fbpx

Боловсрол

image

Хичээл, цэцэрлэг удахгүй эхлэхтэй холбогдон эцэг эх, асран хамгаалагч та бүхэн минь урьднаас бэлтгэх хэрэгтэйг багш, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хүүхэд сургуульдаа хурдан дасч, багшийн заасныг төвөггүйхэн сурахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо нэн шаардлагатай ч хүүхдээ хэрхэн бэлдэх өөрсдөө юу хийх ёстойг мэдэхгүй эсвэл эргэлзэж байгаа танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

 

-Сургуульд орох гэж байгаа хүүхэд ямар чадвар эзэмшсэн байвал сургуульд суралцахад дөхөм болох вэ?
-Урьд нь хүүхдийг сургуулийн бэлтгэл ангид суралцуулдаг байсан. Харин одоо энэ бүхнийг цэцэрлэгт зааж байна. Сургуульд бэлдэхийн тулд нэн түрүүнд хүүхэд өөрийгөө бүрэн танилцуулдаг, илэрхийлдэг болчихсон байх ёстой.

 Санаа бодлоо илэрхийлж сургаарай
• Өөрийгөө танилцуулах
• Анги болон гэртээ өөрийгөө илэрхийлэх
Үүний тулд эцэг эх асран хамгаалагч хүүхэдтэйгээ багаас нь юу таалагдаж, юу таалагдахгүй байгааг, сайхан муухайг ялгаж сурах гэх мэтээр сэтгэгдлийг асууж, ярилцаж, дасгах хэрэгтэй. 5-6 настай хүүхэд ярих маш дуртай, голдуу өөрөө санаачилж ярьдаг. Тиймээс болсон үйл явдлын талаар хүүхэдтэйгээ ярьж, дэмжиж яриулна.Эцэг эхчүүд сургуульд эзэмших ёстой бичиг үсэг эсвэл тоог нь заах сонирхолтой байдаг. Гэтэл хүүхэд нэгэнт мэддэг юмандаа сонирхолгүй байх нь бий. Нөгөөтэйгүүр хүүхэд юмаа сурчихсан бол сургуульд орохоор багшийн заасан аргаас зөрчихдөг. Бид багадаа үсэглэж сурсан бол одоо үеийн аргаар уншихыг зааж байна. Бидний зааж байгаа арга барил багшийнхтай тохирч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ сурахад хэрэгцээтэй арга барилуудыг эзэмшсэн байх ёстой.

-Жишээ нь?
-Жишээ нь үсэг нүдлүүлэх. Тэр аргуудыг эцэг эх хэр зэрэг багштай ойр байна төдий чинээ сайн эзэмшинэ. Хоногт 24 цаг бий. Бага ангийн хүүхэд сургууль дээрээ дөрвөн цаг өнгөрөөнө, харин 10 цаг орчмыг нь хүүхэд унтаж өнгөрөөнө. Сургууль дээр өнгөрүүлж байгаа дөрвөн цагийн 40 минутыг нэг хичээлд зарцуулна гэж бодохоор нэг хүүхдэд багш ердөө нэг л минут зарцуулах боломжтой. Тэгэхээр 10 цаг сул илүү гарна. Энэ 10 цагт хүүхэд гэртээ ээж аавтайгаа өнгөрүүлэх ёстой. Энэ хугацааг ашиглахын тулд багш гэрт даалгавар өгдөг. Тиймээс тэр бүр хүрч ажиллаж чадахгүй учраас эцэг эх өөрийнхөө хүүхэдтэй багшийн заасан аргаар гэрт нь даалгавар хийлгэж ажиллах хэрэгтэй.

-Багшийн заах арга барилд суралцана гэдэг эцэг эхчүүдэд маш хэцүү асуудал байх л даа.
-Аргыг нь олчихвол амархан. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн эцэг эх багштай нь байнга харилцаа холбоотой байх чухал. Багштай нь уулзах тутамдаа энгийн аргуудыг суралцаж байх хэрэгтэй.

Жишээ нь математикийн хичээл хийлээ гэхэд “За даалгавраа хийе, номоо гарга. Алийг хий гэсэн юм? Хоёулаа бодъё” гэж хэлдэг. Тэрнээс өмнө эцэг эх ямар даалгавар өгсөн бэ гэдгийг эхлээд дэвтэр номон дээрээс нь харчихаад хүүхдээ даалгавраа хийх гээд ширээний ард суухаас өмнө жижигхэн тоглоом тоглож болно.

“Миний хүү хэдэн шагай авсан бэ? Нэмээд хэдэн шагай авав? Эхлээд тавыг авчихлаа, дараа нь гурвыг авлаа. Нийлээд хэдэн шагай болсон бэ?" гэж хүүхэдтэйгээ ярьж тоглочихоод дараа нь ширээний ард суугаад "даалгавраа хийе" гэж хэл. Ингээд түрүүний 5+3 гэсэн бодлого таарвал шагай хэд болсон тухай асууж болно. Ингэж хийвэл хүүхдийн анхаарал төвлөрнө.

Уг нь бодчихсон зүйлээ бичихийн тулд ширээний ард сууж байгаа юм. Гэтэл эцэг эхчүүд суу, бод, бич гээд бүгдийг нэг дор хийлгэх гэдэг. Хүүхдийн гол хэрэгцээ бол тоглоом.

Гэтэл манайхан эрхлэхээс өөр ид байхгүй гээд загнаад байдаг. Тиймээс хичээлийг тоглоомын аргаар хийж сургах шаардлага бий.

 Тэвчээртэй болоход туслаарай
• Хүүхэд багшийг нэр дуудтал, эсвэл хонх дуугартал тэвчээртэй суух
• Хийж буй зүйлээ дуусгах тэвчээртэй байхЭхлээд богино хугацаанд гүйцэтгэх дасгал даалгавар хийлгээрэй. Сонирхолгүй, дургүй зүйлийг хийлгэх гэж албадсаны хэрэггүй. Өнгийн харандаа, усан будаг, цаас, хайч, баримлын шавар зэргийг байнга ойрхон байлгавал хүүхэд уйдахгүйгээр дуртай зүйлээ хийнэ.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэж хамаг уур бухимдлаа хүүхдэдээ гаргадаг. Бухимдалгүйгээр хичээлийг нь хэрхэн хийлгэх вэ?
-Бид хүүхдээ ойлгохгүй, сууж чадахгүй гээд байдаг. Таваас зургаан настай хүүхдийн биеэс асар их энерги гарч байдаг. Тэрийг цуглуулвал 5 тонн ус буцалгах хэмжээний их энерги юм. Хүүхэд тэрийг хөдөлж л шатаадаг. Тийм учраас энэ насны хүүхдүүдийн хөдөлгөөн дийлддэггүй. Иймд хүүхдээрээ хөдөлгөөнт бодлого бодуулж болно. Ширээний ард сууж байхын оронд “миний хүү ийшээ гурав алх, цаашаа дахиад гурав алх. Нийлээд хэд алхсан бэ?" гэх зэргээр бодож болно. Ингээд хийвэл хүүхэд өөрөө даалгавардаа сонирхолтой болно. Аав ээж нь бухимдаад байвал хүүхэд даалгавраас халширна.

-Хүүхдэд анхаарал тавихаар их сэтгэл гаргаж хичээлээ хийчихээд анхаарлаа багасгачихвал муухай бичээд, сэтгэлгүй хандаад байна гэж нэг ээж ярьсан. Яагаад ингэдэг вэ?

-Энэ бол бие даах чадвар юм. Хүүхэд цэцэрлэгт өөртөө үйлчлэх чадварт суралцдаг. Өөрөөр нь хувцаслуулж, нүүр гараа угаах, өөртөө үйлчилж чадаж байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хичээлийнхээ хуваарийн дагуу хичээлээ эмхэлж чадаж байгаа эсэхийг шалгаж байгаарай.

Та хүүхдэдээ өөрийгөө бие даан авч явахад туслаарай
• Цүнх дэвтэр номдоо эзэн болох
• Хувцсаа өмсөх, тайлах
• Бие засах, ариун цэврийн цаас хэрэглэх
• Гутлаа үдэх
Хүүхэд өөрийгөө бие даан авч явахад ямар хүндрэл гарах билээ гэдгийг эргэцүүлэн хянаж, шаардлагатай зүйл дээр нь туслаарай.

Манайхан цэцэрлэгт нь анхаарахгүй байж байгаад сургуульд орохоор нь гэнэт санадаг. Сургуульд орохоор нь шууд л хичээлийн агуулга руу анхаардаг. Тэр бүгдийг хийхэд суурь болдог өөртөө үйлчлэх чадварыг эзэмших ёстойг анзаарахгүй хаячихдаг. Аав ээжийнхээ хажууд даалгавар сайн хийж байна гэдэг нь тэдэнд зориулж хийж байгаа хэрэг юм. Тиймээс даалгаврыг зугаа болго.

-Тэгэхээр эцэг эхчүүд одоо яах ёстой вэ?
-Эцэг эхчүүд хүүхэд, багш, сургууль л яриад байдаг. Тэгвэл хамгийн түрүүнд эцэг эхээс хэдэн асуулт асууя.
• Хүүхдэд тань даалгавраа хийх тохитой орчин байна уу?
• Хүүхдэд биед нь таарсан ширээ сандал байна уу?
• Та өөрөө яаж бэлтгэгдсэн бэ?
• Хүүхэдтэйгээ ажиллах арга техникийг эзэмшсэн үү?
• Хүүхдэдээ үлгэр уншиж өгдөг үү?
• Хүүхдэд тань зурж буддаг ном нь бий юу?

Хүүхдийнхээ зурж будаж байгааг нь ажигла. Танай хүүхдийн гар хаашаа яаж будаж байна. Тууш хөдөлж байна уу эсвэл зөвхөн босоо будаж байна уу? Зураас давж байна уу? Дугуй дүрсийг тойруулж зурж чадаж байна уу? Төвөөс зах руу тойруулж байна уу, захаас төв рүү тойруулж байна уу? Энэ нь гар бугуйгаараа хаашаа ч хамаагүй чөлөөтэй хөдөлж чадаж байвал хүүхэд гоё бичнэ.

Тойргоо будаж чадахгүй байгаа бол томоос жижиг рүү, жижгээс том руу гэхчлэн будуулаад байвал таны хүүхэд “А” үсэг бичүүлснээс илүү ажил хийж байна. Элемент дээр 12 зурлагаа зөв бичээд сурчихвал хүүхэд дараа нь зөв бичиж сурна.

-Цэцэрлэгт явдаг хүүхдүүд явдаггүй хүүхдүүдээс хэр ялгардаг вэ?
-Ялгаа их бий. Мэдээж эцэг эх нь хүүхэдтэйгээ ажиллаж байна уу гэдгээс шалтгаална. Гэрт байгаа хүүхэд бие дааж л ажиллаж сурна. Цэцэрлэгт явсан хүүхэд багаар ажиллаж сурдаг. Энгийнээр хэлэхэд гэртээ байгаа хүүхэд багаар ажиллахад суралцдаггүй. Ах дүү хоёр тоглоом булаацалдвал эцэг эхчүүд юу гэдэг вэ?

-Ихэвчлэн дүүдээ өг л гэдэг байх.
-Одоо энэ хоёр багаар ажиллаж сурах уу? Үгүй. Харин цэцэрлэгт хоёр хүүхэд тоглоом булаацалдаад байвал багш “хувааж тогло, ээлжилж тогло” гэдэг. Энэ чинь л багаар ажиллах чадвар суулгаж байгаа хэрэг. Ангийнхантайгаа нийгэмшиж чадаагүй хүүхэд нэг ширээн дээр хоёулаа сууж чаддаггүй.

Би аав ээж нарт ажлын байрны зар харж бай гэж зөвлөдөг. Ажлын байрны зар бол өнөөдрийн нийгмийн шаардлага. Гурван чиглэлээр хүнээс чадвар шаардаж байна.

Эхнийх нь харилцааны соёлтой, бие дааж багаар ажиллах чадвартай, өөртөө итгэлтэй, ажлын ачаалал даах чадвартай гэх зэрэг шаардлагууд тавьдаг. Ажлын ачаалал даана гэдэг нь цагийн менежментийн асуудал.

Дараагийнх нь мэргэжлийн шаардлага. Дээд сургууль төгссөн, дадлага туршлагатай, гадаад хэлтэй, компьютерын программ дээр ажиллаж сурсан гэх мэт.

Гурав дахь нь физиологийн шаардлага. Нас, хүйс, зөв дүрхтэй, өндөр, нам.
Тэгэхээр бид физиологийн тал дээр хүүхэдтэйгээ ажиллаж буруу, зөв төрхийг өөрчилж чадахгүй. Харин мэргэжлийн шаардлага дээр бид зөвхөн хангалтыг л хийж чаддаг. Сургуульд төлбөрийг нь төлж байна.

Харин хамгийн эхний шаардлагуудыг гэрийн хүмүүжлээс авдаг. Нийгэмд байгаа ажлын байрны шаардлагуудыг хангаагүй бол таны хүссэн хүүхэд болохгүй. Бид хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж байгаа бол тэрэн дээр л анхаарах хэрэгтэй. Харилцааны соёл, бие дааж багаар ажиллах чадваруудыг багшаас суралцаж, мөн өөрсдөө үлгэр дуурайл болж байж л хүүхэд тэгж төлөвшинө.

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх