Амтлах мэдрэхүйг зөв хөгжүүлэхэд чихэр, давс хоёр сөрөг нөлөөтэй
Амтлах мэдрэхүйг зөв хөгжүүлснээр хоол боловсролтыг сайжруулахаас гадна эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүний байгалийн амтыг мэдэрч сурахад нь тус болно. Элдэв төрлийн бүтээгдэхүүн олон төрлийн амттай байдгийг мэдэх ач холбогдолтой.
Амны хөндийд хоолыг амтлах мэдрэхүй 2-5 насанд бүрэлддэг гэж үздэг боловч хүүхэд чихрийн амтыг эрт мэдэрдэг.
Чихэр өгөхөд хүүхэд маш дуртай долоох ба нэхэж уйлж ч магад. Үүнээс болоод эцэг, эхчүүд ялангуяа залуу эцэг, эх хүүхдээ өхөөрдөн чихэрт дурлаж байгааг нь харах гэж чихэр долоолгодог тал бий. Ингэж хэрхэвч болохгүй. Чихэр өгвөл хүүхдэдээ хор өгч байгаагаас ялгаагүй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.
Чихэр, давсны амтыг хүүхдэд мэдрүүлэхгүй л бол хүүхэд төдийлөн дурлаад байдаггүй. Багаас нь зөв хооллох эхлэлийг нь тавьж байгаа нь тэр.
Амтлах мэдрэхүйг зөв хөгжүүлэх дараагийн алхам бол хэт олон бүтээгдэхүүнийг нэг дор холихгүйгээр хооллох. Аль болох бүтээгдэхүүний байгалийн амтыг алдагдуулахгүй хоол бэлтгэж өгөх нь чухал. Хоол амтлагчийг хүүхдийн хоолонд хийх шаардлагагүй.
Эдгээр нь тэжээлийн бодисгүй, хүнсний бүтээгдэхүүний байгалийн өөрийн гэсэн амтыг дарахаас гадна амтаас нь болж хүүхэд хоолонд хэт дурлаж таргалах эсвэл бүр дургүйцэж хоол бага идсэнээс турах, биеийн эсэргүүцэл сулрах аюултай.
Цагаан идээг чихэргүй идүүлж сургах, 1 удаад 1-2 ногоогоор хоол бэлдэж өгөх, мах, гурил гээд бүх төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийж өгөх нь ач холбогдолтой.
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/