Ээж, аав та 1 настай хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
- Үргэлжлүүлэн хөхүүлэх ба нэмэгдэл хоолоор өдөрт 3-4 удаа 9 сартайгаас эхлэн хооллох.
- Хүүхдээ хайрлаж буйгаа мэдрүүлж, элгэндээ нааж тэврэх.
- Эргэн тойрны эд зүйлсийн нэрийг тод хэлж сонсгох, бүх зүйл нэртэй гэдгийг мэдрүүлэх, ойлгуулах.
- Энгийн тоглоом (хүүхдийн эргэн тойрны эд зүйлс, үйлдэл болгоныг тоглоом болгох) тоглох, ярилцах, ном унших.
- Хүүхдээ түлхэх, татах, өнхрүүлэх, базах, дуу гардаг зэрэг олон үйлдэл хийж болох тоглоомоор тоглуулах
- Жижиг зүйл, халуун, хүйтэн, хурц, давхарласан зүйл, гялгар уут зэргийг хүүхдээс хол байлгах
- Хүүхдийнхээ нүүр гарыг угаахдаа тоглох хэлбэрээр, баяр баясгалантайгаар, хийж буй үйлдлээ тайлбарлан хийх
- Хүүхдээ өөрийн гэсэн тусдаа аяга, халбага хоолны хэрэгсэлтэй байлгах
Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.
- Аливаад хариу үйлдэл үзүүлэхгүй байх
- Алхахдаа тэнцвэргүй байх
- Хоолны дуршилгүй байх
- Зан аашинд үе үе өөрчлөлт гарах
Ээж, аав та 2-3 настай хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
- 1 нас хүртэл нь хөхүүлэх, хүүхдийг олон нэр төрлийн тэжээллэг, цэвэр, шинэхэн бэлтгэсэн хоолоор хооллох
- Хүүхдийг товлолт вакцинд хамруулах
- Хүүхэдтэйгээ хамтран шүд, ам, хамар, гар, нүүрийг угаах ба үйлдлийг баяртай сонирхолтой байдлаар тайлбарлан хийх
- Хүүхдэд аюултай эд зүйлс, аюултай газраас зайлсхийхийг тайлбарлах
- Хүүхэдтэй ярихдаа хэлгий болон буруу ярихгүй байх
- Хүүхдийнхээ өсөлт хөгжлийн явц, тоглож буй байдал, хийж буй үйлдэл, яриаг сайн ажиглаж сайн үйлдлийг дэмжиж, буруу үйлдлийг засах
- Хайрлаж байгаагаа байнга мэдрүүлж, магтаж урамшуулах
- Шүлэг, дуу, хуруун хүүхэлдэй, хөдөлгөөнийг хамтран болон дагуулан хийх
Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.
- Бусдаас хөндий, ганцаардмал байх
- Алхах болон хөдөлгөөний явцад тэнцвэрээ алдах
- Хоолны дуршил муу эсвэл хоолонд дургүй байх
- Хэцүү, ойлгомжгүй зан ааш гаргах
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш