fbpx

Боловсрол

image

Хүчирхийллийн талаарх бидний төсөөлөл гар хүрэх, зодох зэрэг бие махбодын болон бэлгийн хүчирхийллээр хязгаарлагддаг. Гэтэл Та гэр бүлийн гишүүнээ, хүүхдээ, найз залуу, бүсгүйгээ сэтгэл санааны хувьд тайван бус амьдруулах нь сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь тухайн хохирогчид сэтгэлийн гүн шарх үлдээдгээрээ хор хохиролтой юм.

Хэрвээ та эхнэр/нөхрөө

  • байнга харддаг,
  • утас, фэйсбүүк чатыг нь шалгадаг,
  • доромж үгээр харьцдаг,
  • найз нөхөдтэй нь уулзуулахгүй гэж хорьдог,
  • араас нь байнга залгадаг эсвэл
  • гэртээ байнга оройтож, нойргүй хонуулах,
  • үнэнч бус амьдардаг,
  • хэрүүл өдөж, байнгын тайван бус амьдруулдаг бол та сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байгаагийн илрэл юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлснээр Монголын гэр бүл, хосын харилцаанд түгээмэл үйлдэгддэг сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрүүдийг дараах байдлаар гаргасан байна.

Сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрүүд

Сэтгэл санааны хүчирхийллийг хэрхэн таньж мэдэх, мөн хэрхэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ ДААМЖИРВАЛ ХҮН ЛОГИКТОЙ БОДОХ ЧАДВАРАА АЛДАЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД Ч ХОХИРДОГ

Таны өөртөө итгэх итгэл, үнэлэмжид халдаж, таныг буруутгаж эхэлнэ. Одоогийн харилцаанд, эсвэл танд хамаагүй зүйлээр таныг буруутгаж, үнэлэмжийг алдуулж байдаг.

-Сэтгэл санааны хүчирхийлэлд өртчихлөө гэж хүмүүс ер нь ханддаг уу?
-Статистикаар 2018 онд манай төвд 1052 хүн үйлчлүүлсэн. 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл 20566 хүнд үйлчилгээ үзүүлсэн. Үүний 31 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүмүүс байна. Бие махбод, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн болгон сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртөж байдаг.

Харин 31 хувь гэж хувьчилж хэлж байгаа нь дан сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо байгаа юм.

-Би сэтгэл санаагаараа хохироод байна гэдгээ мэдээд, танай байгууллагад хандсан гэхээр асуудал нэлээд гүнзгийрсэн үедээ очих нь дээ?
-Манай төвөөр үйлчлүүлж байгаа ихэнх хүн хүнд шатанд орсон үедээ нойрны хямрал, сэтгэл гутралд орсон, амиа хорлохыг оролдсон, төлөвлөсөн үедээ бидэнд хандаж байна. Хуулийн хүрээнд нотлох баримт цуглуулах, би хүчирхийлэлд өртөөд байна гээд хэн нэгнээс тусламж авъя гэхээр харагдах байдалд нь хөхрөлт няцралт байхгүй, эсвэл бүр амиа хорлох хүнд түвшинд хүрээгүй тохиолдолд үүнийг нотлоход хэцүү.

Бүх төрлийн хүчирхийлэл бүгд давтагдаж, даамжирч байдаг. Таны өөртөө итгэх итгэл, үнэлэмжид халдаж, таныг буруутгаж эхэлнэ. Одоогийн харилцаанд, эсвэл танд хамаагүй зүйлээр таныг буруутгаж, үнэлэмжийг алдуулж байдаг.

Мөн айлган сүрдүүлж, мөрдөн мөшгөж, орчноос тусгаарлан, олны дунд нэр хүндийг чинь гутаан доромжилдог гэх мэтчилэн улам хүндэрч, даамжирч байдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл хэзээ ч ганц удаа үйлдэгдээд зогсдоггүй.

 “Би найз нөхөдтэйгөө уулзахаар намайг дарамтлаад байдаг юм байна. Би ингэхээ больчихвол намайг дарамтлахаа больчих байх” гэсэн найдвараар амьдардаг.

-Сэтгэл санааны хүчирхийлэлд хохирогчид ямар хор уршигтай вэ. Үүнийг таслан зогсоохын тулд юу хийх вэ?
-Сэтгэл санаа нь бидний өдөр тутмын үйлдэл, аз жаргал, бүхий л зүйлтэй уялдаа холбоотой байдаг. Гэр бүлийнхээ хэн нэгний дарамтад байсаар байвал ажилд нь муугаар нөлөөлж, амьдралын идэвх, өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлнө.

