fbpx

Мэдээ, мэдээлэл

image
Манай улсад болсон 1921 оны Ардын хувьсгалаас хойш зуугаад  жил өнгөрч,  нийгэм эдийн засгийн хөгжлийг дагаад хүмүүсийн ахуй соёл, ёс заншил гээд олон зүйлс өөрчлөгдсөөр байна.

Хувьсгалын өмнө болон эхний үед эхчүүд, нялхас хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж сайн хөгжөөгүй байсан тул жирэмсэн эхчүүд гэртээ төрөх явдал жирийн үзэгдэл мэт байсан бөгөөд тэр үед Зөвлөлтийн гэж байсан орос эмч нарын хийсэн судалгаагаар гэрт төрсөн эхчүүдийн 13.2% нь нас барж, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл 50%-д хүрч байжээ.

Үүнээс хойш эх хүүхдийн эрүүл мэндийн талаар төр, засгаас шат дараатай арга хэмжээ авч, олон бодлого шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурсаар байгаа юм.

Зарим тоо баримтыг дурдвал 2017 оны эхний есөн сарын статистик үзүүлэлтээр манай улсад 58141 жирэмсэн эх шинээр эмнэлгийн хяналтад орж, 54387 эх амаржиж, эдгээрийн 32.6% нь Улаанбаатар хотын амаржих газруудад, 14.8% нь эх хүүхдийн эрүүл мэндийн төвд, 27.9% нь аймгуудын нэгдсэн эмнэлэгт, 2.2% нь хувийн хэвшлийн эмнэлэгт, 217 тохиолдол буюу 0.4% нь ямар нэгэн эмнэлгийн тусламж авалгүй гэртээ амаржсан байна. Мөн харамсалтай нь 100 мянган амьд төрөлтийн 21.9 нь эх эндсэн тоо байгаа юм.

Эдгээрээс гэрийн төрөлт Дундговь, Сүхбаатар, Дархан-Уул, Увс, Хөвсгөл, Булган, Дорнод аймгуудад улсын дунджаас 0.1-0.3 хувиар өндөр байгаа бөгөөд ялангуяа Дархан- Уул аймагт гэрийн төрөлтийн тоо эрс нэмэгдэж, урьд оны мөн үеэс 8 тохиолдол буюу 0.5 хувиар нэмэгдсэн байна.

Яагаад энэ тухай өгүүлээд байна вэ? гэхээр эх, нялхсын өвчлөл, эндэгдэлд нөлөөлөөд байгаа олон хүчин зүйлсийн нэг нь эхчүүд, эмэгтэйчүүдийн эмнэлэгт ханддаггүй, эсвэл оройтож ханддаг, жирэмсний хяналтад оройтож ордог, эсвэл огт орохгүй байж байгаад төрдөг, өвдөлт эхэлсэн ч эмнэлэгт ирэхгүй байсаар гэртээ төрдөг зэрэг асуудлууд байгаа тухай л ойлгуулах гэсэн юм.

Энэ оны гуравдугаар сард 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсан

Саяхан Дархан-Уул аймагт 17 настай анхны удаа төрж байгаа охиноо гэрт нь байлгасаар төрүүлээд хярзанг нь урж,  хүүхдийг нь эндүүлсэн,  мөн иргэн Б. хүүхдээ гэртээ төрүүлээд цасанд булсны дараа хүмүүс мэдэж хүүхдийг нь эмнэлэгт авчирч тусламж үзүүлсэн ч оройтож хүүхэд эндсэн, бас иргэн Б. гэртээ төрөөд хүүхдээ уутанд хийгээд бариад явж байсан зэрэг нь зүрх шимширч, сэтгэл гутармаар муухай  явдал,  эх хүнээс, тэднийг хайрлаж анхаарах ёстой эцэг эхээс гарсан гэхэд дэндүү эмгэнэлтэй байдал биш гэж үү!

Мөн 2000-2016 онд эндсэн эхчүүдээс цус багадалтыг илтгэх Гемоглобины хэмжээ 60-аас доош байсан эхийг эмч нар хот руу эх хүүхдийн эрүүл мэндийн төвд илгээхэд  шашны итгэл үнэмшлээсээ болж явахгүй байсаар цус алдаж эндсэн эх, жирэмслээд зах зээлээс зулбуулах эм авч уугаад эмнэлэгт хандахгүй байсаар цусан үжилд орж эндсэн эхийг яалтай билээ...

Эдгээр тохиолдлуудад  эмнэлгийнхнийг буруутгах хүмүүс байх л байх. Гэхдээ эхчүүд эмэгтэйчүүдийг тойрсон нөхөр, хүүхэд, эцэг эх ах дүүс, ажил, сургуулийн хамт олон, удирдлага, найз нөхөд гээд олон хүмүүс тэднийг яаж анхаарч, яаж халамжилж санаа тавьж байсан юм бол гэж бодохоор  энэхүү сэдвийг хөндөхөөс өөр аргагүй байна.

Манай эрдэмтдийн гэрийн төрөлтийн байдалд  хийсэн судалгаагаар  гэрт төрсний дараа цус алдах, хярзан урагдах, хүүхэд хэвлий дотроо болон төрөх үед бүтэх, цус харвах, хүйнээс цус алдах, хүйг нь бохир зүйлээр тасалж боосноос хүйн халдвар үүсэх зэрэг олон хүндрэл эрсдэл байдгийг тогтоожээ.

Энэ оны гуравдугаар сард 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдаж, эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд зөвхөн эрүүл мэндийнхэн төдийгүй иргэд, аж ахуй нэгж байгууллагын дарга, шийдвэр гаргагч нар, төрийн ба төрийн бус байгууллага гээд бүх салбарууд хамтран ажиллаж байж эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг тодорхой заасан ба хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Иймд эхчүүд эмэгтэйчүүд, нялхас хүүхдийнхээ эрүүл мэнд сайн сайхны төлөө  бүх хүмүүс санаа тавьж, тэднийгээ асран хамгаалж, үүсэж болох эрсдэлээс сэргийлэхийн төлөө хамтран ажиллах нь чухал бөгөөд бүгд л анхаарахгүй бол болохгүй гэдгийг  хүмүүс минь ухамсарлаасай билээ......

Дархан-Уул аймгийн ЭМГ. ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч

X
Нэвтрэх