэй хүний хөхний хөгжил жирэмсэлж, төрсний дараа бүрэн гүйцдэг. Мэдээж хүүхэд хөхөх үед хэлбэр нь бага зэрэг өөрчлөгдөх нь жам ёсны зүйл юм. Гэсэн ч хүүхдээ хөхүүлэх нь гоо сайхнаас илүү чухал зүйл болох эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байдаг. Энэ талаарх эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, эсвэл харагдах байдлаа илүү чухалчилсны улмаас хүүхдээ хөхүүлэхгүй байх тохиолдол ганцхан манай улсад гэлтгүй бусад улсад ч бий.

X
Нэвтрэх