Сүү хүүхдийн хоолны анхны үндсэн хоол юм. Сүүнд өсч буй хүүхдийн бие махбодод зайлшгүй шаардлагатай гол тэжээлийн бодисууд агуулагддаг. Эдгээр бодисууд хамгийн тохиромжтой хэмжээ, харьцаатай байдаг ба хүүхдийн бие махбодод амархан шингэдэг.
Хүүхдийн анхны үндсэн хоол нь эхийн сүү байдаг. 2-оос дээш насны хүүхдэд малын сүү, түүний дотор үнээний сүүг голчлон хэрэглэдэг. Сүүний 80-83% ус байдаг ба энэхүү усандаа 200 гаруй төрөл бүрийн органик болон эрдэс бодисыг агуулдаг.
Сүүний уураг: Сүүний гол найрлага нь уураг юм. 100мл сүүний 3 орчим хувь нь уураг байдаг. Үүний 2,7 нь казейн уураг, 0,5 нь ийлдсийн уураг байдаг ба уураг нь амин хүчлээр баялаг. Эдгээр нь бие махбодод өвчин үүсгэгч нян, вирусийн эсрэг бие үүсэхэд гол үүрэг бүхий тусгай хамгаалах бодис агуулдаг. Сүүний уураг нь хүүхдийн хоол боловсруулах шүүсний нөлөөгөөр жижиг лавсан /цийдэм/ болж боловсролт, шингэлт нь сайн болно. Ийлдсийн уураг илүү амархан боловсорч, шингэдэг.
Сүүний тос: 100мл сүүнд 2,7-6 грамм орчим тос байдаг. Сүүний үйлдвэрүүд янз бүрийн хэмжээтэй 0,5-аас 3,5 хувийн тослогтой сүү үйлдвэрлэдэг. Тухайн хүүхдэд ямар хэмжээний тослогтой сүү өгөхийг өрхийн эмч болон хоолны мэргэжилтэн зөвлөх ёстой. Сүүний тос нь усанд маш жижиг бөмбөлгүүд болж шингэх нь амар болдог. Хэрэв тос шингэн төлөвтэй бол хүүхдэд амархан шингэдэг. Сүүний тос өсч буй бие махбодод чухал ач холбогдолтой.
Сүүний нүүрс ус: Лактоз гэдэг сүүний сахар юм. Хүүхдийн бие махбодод амархан шингэн илч үүсэхэд оролцоно.
Мөн энэ нь гэдэст байж өвчин үүсгэдэггүй бөгөөд өвчин үүсгэгч нянг дарангуйлдаг хэвийн нянгийн өсөлтийг дэмжиж байдаг. Үнээний сүүний сахар болох лактоз нь чихрийн сахараас 5-6 дахин бага тул үнээний сүүний чихэр амт мэдэгддэггүй. Харин гүүний сүүний лактоз нь их тул эхийн сүүтэй адил амттай байдаг.
Сүү нь эдгээр үндсэн тэжээлийн бодисоос гадна амархан шингэх эрдэс, аминдэм, гормон, даавар, нянгийн эсрэг бодисуудыг агуулдаг.
Сүүнд агуулагдах гол эрдэс бодис нь кальци, фосфор болно. Эдгээр эрдэс бодисууд нь бага насны хүүхдийн ясны эд, шүд бүрэлдэх, өсөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Усанд болон тосонд уусдаг аминдэмүүд бараг бүгд сүүнд агуулагддаг. Их хэмжээтэй биш ч хүүхдэд өгдөг сүүтэй хоолнуудыг тогтмол өгснөөр эдгээр бодисуудыг шаардлагатай хэмжээгээр авч чадна.
Үнээний сүү: Хүүхдийн хоолонд хэрэглэдэг хамгийн түгээмэл сүү. Монгол үнээний сүү тослог, уургаар баялаг. Амин хүчлийн хэмжээ 51% хүртэл тул төгс чанартай. 20 орчим нэр төрлийн тосны хүчил агуулдгаас 67% ханасан, 33% ханаагүй тосны хүчил агуулдаг. Бэлчээрийн Монгол үнээний сүүнд ханаагүй олон холбоот хүчил омега-3 агуулагддаг. Эрдэс, аминдэмээр баялаг.
Нэг хүртэлх насны хүүхдэд үнээний цэвэр сүүг өгөхгүй. 2-с дээш насны хүүхдэд үнээний сүүгээр сүүтэй төрөл бүрийн хоол бэлтгэж өгнө. Үнээний сүүний уураг хүүхдэд харшил үүсгэдгээс гадна цэвэр сүү гэдэсний салстад жижиг цус харвалтыг үүсгэн цус багадалтад хүргэж болно.
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор