ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяраас хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар цөөн асуултад хариу авлаа.
-Хүүхдийн хэл ярианы хөгжил, сэтгэхүйн хөгжил хоёр ижил түвшинд байдаг гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Хүүхэд орчлон ертөнцийн юмсыг таньж мэднэ. Таньж мэдсэний дараа түүнийг хэл яриагаараа дамжуулан илэрхийлнэ. Хэлээрээ илэрхийлсэн зүйлээ сэтгээд эргээд танин мэдэхгүй нь хөгжиж байдаг. Танин мэдэхүй хэл хоёр харилцан уялдаатай. Танин мэдэхгүй нь орчинтойгоо холбоотой учир танин мэдэх орчныг бүрдүүлж өгөх нь үр дүнтэй.
-Орчин цагт цахим харилцаа хэт хөгжсөнөөр хүүхэд, эцэг эхийн хоорондын амьд харилцаа улам багасаж байна гэдэг?
-Амьд харилцаатай байж, түүнийгээ нийгмийн бодит зүйлтэй холбож өгөхгүй бол хүүхэд нохойг мэддэг ч айхаа мэдэхгүй шууд очоод бариад авдаг. Өнөөх нь зуудаг нохой байвал аюулд орон гэсэн үг. Мөн хүнтэй ярьдаггүй, зураг, фэйсбүүктэй харьцдаг болно.
Амьд харилцаа гэж эцэг, эх нь хүүхдээ “Чи тоглоомоо хураа, хичээлээ хий, хоолоо ид” гэх мэт захиран тушаах хэлбэрээр харилцахыг хэлэхгүй. 20 гаруй насны залуу эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх арга барилд суралцаагүй байж болно. Тэгэхээр сурган хүмүүжүүлэх чиглэлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсож баймаар байна.
-Хүүхдийн хэл яриа хэдэн насандаа өөрийгөө болон орчин тойрныхоо юмс үзэгчдлийг зохих түвшинд ойлгуулах, илэрхийлэх чадвартай болох вэ?
-Хүүхэд 12 нас хүрэхэд өгүүлбэрийн бааз нь бүрэн хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл 12 настай хүүхэд гадаад хэл сурахад эх хэл, хэл ярианы аялгуунд өөрчлөлт ордоггүй гэж үздэг. Харин 12 наснаас өмнө гадаад хэл сурахад л монгол хэлээрээ тэгш сайхан ярьж чадахгүй болдог. Монгол хэлийг сайн сурсан гадаад хүн олон байдаг. Тэд монголоор цэвэр ярьж чаддаггүй, өөрийн хэлний аялгуугаар ярьдаг шүү дээ. Эх хэлний артикуляци буюу өгүүлбэрийн бааз нь хөгжсөн хойно гадаад хэл сурсан учир тийм байгаа юм.
Улс орнуудын дунджаар хүүхдэд 8-9 насанд нь гадаад хэл заадаг. Гадаад хэлийг хүүхэд хэлд орсон л бол сурах боломжтой. Тэр боломжтойг гэснийг “гадаад хэл сурч болно” гэж ойлгож болохгүй.
-Орчин үеийн хүүхдүүд цахим төхөөрөмжийг их хэрэглэх болсныг үргэлж шүүмжилдэг?
-Зурагт, гар утас, Ipad-ыг өдөртөө 20-30 минут хэрэглэж болно. Хэт олон цагаар тоглож байгаа учир нүдний хараа муудаж, биеийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байна гэх мэтээр эмч нар хэлээд байна. Энэ нь эргээд хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй.
Цахим төхөөрөмж хэрэглэж байхад хүүхэд ярих шаардлагагүй учир залхуу хэлтэй, ярих идэвхгүй болчихдог. Тийм хүүхэд том болоод зөвхөн компьютер ширтсэн хүн л болно. Цахим төхөөрөмж хэрэглэх, хүүхдээ гадаа салхилуулах, хамтдаа тоглох гэх мэт хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цагийн зохист харьцааг тогтоож өгөх хэрэгтэй юм.
Сэтгүүлч: Э.Оргил