Хүүхдэд гар утас үзүүлж аргацаах нь хүртэл үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр
ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛ НАСАН ТУРШИД НЬ ХОР УРШИГ ДАГУУЛЖ БАЙДАГ
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг үл хайхрах төдийд л тэдний эрх зөрчигдөж эхэлдэг ажээ.
Бид бие махбодийн, эдийн засгийн, сэтгэл санааны, бэлгийн гэх мэт хүчирхийллийн хэлбэрүүдийг ихэвчлэн ярьдаг. Гэвч бидний тэр бүр дурсдаггүй, нүдэнд ил харагддаггүй боловч маш хор хөнөөлтэй хэлбэр бол үл хайхрах хүчирхийлэл юм.
Үл хайхрах нь хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй ажээ. Багаасаа хайрлуулж, халамжлуулаагүй, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж авна гэдэг хэчнээн аймшигтай билээ.
Та хүүхдэдээ гар хүрдэггүй ч тэднийг үл тоосноор насанд хүрсэн хойно нь ч хор уршиг учруулж болохуйц үл хайхрах хүчирхийллийг чимээгүй үйлдэж байдгаа мэддэггүй юм.
Хүүхдийг үл хайхрах гэж хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, хайр халамж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг ойлгоно гэжээ.
Өөрөөр хэлбэл, та хүүхдэдээ гар хүрдэггүй ч тэднийг үл тоосноор насанд хүрсэн хойно нь ч хор уршиг учруулж болохуйц үл хайхрах хүчирхийллийг чимээгүй үйлдэж байдгаа мэддэггүй юм.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа хүчирхийллийн дуудлагын 50-60 хувь нь үл хайхрах хүчирхийллийн хэлбэрээр хандсан байдаг талаар тус байгууллагын ээлжийн ахлах мэргэжилтэн М.Эгэлзаяа хэлж байлаа.
Тус төвд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 169 мянга гаруй дуудлага ирснээс 1679 нь үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой байжээ. Хүүхдийг үл хайхарснаас бусад төрлийн хүчирхийлэлд өртөх магадлал ч нэмэгдэж байдгийг тэрбээр хэлсэн юм.
ӨВДСӨН ХҮҮХДЭЭ ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ, УЛИРАЛД ТОХИРООГҮЙ ХУВЦАСЛАХ, ХҮҮХДЭЭ ТЭЭРШААХ...
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, аюултай нөхцөл байдлыг мэдсээр байж, хүүхдийг хамгаалахаас зайлсхийх...
Хүүхэд гэр орондоо хамгийн аюулгүй байж, эцэг эхдээ хамгийн ихээр итгэж байх ёстой.
Гэтэл хүүхдэдээ улиралд нь тохироогүй хувцас өмсүүлэх буюу хүйтний улиралд дааруулах, шим тэжээлгүй хоол идүүлэх, хичээл номд нь санаа тавихгүй байх, сэтгэл санааг нь хуваалцахгүй байх, хүүхдээ тээршаах, гар утас зурагт үзүүлж цагийг аргацаах, хүүхдээ сонсохгүй байх, ариун цэвэр сахиулахгүй байх зэргээр үл хайхардаг ажээ.
Үл хайхрах хүчирхийллийн хэлбэрүүд:
Бие махбодын хувьд үл хайхрах: Хүүхдийн наад захын хэрэгцээ болох хоол хүнс, хувцас хунар, орон байраар дутаах, хүүхдэд согтууруулах ундаа, хор, мансууруулах бодис, муудсан хоол, зохисгүй зүйл санаатайгаар, хүчээр идүүлэх.
Эрүүл мэндийн хувьд үл хайхрах: Хүүхдийг зайлшгүй хамрагдах эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолд санаа тавихгүй байх, биеийн зовуурь шаналгааг тоохгүй, эмчлүүлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй байх.
Сэтгэл санааны хувьд үл хайхрах: Хүүхэдтэй хол хөндий харилцах, эсхүл харилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хүн гэж тоохгүй байх, хүсэл сонирхлыг нь няцаах
Боловсролын хувьд үл хайхрах: Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, сургууль завсардуулах, хөдөлмөр эрхлүүлэх
Хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлэх: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, аюултай нөхцөл байдлыг мэдсээр байж, хүүхдийг хамгаалахаас зайлсхийх.
Хайр халамжаар дутагдаж байгаа хүүхдийг таньж мэдэх шинж тэмдэг:
- Байнга өлсгөлөн байх, хог түүх
- Хувийн ариун цэвэр тааруу, бохир хувцаслах нь байнгын шинжтэй байх
- Ядруу бусдыг царайчилсан, хайр хүссэн байдалтай байх
- Цаг агаарт тохиромжгүй хувцаслах
- Бусдыг үзэн ядах. /Эх сурвалж: Wikipedia/
Хүүхдийг үл хайхрах нь уураг тархины хөгжилд сөргөөр нөлөөлж хэмжээ нь дундаж хэмжээнээс жижгэрдэг
Үл хайхрах явдалд өртсөн хүүхдийн бие махбодод дараах шинжүүд илэрнэ. Үүнд:
- хүүхэд орон гэргүй,
- хүнсний бие элдэв хортой бодис хэрэглэх,
- бөөстөх,
- сайртах,
- арьсны өвчин тусах,
- биеийн жин бага байх.
Зан авирт:
- сэтгэл санаагаар унах,
- сэтгэл хөдлөлөө барьж, хянаж чадахгүй байх,
- анхаарал халамж хүсэх,
- элдэв хэрэг хууль бус явдалд холбогдох,
- хичээл дээрээ унтах,
- хулгай хийх,
- хүүхдүүдээс хоол гуйх,
- хичээл таслах зэрэг зан үйл хүүхдэд илэрнэ. /Эх сурвалж: Википедиа/
Тэр бүү хэл хүүхдийг үл хайхрах нь уураг тархины хөгжилд сөргөөр нөлөөлж хэмжээ нь дундаж хэмжээнээс жижгэрэхээс гадна тархины бор давхаргын хөгжил эрүүл бус болдгийг АНУ-ын Хүүхдийн гэмтэл судлал академийн ахлах судлаач, сэтгэл зүйч, анагаах ухааны доктор Брюс Д.Перри тогтоосон байна.
Гэр бүл хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ“Эцэг эх асран хүмүүжүүлэгч нар хүүхдийг үл тоож, ярилцдаггүй, сонсдоггүй, сэтгэл санааг нь хуваалцдаггүй, сонирхол хүслийг нь мэддэггүй, хүүхэдтэйгээ ерөөсөө цагийг өнгөрөөдөггүй. Дээрээс доошоо дарамталсан, үл хайхарсан харилцаа дийлэнх гэр бүлд байна. Нөгөө талдаа энэ нь хүчирхийлэл болдог” гэсэн юм.
ХАЙХРАМЖГҮЙ ААВ ЭЭЖҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО
Хайхрамжгүй аав ээжээс болж хүүхэд төрөл бүрийн аюул осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирох, насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлдэх, цаашлаад амь насаа алдахад хүрч байна.
Бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх, хүүхдийг хүүхдээр харуулж хамтад нь цоожилж орхих эсвэл эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас түлэгдэх, цахилгаанд цохиулах, цонхоор унах, нохойд хазуулах, гэмт хэргийн золиос болох зэрэг ямар нэг аюул эрсдэлд орохоос гадна өөр бусад төрлийн хүчирхийлэлд өртөх магадлал ч нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.
Харин эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ хараа хяналт тавиагүйгээс хүүхэд нь эрсдэлд орсон тохиолдолд ямар хариуцлага үүрүүлэхийг хуульчлан заажээ. Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно гэж Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгажээ.
Тухайлбал, Зөрчлийн тухайн хуулийн 6.20 дугаар зүйлд:
- Хүүхдийн эрхийг зөрчиж:
1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;
1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;
1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харилцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 16 дугаар бүлэг буюу Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэсэгт:
1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ээж ааваасаа юм асуух гэхээр “Цаашаа бай, ядраад байна, би хоол хийж, ажилтай байна, чи цаанаа тоглоод байж бай” гэх мэтээр хандаад байвал муухай биз дээ.
3. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Хуульд нэг нэгжийг 2000 төгрөг гэж заасан бөгөөд мөнгөн дүнгээр бодвол 900 мянгаас 10,8 сая төгрөгөөр торгох юм байна.
Сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ:
“Эцэг эх хүүхдийнхээ сэтгэхүйд тааруулж өөрийгөө буулгаж харилцах хэрэгтэй. Жишээ нь, бид өөрсдийгөө хоёр настай гэж төсөөлье. Ээж аавтайгаа ярилцах гээд байнга шалгааж байдаг. Ээж ааваасаа юм асуух гэхээр “Цаашаа бай, ядраад байна, би хоол хийж, ажилтай байна, чи цаанаа тоглоод байж бай” гэх мэтээр хандаад байвал муухай биз дээ. Тэр насанд нь хүүхэдтэй төвөгшөөхгүй харилцаад сурчихвал буцаад ээж аавтайгаа дотно харилцдаг.
Хүүхэд эргээд ээж аавыгаа үл хайхарна гэдэг аюул байна. Багад нь хүүхдээ үл хайхарсан бол өсвөр насандаа эргээд тантай сэтгэл санаагаа хуваалцдаггүй, ээж аавыгаа үл хайхардаг, хайрладаггүй, хүндэлдэггүй болно.
Суурь хүмүүжил 0-6 насанд нь хүүхдээ үл хайхраад өсгөчихвөл өсвөр насанд нь эргээд өөрсдөө мэдэрдэг. Үл хайхардаг ийм зангаа ээж аавууд өөрсдөө төлөвшүүлдэг. Хүүхдээ бага насанд нь хайрлаж өсгөвөл насанд хүрсэн хойноо хүүхэд тань эргээд таныг хайрлана” гэлээ.
Сэтгүүлч А.Наранцацрал