Зонхилон тохиолдох өвчин

image

Хүүхэд өвчлүүлж болох, хамгийн элбэг тохиолддог шимэгчдийн талаар бид мэдээлэл хүргэж байгаа билээ. Үүнээс өмнө хялгасан хорхойтох өвчний талаар хүргэсэн бол энэ удаа хүж хорхойн халдварын талаар мэдээлж байна.

ХҮЖ ХОРХОЙТОХ ӨВЧИН

Хүж хорхойн эмэгчин 25-40 см, эрэгчин нь 15-25 см урттай, нарийн гэдсэнд амьдардаг бөөрөнхий хорхой юм.

Хүж хорхой гэдсэнд хоёр үзүүрээр гогцоорон нумарч байрлах ба нарийн гэдэсний салтын гадарга дахь зүйлээр хооллоно. Эмэгчин нь өдөр бүр 200 мянга гаруй өндөг гаргаж, тэдгээр нь өтгөнөөр ялгарна. Хүж хорхой тараагч нь гагцхүү халдвар авсан хүн юм.

  • Газар шорооны ажил хийдэг хүмүүс голдуу өвчлөх бөгөөд өндгөөр бохирлогдсон ногоо, жимс, ус, бохир гараар дамжин хүүхдийн биед орно. Мөн ялаагаар дамждаг.
  • Бохирлогдсон тоглоом, гэр ахуйн хэрэглэлүүд гол дамжуулагч болдог. Хүж хорхой биед механик гэмтэл учруулахаас гадна хордуулах, харшлуулах нөлөөтэй. Авгалдай хүний хоол боловсруулах замд ороод гэдэсний ханаар цусны судсанд нэвтэрч, элэг зүрх, цаашлаад уушгинд хүрдэг. Энэ үеийг хүж хорхойн нүүдэллэх үе гэнэ.

Нүүдэллэх үед хүж хорхойн бодисын солилцооны ба үхсэн авгалдайн задралын бүтээгдэхүүнээр бие мэдрэгшиж, энэ үед арьс загатнах, янз бүрийн тууралт гарах зэрэг харшлын шинжүүд гарахаас гадна уушиг, элэгний эдүүд гэмтсэн байдаг.

Уушигнаас гуурсан хоолойгоор гадагшлуулан, амны хөндийд хүрээд эргэн залгигдаж, гэдсэнд орно. Энэ үеийг гэдэсний үе гэдэг. Хүж хорхойн гэдэсний хананд учруулах гэмтлийн хэмжээ түүний тооноос их хамаардаг.

Олон хорхой бөөгнөрсөн үед гэдэсний хөндий, цөс, нойр булчирхайн цоргыг ч бөглөх тохиолдол бий. Зарим үед түгжирч мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

Хүж хорхой олон байвал аюултай төдийгүй 2-3 ширхэг хорхой ч хүнд өвчин үүсгэж болно.

ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

  • Авгалдайн нүүдэллэх үед 3-7 өдрийн дараа өвчний шинж тэмдгүүд илэрч, 5-7 хоног үргэлжилнэ. Хүүхдийн бие тавгүйтэх, цээжээр өвдөх, ханиах, халуурах зэрэг амьсгалын цочмог халдварын шинж тэмдэг илэрдэг.
  • Мөн арьс загатнаж тууралт гарна.
  • Хүж хорхойн гэдсэн дэх амьдралын үед илрэх шинж тэмдэг нь хүүхэд цонхигор, турсан, баас тогтворгүй, хоолонд дургүй, огиудас хүрэх, шүлс гоожих, гэдсээр өвдөх зэрэг юм. Мөн хүүхэд тайван бус, нойрондоо муу, анхаарал суларч, ойлгоц нь мууддаг.

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ

Ямар эмийг ямар тунгаар, ямар хугацаанд уухыг эмч таньд зөвлөх болно.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

  • Хүүхэд шимэгч хорхойтсон үед гэр бүлийн бүх гишүүдийг шинжилж, эмчилж, 7-10 хоногийн дараа дахин эмчилгээ хийхгүй бол өвчин бие биедээ халддаг.
  • Хүүхдийн байгууллагууд хүүхэд бүрт шимэгч хорхойн шинжилгээ хийж, хорхойтой хүүхдийг эмчлүүлсний дараа авах нь зүйтэй.
  • Хүүхдийг гараа зөв угаах дадал заншилд хэвшүүлж, хүүхэд бүрийг тусгай хөтөвчтэй байлгах ёстой.
  • Ариун цэвэр - эрүүл ахуйн дэг журмыг чанд сахиж, үргэлж чийгтэй цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй.

Эх сурвалж: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага

X
Нэвтрэх