fbpx

Боловсрол

image

Авлигатай тэмцэх газраас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эхний хэлэлцүүлгийн үеэр панелистуудын зүгээс дараах асуудлуудыг дурдаж байлаа.

1. Захын хорооллын сургуулиудын анги дүүргэлт хотын төвийн сурагчдыг бодоход харьцангуй хэвийн байдаг. Учир нь гэр хорооллын сургуулийн боловсролын чанарыг эцэг эхчүүд муу гээд итгэчихдэг, хүүхдээ сайн сургуульд өгөхийн тулд хотын төв рүү сургуульд элсүүлчихдэг. Энд нэгэн жишээ дурдахад Хүчит Шонхор захын орчим гэр нь байдаг ах дүү хоёр хотын төвд байдаг 24-р дунд сургуульд сурдаг ба анги нь 50 гаруй хүүхэдтэй. Хол болохоор өглөө үүрээр гарч автобус хүлээж, заримдаа таксигаар өвлийн хүйтэнд сургууль руугаа явдаг. Эцэг эхчүүд хамран сургах тойргийн сургуульдаа хүүхдээ явуулахгүй маш хол сургуульд элсүүлээд энэ мэт эрсдэлд оруулж байгааг шүүмжиллээ.

2. 24-р сургууль нийт 552 хүүхэдтэй. Үүнээс 147 нь хамран сургах тойргийн бус хүүхэд. Харин эдгээр хүүхдүүдийг төрийн байгууллагын албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийн хүсэлтээр элсүүлжээ.  Үүнд,

  • УИХ-ын гишүүний хүсэлтээр 5
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 4
  • Боловсролын үнэлгээний төв 6, 
  • НЗДТГ-аас 5 
  • БСШУСЯ-аас 6 сурагч, 
  • Нийслэлийн Боловсролын газраас 35, 
  • НМХГ-аас 5, 
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 3, 
  • Чингэлтэй дүүргийн ЗДТГ 42, 
  • Сургуулийн дэргэдэх ТББ-аас 4
  • Багш ажилчдын хүүхэд 22
  • Ахмад ажилчдын хүүхэд 10 сурагч тус тус элсжээ. Ингэснээр хамран сургах тойрогтоо сурах ёстой хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна.

Гэтэл захын хорооллын 79-р сургуульд нэгдүгээр ангийн найман бүлэгт 282  сурагч байдаг. Нэг ангид 30-36 хүүхэд буюу сурагчийн тоон илүүдэлгүй суралцаж байна. Хамран сургах тойргоороо нийт 600 гаруй хүүхдийн нэрс байдаг ч дээрх 282 нь элссэн, бусад 400 гаруй нь хаана сурч байгаа нь тодорхойгүй байна. Энд хамран сургах тойргийн журам алдагдсан, сургуулиудын захиргаа үүн дээр стандартаа мөрддөггүй гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ.

3. Боловсролын салбарт их дээд сургуулиуд магадлан итгэмжлэл авах, тендерт өрсөлдөх үйл ажиллагаанд авлига их байна гэлээ.

4. Эцэг эхчүүд хүүхдээ элсүүлэхийг хүссэн цэцэрлэгийнхээ хамрагдах хороонд хаягаа шилжүүлэн бүртгүүлж байна. Энд нэгэн жишээ дурдсан нь, 2011 онд нэр бүхий ТББ-аас нэгэн цэцэрлэгт судалгаа хийжээ. 2-3 жилийн дараа дахин судалгаа хийхэд  өмнөх судалгаанд амьжиргааны түвшин доогуур 20 орчим хүүхдийн тоо 10 хүрэхгүй болтлоо буурчээ. Харин үүний оронд амьжиргааны түвшин дундаж болон дээгүүр айлын хүүхдүүд шинээр нэмэгдсэн байжээ. Эндээс үзэхэд, боломж бололцоотой нь авлига өгч хүүхдүүдээ цэцэрлэгт оруулаад харин боломжгүй нь хасагдан гэртээ цоожлогдож эсвэл эцэг эхийн аль нэг нь гэртээ харах шаардлагатай болдог гэсэн таамгийг хэлж байлаа. Гэртээ цоожлогддог хүүхэд гал түймэр, осолд өртөх магадлал нэмэгдэнэ.

Сэтгүүлч Б.Нямдарь

X
Нэвтрэх