fbpx

Боловсрол

image

Япон хүүхдийн ёс суртахуунтай байдал дэлхийд алдартай. Та Япон улсад очоод олон нийтийн газраар явахад асран хамгаалагчийнхаа үгэнд оролгүйгээр уйлж, үймүүлж байгаа хүүхэдтэй тийм ч олон таарахгүй.

Тиймээс энэхүү нийтлэлээрээ бид япон эцэг эхчүүдийн хүүхэд өсгөн хүмүүжүүлэх арга техникээс цухасхан хүргэж байна.

1. ЭХ ҮРИЙН ДОТНО ХАРИЛЦАА 

Япон ээжүүд хүүхэдтэйгээ дотно байдаг. Бүр маш дотно ч гэж хэлж болно. Тухайлбал, тэд хүүхдийнхээ амьдралын эхний гурван жилд хором, мөч бүрийг хамтдаа өнгөрөөдөг.

Манай улсын ардын сургаалд:

- "Хүүхдийг 0-3 нас хүртэл хаан мэт өргөмжил,
3-6 нас хүртэл хатан мэт тойгло,
6-12 нас хүртэл харц мэт дагуул
13-18 нас хүртэл хань мэт зөвлө" гэдэг.

Яг л үүний адилаар Япон улсад:

- "Хүүхдийг 5 нас бүртэл бурхан мэт шүтэж
15 нас хүртэл харц мэт дагуулж
15 наснаас хойш найз мэт нөхөрлөдөг.

Эцэг эхчүүд хүүхдээ 5 нас хүртэл нь хайр, халамжаар дутаах учиргүй. Харин хоёрдугаар үе шатанд буюу 15 нас хүртэл эцэг эх нь хайраар дутаахгүй ч хүүхдээ нийгмийн дүрэмд захирагдаж сургахын зэрэгцээ хорвоод ирсэн зорилгоо олоход нь тусалдаг. Дээр дурдсанчлан япон эх үрийн холбоо маш бат бөх гэсэн учир хүүхдүүд эцэг эхийнхээ урмыг нь хугалахгүйн тулд бүх зүйлийг зохих ёсоор нь хийхийг хичээдэг.

Ингээд гуравдугаар шатанд буюу 15 нас хүрэхэд хүүхэд аль хэдийнэ нийгмийн нэгэн хэсэг болсон байх болно.

2016 онд Америк, Япон улсын эрдэмтэд хамтран хүүхэд өсгөх арга барил хүүхдийн зан араншинд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгааны үр дүнд эцэг эхийн хүүхдэдээ үзүүлж буй эерэг, таатай хандлага нь хүүхдийг буруу зан төлөв, хандлагатай нэгэн болж хүмүүжих эрсдэлийг бууруулж буй нь тогтоогдсон байдаг.

2. УЛСЫН ТОГТОЛЦОО

Хүн бүр тэгш эрхтэй. Та бүхний харж байгаачлан зурагт үзүүлбэр үзүүлж буй охидын баруун талаасаа хоёр дахь нь Япон улсын гүнж Аяако юм. Тэрээр үе тэнгийнхнийхээ адилаар сургуулиас өгсөн дүрэмт хувцсыг өмсөн, тэдний нэгэн хэсэг болоод үзүүлбэр үзүүлж байна.

Мөн Япон улсын ард иргэд бусдад аль болох саад, дараа болохгүйг гол үзэл баримтлалаа болгодгийг бид мэдэх билээ.

3. ГЭР БҮЛ

Дүрмийн дагуу ээжүүд хүүхдээ асарна. Японд гурван нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт явуулах, эмээ өвөөгөөр нь харуулах гэсэн ойлголт байдаггүй. Энэ бүх хугацаанд ээж нь үргэлж хамт байдаг.

Мэдээж ээжтэйгээ бүхий л цагт хамт байхын зэрэгцээ эмээ, өвөө болон хамаатан садантайгаа цагийг өнгөрөөдөг. Азийн ихэнх орны адилаар гэр бүлийн гишүүдийг амьдралд тохиох хамгийн чухал зүйлсийн нэг гэж үздэг. Тиймдээ ч гэр бүлийн гишүүд нэгнээ ямагт дэмжиж хамгаалах ёстой.

4. ЭЦЭГ ЭХИЙН ҮЛГЭРЛЭЛ

Европ болон япон ээжүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Судалгааны хүрээнд Европ болон япон хүүхдүүд пирамид барих даалгаврыг авав.

Европ ээжүүдийн хувьд хүүхдэдээ пирамид хэрхэн барихыг үгээр тайлбарлан, өөрөөр нь бариулахыг оролдож байв. Харин япон ээжүүд пирамидыг эхлээд өөрсдөө босгон хүүхдэдээ үлгэрлэж, дараа нь хүүхдээ өөрөөр нь бариулж байв.

Бид энэхүү судалгааны үр дүнгээс хүүхэд өсгөх Ази болон Европ арга барилын ялгааг харах боломжтой.

5. СЭТГЭЛ ХӨДЛӨЛ

Хүн нийгмийн нэгэн хэсэг болохын тулд бусдын сэтгэл хөдлөл, хүсэл шаардлагыг хүндлэх ёстой.

Япон ээжүүд хүүхдийнхээ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нэн түрүүнд тавьдаг. Тэд хүүхдээ хүчилж, олны өмнө ичмээр байдалд хэзээ ч оруулдаггүй. Яг л үүний адилаар хүүхдэдээ бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, тэр ч бүү хэл амьгүй биетийг ч хүндэтгэх ухаанд сургадаг ажээ. Жишээлбэл, хүүхэд тоглоомон машинтайгаа гамгүй харьцвал ээж нь “хөөрхий машин, чамайг ингэж харьцаад байвал уйлна даа” гэдэг. Барууны орны ээжүүд бол “боль, ингэх муухай шүү дээ” гэдэг.

Мэдээж хүүхэд өсгөхөд япон эцэг эхчүүдийн арга барил хамгийн шилдэг нь гэж хэлэхгүй. Гэхдээ бид тэднээс хүүхдээ хайрлах, хүндлэх арга ухааныг нь суралцаж болох юм.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх