fbpx

Хоол тэжээл

image

Нийслэлийн төвийн нэгэн сургуулийн сурагчийн үдийн цай "Будаатай хуурга ба хар цай" /2018.10.17/

Хүүхэд хоногт хоол тэжээлээс авах илчлэгийнхээ 15 хувийг ҮДИЙН ЦАЙНААС авах ёстой. Гэвч бага ангийн нэг сурагч уг илчлэгийг 600 төгрөгийн үдийн цайнаасаа авч чадахгүй байна.

Нэг хүүхдийн зардлыг 600 төгрөгөөр төсөвлөсөн нь 2006 онд буюу 12 жилийн өмнөх тооцоо юм.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх шаардлагатай хэмээн УИХ-ын зарим гишүүн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачилсан билээ.

Мөн намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Ундармаа танилцуулахдаа  “Үдийн цай хөтөлбөр эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Чихэрлэг бүтээгдэхүүн давамгайлж, илчлэг хүрэхгүй байна. Сургуулиуд үдийн цайны төсвөөс мөнгө үлдээж, өөр зүйлд зарцуулдаг. Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгон өргөжүүлж, шим тэжээлийн хэмжээг нэмэх шаардлагатай” хэмээж байсан.

2019 оны төсөвт ерөнхий боловсролын нийт 1-5-р ангийн 324 мянга 620 хүүхдэд Үдийн цай хөтөлбөрт 34.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа юм.

Нэг хүүхдийн зардлыг 600 төгрөгөөр төсөвлөсөн нь 2006 онд буюу 12 жилийн өмнөх тооцоо юм. БСШУСЯ-наас үдийн цай хөтөлбөрийн нэг өдрийн зардлыг хоёр дахин нэмж 1200 төгрөг болгох саналыг тавьсан ч хуулийн төсөл батлагдаагүй учир 2019 оны төсөвт нэмж тооцох боломжгүй байгаа аж. Хоол үйлдвэрлэгчид өдрийн 600 төгрөгт багтаахын тулд нүүрс ус ихтэй хүнс сонгодог ба хэрэв төсвийг хоёр дахин нэмэгдүүлбэл уургаар баялаг хүнс, сүү, цагаан идээг өгөх боломжтой болно.

Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн үдийн цай буюу "Сүүтэй овьёосны зутан". Тус сургуулийн сурагчид мягмар гараг бүр цагаан хоол иддэг. /2018.10.16/

“600₮-ӨӨС ЗАХИРГААНЫ ЗАРДАЛД ЗАРИМ НЬ ЗАРЦУУЛАГДААД НЭГ СУРАГЧ ДУНДЖААР 250₮-300₮-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ИДДЭГ”

Одоогоор ихэнх ЕБС-иудын үдийн цайны 70 орчим хувийг халуун хоол ба бэлэн бүтээгдэхүүн /холимог/, 20 гаруй хувь нь шууд бэлэн бүтээгдэхүүн эзэлдэг аж. Төсвөөс өгч буй 600 төгрөгөөс тухайн сургуульд бүтээгдэхүүн нийлүүлж буй цайны газрын түрээс, захиргааны зардал зэрэгт зарим хэсэг нь зарцуулагдаад эцсийн дүнд бага ангийн нэг сурагч сургууль дээрээ өдөрт 250-300 төгрөгний бүтээгдэхүүнийг иддэг албаны эх сурвалж хэлж байлаа. Энэ нь хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээнд ч хүрэхгүй, өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.

Зарим улс мөн л бодлогын хэмжээнд дунд сургуулиудын сурагчдаа үдийн цайгаар хангадаг. Жишээ нь АНУ гэхэд Үндэсний үдийн цайн хөтөлбөрийнхөө (National School Lunch Program) дагуу улсын болон хувийн дунд сургуулийн 31 сая сурагчдад үдийн цайн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна.

АНУ гэлтгүй дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон халуун хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Их Британи 1900 оноос, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.

Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг аж. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр ирээдүйд гарах эмчилгээний зардлыг 16 дахин бууруулдаг гэсэн тооцоолол ч байдаг аж.

Бусад улс орнуудын дунд сургуулийн сурагчдын үдийн цай ямар байдгийг харуулсан, sweetgreen вэбсайтаас бэлтгэсэн фото мэдээлэл:

БРАЗИЛ

ФИНЛАНД

ФРАНЦ

ГРЕK

ИТАЛИ

ӨМНӨД СОЛОНГОС

ИСПАНИ

УKРАЙН

АНУ

Сэтгүүлч Б.Нямдарь

X
Нэвтрэх