fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхдийн хөгжилд тодорхой хугацаанд гарах өөрчлөлт буюу суух, мөлхөх, босож зогсох, алхаж явах, эхний үгээ хэлэх зэрэг бие, сэтгэхүйд гарч байгаа өөрчлөлтийг хөгжлийн үе шат гэнэ.

Эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн үе шатыг мэдсэнээр хүүхдэд хэзээ, ямар өөрчлөлт гарах, түүнд ямар арга замаар дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хөгжил үе тэнгийнхнээс өөр байгаа тохиолдолд, шаардлагатай дэмжлэг, мэргэжлийн туслалцаа хайх боломж бүрдэнэ. Гэхдээ хүүхдийн хөгжлийн тодорхой үе шатанд хүрэх хугацаа нь хүүхэд бүрийн хувьд өөр өөр байдаг.

Жишээ нь: Хүүхэд 7-8 сартайдаа мөлхөж сурдаг боловч зарим хүүхэд эрт, зарим хүүхэд орой мөлхөж эхэлдэг. Хүүхдийн хөгжил амьдарч буй орчин, шинээр мэдсэн сурсныгаа олон дахин хийж дадах боломжтой байдал, тухайн нийгмийн соёл, зан заншил, уламжлал, гэр бүлийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Жишээ нь: Эцэг эх нь хүүхэд өөрөө халбагадаж идэхийг зөвшөөрдөггүй бол тухайн хүүхэд халбагадах чадварыг бусдаас хожуу эзэмшинэ гэсэн үг юм.

Хөгжлийн дараагийн үе шатанд хүрэхийн тулд өмнө нь олон жижиг алхмуудыг хийж сурах шаардлага тулгардаг. Шинээр эзэмших чадвар бүхэн өмнө эзэмшсэн чадвар дээр тулгуурлана.

Жишээ нь: бие даан суудаг болохоос өмнө хүүхэд өөрөө хөрвөж эргэдэг болсон байна. Мөлхөх, босож зогсохоос өмнө сууж чаддаг болсон байна. Хөгжлийн дэс дараалал нь хүүхдийн наснаас илүү чухал юм. Доорх хүснэгтэд хүүхэд хэдэн сартайдаа хөдөлгөөний хөгжлийн тодорхой чадварт хүрдэг болохыг алхах чадварын жишээгээр, түүнчлэн алхаж явахаас өмнөх чадвар түүнийг эзэмших насны үе шатыг харууллаа. Үе шат бүрд хүрэх насны ялгаа их байгааг анзаараарай.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх