fbpx

Боловсрол

image

Хүүхдэд багаас нь аливаа зүйлийг бага гэлтгүй зааж, сургах нь зүйтэй юм. Бага насны хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо идэвхтэй харьцах замаар дараах хэд хэдэн арга барилаар шинэ зүйлсийг сурдаг.

  • Эцэг эх, ах эгч, багшийнхаа үйлдлээс үлгэрлэж
  • Асуусан асуултдаа томчуудаас хариулт авахдаа
    (Сонирхуулахад бага насны хүүхэд өдөрт дунджаар 288 удаа асуулт асуудаг)
  • Өөрийн насанд тохирсон дуу хөгжим сонсохдоо
  • Ном, үлгэр туульс, өгүүллэг сонсохдоо
  • Насанд нь тохирсон тоглоомоор тоглохдоо
  • Хүүхдэд зориулсан контент, хичээлийн хөтөлбөрөөр хөгжин, суралцаж байдаг.

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДЭД ТОХИРСОН, ҮР ӨГӨӨЖТЭЙ КОНТЕНТЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Та хүүхдийнхээ үзэж буй контентын агуулгын талаар эхлээд мэдэж авах нь зүйтэй юм. "Миний хүүхдэд хэр ашиг тустай, мэдлэг болохуйц вэ" гэдгийг нь анзаараарай. Мөн хүүхэд тань туршиж үзэхээс өмнө эхлээд та өөрөө контенттой танилцахыг зөвлөж байна. Түүнээс гадна насанд нь тохирсон эсэхийг нь шалгаарай. Учир нь хүүхэд насандаа тохирсон тоглоомоор тоглох, интерактив хичээлийг илүү урамшиж хийдэг.

Бид та бүхэнд econtent.edu.mn сайтад байрших сургуулийн өмнөх боловсролын, хүүхдийн сонирхол татахуйц ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ санал болгож байна. Цаасаар урлах нь хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэхээс гадна тэдний гар, хурууны булчинг хөгжүүлж байдаг. Хүүхэд гар, хурууны булчингаа хэдийн чинээ сайн хөгжүүлнэ сургуульд орохдоо төдий чинээ үзэг, харандаа барихдаа барьц сайтай болсон байдаг. Тиймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан "Цаасан бөмбөг" хичээлийг та хүүхэдтэйгээ хамдаа хийж цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Сургуулийн өмнөх боловсрол нь бага насны хүүхдийг хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд тусалдаг билээ.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна.

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

X
Нэвтрэх