fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Дэгж дэрвэх бяцхан хүүхдүүд, энхрий сайхан үрс, тэдний инээд цалгих баяр хөөрөөс өөр аз жаргалын дээд энэ ертөнцөд үгүй мэт билээ.

Өнөөдөр буюу 12-р сарын 03-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр хэмээн НҮБ-аас тунхаглажээ.

Бид энэ удаад "Аутизм Монгол-АНД ТББ"-ын дэргэдэх "Анүүлэн Аз жаргал"  цэцэрлэгээс хийсэн сурвалжлагаа хүргэж байна. Энэхүү цэцэрлэгт тусгай болон энгийн гэсэн дөрвөн бүлэгтэй юм. Тусгай ангид /аутизмтай/ нийт 18 хүүхэд суралцдаг аж. Аутимзтай дөрвөн хүүхэд тутмын нэг нь эмэгтэй байдаг гэсэн судалгаа бий. Тиймдээ ч энэхүү хоёр ангиад хөвгүүдийн тоо дийлэнх байлаа. Тэдний зарим нь тайван дөлгөөн байх ба зарим нь ихэд сэргэлэн цовоо байх аж.

Багшдаа тэврүүлж эрхлэх, хүнд үнсүүлэх дуртай нэгэн байхад холоос бүгдийг чимээгүй ажиглаад суух нэгэн нь ч байлаа. Гэхдээ тэд бүгд өөр өөрийн гэсэн зан ааш, авьяас чадвартай гэдгийг багш нь онцлон хэлж байлаа. Хоёр ихэр хүүгийн нэг нь харилцааны чадварт нь нэлээн ахиц гарч, сайжирсан учир энгийн анги руу шилжин оржээ. Тэрээр үсэг мэдэхгүй ч үгийг маш хурдан цээжилдэг гэнэ. Жишээ нь “Өвөрхангай” гэсэн үгийг хүнээр нэг хэлүүлээд хараад цээжилчихдэг, дараа нь өөр газар тэр үгийг харах юм бол мэддэг гэж багш нь шавиа магтаж байлаа.

Мөн хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдийг ханан дээр наасан байсан юм. Зарим нь далд утга агуулгатай уран зураг гэмээр бүтээлүүд ч байх аж. Тэдэнд зурган хэлбэрээр бүх сургалтын арга барилаа явуулдаг гэж ахлах бүлгийн багш Г.Нямпагма онцолсон юм. Учир нь аутизтай хүүхдүүд зургаар аливааг тогтоохдоо хялбар буюу харааны ой тогтоолт маш сайн байдаг гэнэ.

“Гэрэлт цох” ахлах бүлгийн багш Г.Нямпагмаас тусгай бүлгийн сургалт болон бусад зүйлийн талаар асууж тодрууллаа.

- Хэрэв хүүхдээ аутизмтай байж магадгүй гэсэн эцэг эх байвал танайд шууд хандаж болох уу?
- Аутизмтай хүүхэд зургаан сартайгаасаа эхлэн оношлогдох боломжтой гэдэг. Манайд ирэхээс өмнө Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төв дээр оношлуулах хэрэгтэй байдаг. Бид албан ёсны оношлогоо хийх эрхгүй ч гэсэн оношлогоо тодруулах үйл ажиллагааг манай сэтгэлзүйч хийж гүйцэтгэдэг.

Мөн бид тухайн хүүхдийг аутизмтай хүүхэд мөн үү, биш үү гэдгийг тусгайлан зориулагдсан үнэлгээний аргаар тодорхойлох боломжтой. Дараагаар нь дөрвөн чадвар буюу харилцаа хэл яриа, бие хөгжлийн, нийгэмшил, гарын нарийн булчингийн ажиллагааг үнэлдэг. Мөн эцэг эхээс давхар асуулга авдаг.

- Сургалтын онцлог нь ямар байдаг вэ?
- Хүүхэд болгонд ямар чадвар дутаж байна, тэрийг нь заахыг эрмэлздэг. Жишээ нь Болд гэдэг хүүхэд бие даах чадвар эсвэл харилцааны чадвар хэрэгтэй юм уу гэдгийг нь харгалзан сэтгэлзүйчид тусгайлан, ганцаарчлан заадаг юм. Мөн бид эцэг эхийн холбооноос санаачлан Япон улсаас хэл ярианы хөгжлийн багшийг урьж авчран сургалтаа заалгаж байна.

- Аутизмтай хүүхдүүд гоц авьяастан болох магадлалтай байдаг гэдэг шүү дээ?
- Үүнийг high functional (HFA) буюу өндөр чадамжтай хэмээн нэрлэдэг. Тэд зураг зурахдаа их сайн. Ялангуяа манай ангид түрүү жил маш гоё зурдаг охин суралцдаг байсан. Ер нь аутизмтай хүүхдүүд зургаар бодож санаж байгаагаа илэрхийлэх хандлагатай байдаг.

Тэдэнд өнгөний, харилцааны, бие даах чадварын, мэдрэмжийн буюу хүрэлцэхүйн гэх мэт олон сургалтууд ордог аж. Мөн хүүхэд бүрт ганцаарчилсан сургалтууд орохоос гадна АНУ-ын Тусгай боловсролын багш, аутизмтай хүүхдүүдтэй 30 жил ажилласан Ph.D Мэрилэн Kаффтай хамтран ажилладаг аж.

Хүүхдээ аутизмтай гэдгийг эрт оношлуулаад эрт арга хэмжээ авч чадвал үр дүнд хүрэх нь илүү байдаг аж. Аутизмтай хүүхдүүд харилцааны чадвар муу буюу бусад хүүхдийг сонирхдоггүй, хамтарч тоглодоггүй, хүмүүстэй харилцах, тоглоом сонирхох нь бага аж.

АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?
Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөнд тавгүйтэй хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг (өвчин биш) юм. Аутизмын эмгэгийн хяналт, Урьдчилсан сэргийлэх төв болон Хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс 2014 онд гаргасан судалгаагаар 68 хүүхэд тутмын 1 нь аутизмын хүрээний эмгэгтэй болох нь тогтоогджээ. Монгол улсад 18600 орчим аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай аж.

Аутизмын түгээмэл шинж тэмдэг:
• Хэлд орохгүй байх
• Өвөрмөц үйлдэл хийх (нүдний булангаар харах, өлмий дээрээ явах гм)
• Хүний нүд рүү тогтож харахгүй байх
• Зөвхөн өөрийн хүссэн зүйлийг сонирхох
• Нэрээр нь дуудахад харахгүй байх
• Давтагдмал хөдөлгөөн хийх (гараа сэгсрэх, дороо эргэх гм)
• Өвдөлт бага мэдрэх (бүдэрч унасан ч уйлахгүй байх гм)
• Бусдын хэлснийг давтах

X
Нэвтрэх