fbpx

Ээж, аавуудад

image

Та хүүхдийнхээ темперамент буюу зан төлөвийн хэв шинжийг мэдэх үү? Хараахан мэдэж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай. Хүүхдийнхээ давуу болон сул талыг мэдсэнээр тэдэнтэй ойлголцоход илүү хялбар байх болно.

ТЕМПЕРАМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний гаргаж буй үйл хөдлөл, зан чанараар илэрч байдаг сэтгэлзүйн төрөлхийн шинж чанар юм.

ХҮҮХДИЙНХЭЭ ТЕМПЕРАМЕНТИЙГ МЭДЭХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Тэдэнтэй ажиллах арга барилыг олж авах, зорилго, мөрөөдөл, ирээдүйн мэргэжил сонголтыг хийхэд зан чанарын хэв шинж чухал үүрэгтэй.

ТЕМПЕРАМЕНТИЙН ТӨРЛҮҮД БА ТЭДГЭЭРИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ:

Дөрвөн төрлийн хэв шинж байдаг бөгөөд хүүхдэд тань эдгээр шинж чанаруудаас аль нь илүү ажиглагддаг вэ?

Холерик:

-       Сэтгэлийн хөөрөл ихтэй

-       Тэнцвэргүй

-       Шаралхуу

-       Эрч хүчтэй

-       Түргэн зантай

-       Түрэмгий

Сангвиник:

-       Нийтэч

-       Хөгжилтэй

-       Ухаалаг

-       Нөхөрсөг

-       Яриа

-       Залхуу

Флегматик:

-       Тайван тогтуун

-       Найдвартай

-       Бусдаас хараат

-       Халамжтай

-       Хичээнгүй

-       Идэвхгүй

Меланхолик:

-       Мэдрэмтгий

-       Нийтэч бус

-       Түгшимтгий

-       Шийдэмгий бус

-       Амархан ядардаг

-       Тууштай

Дээрх хэв шинжүүд бүгд өөрсдийн гэсэн давуу болон сул талтай. Аль нь таны хүүхдэд зонхилж байгаагаас хамаарч тэдэнтэй ялгаатай арга барилаар харилцах, хамтран ажиллах хэрэгтэй болно. Одоо илүү дэлгэрэнгүй авч үзье.


  1. ХОЛЕРИК ХЭВ ШИНЖ

Энэ төрлийн хүүхэд өөртөө итгэлтэй үедээ ямар ч саад бэрхшээлийг даван туулж, хийж буй ажилдаа тун шаргуу, хичээнгүй ханддаг. Харин итгэл нь алдарч, хүч нь суларсан үедээ юу ч хийдэггүй.

ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХДАА:

-       Эрч хүчээ зөв зарцуулахад нь туслах

-       Биеэ барьж, аливаад тэвчээртэй хандах чадварт сургах

-       Хүч чадалд нь тохирсон даалгавруудыг санал болгох

-       Сэтгэл хөдлөлөө хянах, хүлээцтэй, уян хатан байх зэрэг чадварыг эзэмшүүлэх

Хэрэв та өөрөө ийм хэв шинж давамгайлсан нэгэн бол уурлаж бухимдахаа азнаж, ялангуяа хүүхэдтэйгээ харилцах үедээ тэвчээртэй байгаарай.


  1. САНГВИНИК ХЭВ ШИНЖ

Тэд өөрчлөлтөд амархан дасан зохицдог. Шинэ орчин, танихгүй хүмүүсийн дунд биеэ барьдаггүй, сэргэлэн цовоо хүмүүс юм. Шинэ бүхэнд соргог, ажиглалт сайтай ч нэгэн хэвийн сонирхолгүй зүйлсээс уйдахдаа амархан. Мөн тэдний сэтгэл санааны байдал хурдан өөрчлөгддөг.

ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХДАА:

-       Сонирхлыг нь татаж, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх

-       Эхэлсэн ажлаа дуусгах шаргуу зан чанарыг төлөвшүүлэх

-       Олон хүнтэй танилцах, бусадтай үзэл бодлоо солилцох зэргээр даалгавар гүйцэтгэх боломж олгох

Хэрэв та ижил төрлийн хэв шинжтэй бол тэдэнтэй харилцахдаа үндсэн сэдвээсээ бүү хазайгаарай гэж зөвлөх байна.


  1. ФЛЕГМАТИК ХЭВ ШИНЖ

Энэ хэв шинжийн хүн сэтгэлийн хөдлөлөө гаднаа тийм ч ихээр илэрхийлдэггүй, үйл хөдлөл тогтуун, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг бөгөөд нэгэн хэвийн тэвчээр шаардсан ажлыг гүйцэтгэх чадвартай аж. Шинэ хүнтэй танилцах, шинэ орчинд дасахдаа алгуур бөгөөд тэдний анхаарлын шилжилт удаан боловч төвлөрөл нь сайн байдаг.

ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХДАА:

-       Нэгэн хэвийн шаргуу ажиллагаанд тулгуурлах

-       Богино хугацаанд түргэн гүйцэтгэх даалгавар түүнд бэрхшээлтэй байж болзошгүй гэдгийг харгалзан аливаад шаламгай хандах чадварыг төлөвшүүлэх

-       Мэдээллийг цаг тухайд нь боловсруулан эзэмшихэд чиглэсэн даалгавар өгч байх

Хэрэв та энэ хэв шинжийн хүн бол хүүхэдтэйгээ харилцахдаа олон янзын хөгжилтэй зүйлсийг хамт туршиж байгаарай.


  1. МЕЛАНХОЛИК ХЭВ ШИНЖ

Тэдний сэтгэл хөдлөл нь гаднаа тодорхой ажиглагддаггүй боловч дотоод тэнцвэрээ амархан алддаг. Орчноо соргог мэдрэх чадвараар бусдаасаа илүү бөгөөд амархан эмзэглэдэг төрлийн хүмүүс юм.

ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХДАА:

-       Ажил, амьдралаа зөв зохицуулахад нь туслах

-       Сургалт хүмүүжлийн орчинг нь зөв зохистой бүрдүүлэн, өөртөө итгэх итгэлийг нь дээшлүүлэх

-       Сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалахад анхаарах

-       Хэт их хурдтай гүйцэтгэх, эсвэл удирдан зохион байгуулах чадвар шаардсан даалгавар өгөхөөс зайлсхийх

-       Өөрийнх нь дуртай зүйлийг хийлгэх

-       Магтан урамшуулах, зоригжуулах зэрэг аргыг тохирох цагт нь хэрэглэх

Хэрэв та энэ төрлийн хэв шинжтэй бол жижиг зүйлд эмзэглэлгүй, сайн амарч байхыг хичээгээрэй.

Дээрх зан төлөвийн хэв шинжүүдээс нэг нь давамгайлан бусадтайгаа хосолж байдаг. Жишээлбэл, сангвиник давамгайлсан холерик, флегматик давамгайлсан меланхолик гэх мэт. Та хүүхдийнхээ темперанментийг илүү нарийвчлан мэдэхийг хүсвэл сэтгэлзүйчид хандаарай.

Эх сурвалж: Medic

X
Нэвтрэх