fbpx

Эрүүл ахуй

-Тоглоом АЮУЛГҮЙ байдал-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэг байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг. Түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурджээ.

Тиймээс хөгжингүй орнуудад тоглоомын импортод онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр буюу өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалахыг зөвшөөрдөг байна.

Харин манай улсад гаалиар оруулдаг тоглоомд агуулагдах химийн бодисыг шалгах төхөөрөмж байхгүй, хуульчилж тогтоосон зүйл ч үгүй.

2008 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хуванцар тоглоомын судалгаа хийж, улмаар "Тоглоомын аюулгүй байдал" багц стандарт баталсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ стандарт амьдралд хэрэгжиж, таны хүүхдийг хортой, муу тоглоомоос хамгаалж чадахгүй байна. Учир нь гаалиар оруулдаг тоглоомд шинжилгээ хийдэггүй. Гаднаас нь хараад мэдэх боломжгүй, химийн найрлагаа бичээгүй байдаг аж.

НЭМХ-ээс 2013 онд хийсэн судалгаанд шинжилсэн тоглоомуудаас...

Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Америкийн зах зээл дээрх хэдэн мянган тоглоомын найрлагыг шинжилжээ. Ингэхэд хүүхдийн тоглоомд химийн хортой бодис ашиглах нь нэмэгдсэн байв. Энэ нь улмаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг нотолжээ.

Манай улсад ч мөн адил судалгаагаар баталсан. 2013 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар шинжилгээнд орсон 62 тоглоомын 26 хувьд бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.

Тоглоомд,

  • Хромын агууламж өндөр байвал нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг.
  • Хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байх нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоог өөрчилдөг. Улаан шар, гялтганасан өнгийг гаргахын тулд хар тугалга ашигладаг бөгөөд ихэнх тохиолдолд манай улсад их хэмжээгээр ашигласан тоглоом авчирдаг аж.
  • Кадьми болон хар тугалга бөөр, уушги  ба гэдэс дотор эрхтэнд мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болдог. 

Энэ нь хүүхдийн өвчлөл нэмэгдэх нэг шалтгаан болсныг дурдсан байдаг. Иймээс хүүхдэдээ авч өгч байгаа тоглоомдоо анхаарлаа хандуулаарай.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх