fbpx

Ээж, аавуудад

image

Дараах байдлаар нярайдаа тавтай унтаж амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.

Ор

Хүүхэдтэйгээ хамт унтаад байвал хүүхэд ганцаараа унтаж чадахаа больдог. Үүний оронд нэг өрөөнд, тусдаа орон дээр унтах нь зүйтэй. Мөн хэвтэж байхдаа хүүхдээ хөхөөрөө хооллож огт болохгүй.

Чимээ

Гэрлийн унтраалга дарах, хаалга онгойх зэрэг бяцхан чимээ хүүхдийг тань сэрээгээд байвал “цагаан чимээ” ашиглаарай. Энэ нь хүүхэд эхийн хэвлийд сонсож байсантай төстэй, давтамжтай чимээ бөгөөд хүүхэд үүнийг сонсоод хэдхэн минутын дотор нам унтдаг. Үүгээр зогсохгүй шөнө сэрэхгүй. Ийм чимээг /white noise/ та гар утсан дээрээ татаж авч болох ажээ.

Дасал

Хүүхдэд унтах цаг болсныг зааж өгөх тун амархан. Унтахын өмнө ямар нэг зүйл тогтмол хийж, дадал болговол хүүхэд унтах цаг болсныг мэддэг. Үүний тулд та хүүхдэдээ иллэг хийж, усанд оруулж, живхийг нь сольж болно. Эсвэл хөгжим сонсгож, бүүвэйлсэн ч болох юм. Ингээд удахгүй хүүхэд эдгээр үйлдлийг хийх үед унтах цаг болсныг ойлгодог болох ажээ.

Өдөр, шөнө

Өдрийн цагаар идэвхтэй байх хэрэгтэй. Хүүхэд сэрүүн байх үед тоглож, ярьж, дуу дуулж байгаарай. Үүний дүнд хүхэд шөнө бөх унтдаг. Гэхдээ үдэш болох үед хүүхдийг хэт ядрааж болохгүй. Ингэснээр хүүхэд тайвширч, тогтож өгдөггүй бөгөөд унтаж чадахгүй болдог. Мөн хүүхдийг өдөрт 20-30 минутын хугацаатайгаар 2-3 удаа унтуулж байгаарай. Дөнгөж төрсөн хүүхэд л биш бол өдөрт гурваас олон цаг унтах хэрэггүй.

Гэрэл

Хүмүүс гэрэлтэй өрөөнд унтаж чаддаггүй шиг хүүхэд ч мөн харанхуйд унтах дуртай. Хурц гэрэл хүүхдэд садаатай байдаг ажээ. Өглөө хүүхдийнхээ өрөөг гэрэлтэй байлгаж, өдрийн унтлагын цагаар гэрлийг унтрааж, харин шөнө харанхуй байлгах хэрэгтэй. Ингэснээр гэрэлгүй болох үед хүүхэд өдөр, шөнийн ялгааг мэддэг болно. Мөн шөнө босожживхийг нь солихдоо ч аль болох бүдэг гэрэлтэйд хийж заншаарай.

Нойр

Олон эцэг эхчүүд хүүхдээ бүүвэйлж унтуулчхаад чимээгүйхэн оронд нь тавьдаг. Энэ нь маш буруу юм. Учир нь хүүхэд шөнө сэрсэн тохиолдолд эргэж унтах аргаа олдоггүй. Харин үүний оронд та нойр нь хүрсэн хүүхдээ хүчээр унтуулалгүй, оронд нь хэвтүүлээрэй. Байж боломгүй санагдаж болох ч ингэснээр хүүхэд өөрөө унтаж сурдаг. Нойрмог хүүхэд байн байн нүдээ цавчлан эвшээх бөгөөд хүүхдээ оронд нь хэвтүүлэхэд хэсэг зуур нойр нь сэргэж мэдэх ч удахгүй унтаад өгөх юм. Мөн хүүхдийг ямагт дээш харуулан хэвтүүлж хучаарай.

Хэм

Хүмүүс хэт халуун, эсвэл хүйтэн байхад унтаж чаддаггүй. Хүүхэд ч мөн адил. Харин хүүхдэд хамгийн тохиромжтой нь Цельсийн 21 хэм юм. Хүүхэд халууцаж хөлөрвөл хучлагыг нь нимгэлж, даарвал хөнжил нэмээрэй. Хүүхдийг хүйтэн оронд хэвтүүлж болохгүй. Температурын өөрчлөлтөд хүүхэд уцаарладаг.

Унтах цаг

Хүүхдийг тогтмол цагт унтуулж, тогтмол цагт босгож байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ижил цагт унтах нь зүйтэй. Гэхдээ ингэхийн тулд хүүхдийнхээ унтах цагийг өөрсдөдөө тааруулж өөрчилбөл хүүхэд тавгүйтэж, дааврын ялгарал нь өөрчлөгддөг. Өглөө их унтуулахын тулд орой унтуулахгүй байж болохгүй. Ингэвэл хүүхэд ядрахаас гадна тайвширдаггүй. Тогтмол цагт унтсанаар хүүхдийн биед “сэрүүлэг” ажиллаж эхэлдэг бөгөөд унтах цаг болмогц хүүхэд өөрөө нойрмоглож эхэлдэг.

X
Нэвтрэх