МАТЕМАТИК: Мөнгөө хадгалахын ашиг тус ба 1 САЯ хүртэлх тоон дотор БОДОЖ СУРЪЯ
Сурагчдын өвлийн амралт эхэлсэн ч сонирхолтой аргаар мэдлэгийг нь бататгаж, өдөрт тодорхой цагаар хичээлийг нь давтуулах нь чухал.
Тиймээс энэ удаад econtent.edu.mn сайтад байрлах 4-р ангийн сурагчдад зориулсан нэг сая хүртэлх тоог тогтмол тоогоор нэмэгдүүлэх, хорогдуулах математикын хичээлийг санал болгож байна.
Энэхүү хичээлийн онцлог нь хүүхэд нэг сая хүртэлх тоон дотор бодохоос гадна мөнгөө хадгалснаар дараа нь ямар ашиг тустай болохыг ойлгуулах санхүүгийн мэдлэгийг мөн багтаажээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд математикийн мэдлэгийг авахдаа давхар өөр нэг зүйлд шинээр суралцана гэсэн үг.
econtent.edu.mn сайтад СӨБ болон ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад зориулсан эхний 52 жишиг контент орсон ба хүүхэд өөрийн харгалзах ангийн хичээлээс бусад ангийн хичээлийг ч мөн хийх боломжтой. Өөрөөр хэлбэл та дээрх хичээлийг 5, 6-р ангийн хүүхдийнхээ мэдлэгийг бататгаж эсвэл 3-р ангийн хүүхдэдээ шинээр зааж өгч болох юм.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна.
econtent.edu.mn-д байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй.
Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.