fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын сүлжээ 2022 оны хоёр дахь улирлын уулзалтаа наймдугаар  сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус сүлжээ нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн санаачилгаар, “Лоринэт Сан”-гийн дэмжлэгтэйгээр бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна сүлжээний гишүүд хамтран бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын салбарыг хөгжүүлэх, түүний ач холбогдлыг бусад оролцогч талуудад таниулах зорилготой үүсгэн байгуулагдсан билээ.

Сүлжээнд бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, хамгаалал болон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бодлого тодорхойлогч болон хэрэгжүүлэгч байгууллагууд, олон улсын хөгжлийн болон донор байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүлэгч байгууллагууд, иргэний нийгмийн болон дотоодын төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж буй юм.

Сүлжээний хоёр дахь уирлын уулзалтыг “Гэр бүл, эцэг эх” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гишүүн байгууллагуудтай танилцах аялал хэлбэрээр зохион байгуулж, сүлжээний доорх гишүүд идэвхитэй оролцлоо.

  • Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс
  • НҮБ-ын Хүүхдийн Сан
  • Дэлхийн Зөн Монгол ОУБ
  • Азийн Сан
  • Лоринэт Сан
  • Good Neighbors ОУТББ
  • УанСкай ОУТББ
  • Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
  • Монгол Контент ХХК
  • МУБИС-ийн СӨБ-ын Сургууль
  • Hellobaby эх хүүхдийн дижитал зөвлөх аппликейшн

Нэгдүгээр байгууллагаар “УанСкай ОУТББ”-ын Баянзүрх дүүргийн XXI хороонд байршилтай Гэр бүлийн төвөөр зочлов. Тус төвд  бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд уулзалтын үеэр “УанСкай ОУТББ”-ын Хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа эцэг эхийг хэрхэн тогтвортой сургалтад хамруулах болон бусад хороо, улсын цэцэрлэгүүд, “Лантуун Дохио ТББ”, “Цэцэглэх Ирээдүй ТББ” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласан сайн туршлагуудаасаа хуваалцав.

Тус байгууллага нь Монгол улсад “Лоринэт Сан”-гийн дэмжлэгтэйгээр эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 онд Баянзүрх дүүргийн 21-р хороонд Гэр бүлийн төвийг ашиглалтад оруулж, Том гэртээ эцэг эхийн сургалт, жижиг гэртээ хүүхдүүдийг халамжлан тоглох, ном унших болон бусад сургалт явуулах боломжтой орчин бүрдүүлжээ.

Мөн эцэг эхчүүд, асран хамгаалагчдын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор олон нийтийн өдрүүдийг зохион байгуулж, хороо болон өрхийн эмнэлэгтэй хамтарч ажиллаж ирсэн нь сайн санаачилга болж, иргэдийн талархал хүлээж байна.

Хоёрдугаар танилцах байгууллагаар “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” (БХАН)-ийн Баянгол дүүргийн ЕБС-ийн 146-р сургуульд хэрэгжүүлж буй эцэг эхээр дамжуулан сургуульд бэлтгэх хөтөлбөр болон тус дүүргийн 21-р хорооны байранд явуулдаг Номын гэр буюу community library үйл ажиллагаатай гишүүд танилцлаа. Эцэг эхээр дамжуулан сургуульд бэлтгэх хөтөлбөр нь хүүхдүүдийг чадавхжуулаад зогсохгүй эцэг эхчүүдийг давхар хөгжүүлдгээрээ давуу талтай гэж БХАН-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргал хөтөлбөр танилцуулах үеэр дурдлаа.

Номын гэр нь “Лоринэт сан”-гийн санхүүжилтээр “Азийн сан”-гаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Баянгол дүүргийн 21-р хорооны дэмжлэгтэйгээр хүүхэд багачуудад хүрч ажиллаж байгаа аж. Номын гэрийг цаашид сайн дурын үндсэн дээр буюу хорооны ахмад настнууд болон дунд ангийн сурагчдын “Уншигчдын клуб”-ээр дамжуулан явуулах төлөвлөгөөтэй буйгаа 21-р хорооны Засаг дарга Д.Дамдинсүрэн, БХАН-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргал нар дурдаж байв.

Уулзалтын үеэр Бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын сүлжээний гишүүдээс сүлжээний үйл ажиллагааны үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх хэд хэдэн бүтээлч саналууд гарав.

Үүний нэг нь сүлжээний гишүүд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, өөрсдийн сайн туршлагаас хуваалцан хамтран төсөл хэрэгжүүлэх санаачилгыг  гаргаж дэмжин ажиллахаар санал нэгдсэн явдал байв.

Уг уулзалт нь гишүүдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд бага насны хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд хэрхэн хүрч, хэрхэн эерэг үр нөлөөг авчирч байгааг бодитоор харуулахболомж олгосон ач холбогдолтой уулзалт боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.

X
Нэвтрэх