fbpx

Хүүхдийн хөгжил

image

Олон эцэг эхэд тулгардаг уг бэрхшээлийн талаар бид өчигдөр зарим ойлголтыг хүргэсэн. Энэ удаа хэл яриаг нь зөв хөгжүүлэхэд ямар арга хэрэглэж болох талаар дурдъя.

ХҮҮХДЭЭ ХЭТ ШАХАМДУУЛЖ ХЭРЭГГҮЙ

Хүүхдээ заавал зөв хэлүүлэх гэж ахин дахин зовоох хэрэггүй. Зөв хэлүүлэх гэж албадаад байвал хүүхэд улам бүр дарамтад орох нь бий. Зүгээр л буруу хэлсэн үгийг нь зөвөөр давтах, өгүүлбэрийг гүйцээж хэлэхэд нь тусалж болно. Яаж зөв хэлдгийг хүүхэд сонсоод авна. Харин цаг нь болохоор уг үгийг зөвөөр ярьдаг болчихно.

ҮЛГЭР ДУУРАЙЛ ЧУХАЛ

Маш тодоор удаан ярьж бай. Ингэснээр хүүхдэд сонссоноо өөрийн болгож авах цаг олддог. Ярилцаж байхдаа хөгжилтэй бай. Зугаатай зүйлийг хүн сурахдаа дуртай байдаг. Бүхнийг зөв хийх гэж байснаас хамтдаа инээлдэх нь хамаагүй дээр! Хүүхэд бие биенээсээ их суралцдаг болохоор аль болох ижил насныхантай нь уулзуулж бай. Ном уншиж өгөх нь хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлээд зогсохгүй түүнийг тайвшруулж өөртөө итгэлтэй болгодог.

Шүүмжлэхгүй, харин зоригжуулж, магтсанаар, бусадтай харьцуулалгүй яг байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр, зөв хэлүүлэх гэж оролдолгүй харин зөвөөр давтан хэлж өгснөөр, яаруулалгүйгээр харин тайван орхисноор хүүхдийн хэл ярианы хөгжилд маш том дэм болно.

Хүүхдийнхээ үгийг нь таслалгүй анхааралтай сонсож, дуустал нь яриулж, асууж лавлаж байх, хичээллэх гэлгүй харин хамтдаа тоглож, ярилцаж бай, нэг дор хэт их ярилгүй харин тодорхой бөгөөд энгийн ярьж байх хэрэгтэй. Мөн ярианы алдаанд нь анхааралгүй харин хүүхдээ юу хэлэхийг анхааралтай сонсож байгаарай. Эдгээр энгийн атлаа бидний мартаад байдаг хандлагууд нь ямар ч хүүхдэд маш чухал гэдгийг ямагт санаарай. Ялангуяа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд ямар нэг байдлаар дарамтад орохгүй байх нь маш чухал. Тэдэнд алдаагаа засахаас айлгүй чөлөөтэй ярих боломж өгч байх нь тэдний хэл яриаг хөгжүүлэх оновчтой арга юм.

Доорх холбоосноос зарим үндсэн ойлголтуудыг дэлгэрүүлж уншаарай.

МАНАЙ ХҮҮХЭД БҮТЭН ӨГҮҮЛБЭРЭЭР ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЯАВАЛ ДЭЭР ВЭ?

 

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэлзүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх