fbpx

Боловсрол

image

Бага насны хүүхдэд зориулсан зурагт ном ямар байх ёстой талаар зохиогч, эцэг эхийн дунд "Хөөрхөн зураг хөнөөлтэй" хэлэлцүүлгийг "Интерном" дэлгүүр өнөөдөр /2018.11.17/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг "Монсудар" хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат, тус хэвлэлийн газрын "Жангар" редакцийн зураач Б.Төрмөнх нар хөтөллөө. Тэдний эцэг эхэд хандан хэлсэн зурагт номын тухай үгсээс зарим санааг түүвэрлэн хүргэвэл:

Р.ЭНХБАТ:

  • Эцэг эх хүүхдэдээ ном авахдаа хавтасных нь гоё сайхныг хардаг.
  • Номыг хөөрхөн зурагтай л бол сонгодог. Хүүхдээр өөрөөр нь сонголтыг хийлгэдэггүй. Хүний үгээр явсаар хүүхдийн сэтгэл хөгжөөгүй байдаг.
  • Хүүхдийг хувь хүн гэдэг талаас нь хардаггүй.
  • Хүүхдийнхээ асуултад эцэг эхчүүд мэдэхгүй хэр нь мэддэг юм шиг хариулдаг нь буруу. 
  • Том хүмүүс хүүхдийг яаж нэг саатуулдаг юм билээ гэдэг байр сууринаас ханддаг.
  • Хүүхдийн амьтны зулзаганаас ялгаатай нь тэд заасан зүйлийг сурч байж амьдралд даддаг, улам их сурах эрмэлзэлтэй байдаг. Амьтан бол төрөлх чадвар ихтэй.
  • Ээж аавууд хүүхдээ үнсэж үнгээд байдаг ч яг үнэндээ хүүхдээ тоодоггүй. Хүүхдийг битгий үл тоож бай.
  • Амьд байвал их юм гэж хүүхдэд хандаж хэрхэвч болохгүй.
  • Ихэнх монголчууд хүүхдийнхээ биеийг хайрлахаас сэтгэлийг нь хайрладаггүй.
  • Хүүхдээс үнэнийг битгий нуу. Өөрт тохирсон хэлбэрээр тайлбарлаж өг.
  • Дээр үед хүүхдийг ажиллах хүч гэж төрүүлдэг байсан. Хүүхдийн тухай ойлголт өөрчлөгдсөн. Өнөөгийн нийгэмд биеэ авч явах хэмжээнд хүрэх хэцүү тул эцэг эхчүүд үүнд чухал үүрэгтэй. Дан ганц боловсролын байгууллагад найдан орхиж болохгүй.
  • Хүүхдээ номонд дуртай болгохыг хүсвэл түүнд ном уншиж өгч сайхан ярилцаж бай.

Б.ТӨРМӨНХ:

  • Том хүмүүс өөрийн үзэмжид тохируулж зуруулж, тэр зуруулсан зургаараа хүүхдүүдээ өрсөлдүүлээд шагнадаг. Гэтэл тэдний сэтгэлгээ өөр. Хүүхэд өөрийнхөө сэтгэмжээр алимыг алаглуулан будах нь ч бий.
  • Зурсан зургаар нь хүүхдийн сэтгэл санаа ямар байгааг ч тодорхойлж болдог тул яг ийм, тийм зур гэж зааварлах хэрэггүй.
  • Ном сонгохдоо эцэг эхчүүд хүүхэд тухайн номыг хэрхэн ашиглахыг төсөөлөлгүй "бичиггүй юм байна, цөөн хуудастай юм байна" гэх мэт өнгөц шалгуураар дүгнэн өөрийн мэдлээр худалдан авдаг.
  • Ганцхан үлгэртэй зурагт ном авахгүй гэх эцэг эх олон байдаг. Үнэндээ тухайн зурагт номын зургийн бүрэлдэхүүн хэсэг нэг бүрийг хүүхэд маш анхааралтай харж уран сэтгэмжээ хөгжүүлэх боломж бүрдсэн байгаа. Үнэндээ тийм номыг хүүхэд элэгдэж урагдтал дахин дахин үздэг.

Тэдний яриаг дэлгэрэнгүй байдлаар Маамуу хуудаснаас үзээрэй.

Гэрэл зургийг Э.Батзавъяа

X
Нэвтрэх