Сэтгэл санааны хүчирхийлэл удаан хугацаанд үйлдэгдвэл логиктойгоор бодож чадахаа больж, энэ асуудлаас гарах алхам хийж чаддаггүй. Зөвхөн “өнөөдөр намайг яах бол, юу хэлэх бол, намайг буруутгах болов уу, юу болох бол” гэсэн айдас түгшүүртэй зүйл бодсоор байгаад эрүүл хүн шиг ажиллахаа больдог. Ингэснээр цочролын дараах гэмтэлтэй болно, өөртөө итгэх итгэлгүй, өөрийгөө байнга буруутгадаг болно.

Хүчирхийлэгч бусдаас тусгаарлаад хэн нэгэнтэй уулзахад нь дарамтлаад байдаг бол өөрийгөө нийгмээс тусгаарлаж эхэлнэ. Би ийм учраас, би арчаагүй, гэрээ цэвэрлэдэггүй учраас энэ л миний хувь тавилан. Би найзуудтайгаа уулзахаа больчихвол намайг дарамтлахаа больчих байх гэж бодно. Би тэгэхээ больчихвол гэж өөрөөсөө дандаа бурууг хайж эхэлдэг.

Даамжирсаар байвал эргээд бие махбодод нөлөөлнө. Булчин чангарах, нойргүйдэх, ходоод, элэг, нойр булчирхай зэрэг дотор эрхтний өвчинтэй болдог. Мөн бүх төрлийн хавдрууд сэтгэл санааны хямралтай давхар холбоотой.

-Цаашлаад нийгмийн харилцаанд ороход ямар сөрөг нөлөө илэрдэг вэ?
-Сэтгэл санааны хүчирхийлэлд удаан өртөхөөр нийгмээс тусгаарлагдаад эхэлдэг. Учир нь хүчирхийлэгч үргэлж нийгмээс тусгаарлахыг оролддог. “Тэр хүмүүс чамтай уулзах ямар хэрэгтэй юм” гэх мэтчилэн аажмаар холдуулж дарамталдаг.

Цаашлаад хүчирхийллийн хохирогч өөрийгөө нийгмээс тусгаарлаж эхэлдэг. “Би найз нөхөдтэйгөө уулзахаар намайг дарамтлаад байдаг юм байна. Би ингэхээ больчихвол намайг дарамтлахаа больчих байх” гэсэн найдвараар амьдардаг.

Мөн ажлаа хийхэд ажлын бүтээмж буурч эхэлнэ. Ажлын бүтээмж буурахаар удирдлага нь муу ажилтнаа хална, эсвэл өөрөө би ингэж ажиллахын оронд больё гэж бодож эхэлдэг. Энэ мэтээр нийгмийн харилцаанд эрүүлээр оролцож чадахаа болино. Эргэн тойрны хүмүүс нь энэ хүнтэй ажиллах, харилцахад хэцүү байдаг гээд зайгаа барьж эхлэх бөгөөд, аажимдаа хохирогч орь ганцаар үлдсэн байдаг.

-Сэтгэл санааны дарамт үзүүлэх тал дээр эмэгтэйчүүд илүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ асуудлаар танайд эрчүүд хэр ханддаг вэ. Ер нь сэтгэл зүйчдийн харж байгаагаар эмэгтэй хүмүүс сэтгэл санааны дарамт хэр их үзүүлж байна вэ?
-Манайх гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн байгууллага. Гэхдээ хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага байхгүй учраас манайд тодорхой хэмжээгээр эрчүүд ирж зөвлөгөө үйлчилгээ авдаг.

Өнгөрсөн оны байдлаар манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн 94 хувь нь эмэгтэй, үлдсэн 6 хувь нь эрэгтэйчүүд байсан. Эрчүүд ямар хүчирхийлэлд өртөөд байна гэсэн нарийвчилсан судалгаа байхгүй учраас би одоогоор хэлж чадахгүй байна. Гэхдээ сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна гэж хэлдэг.

ХҮҮХДЭДЭЭ БАГААС НЬ ХҮН БҮХЭН ӨӨР ӨӨРИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ БӨГӨӨД ТЭР БҮХЭНД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ ЗААЖ СУРГААРАЙ

Чи өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд хэн нэгнийг эрх мэдэлдээ байлгаж болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, сонирхолтой. Тэр болгоныг хүндэтгэж байх хэрэгтэй. Чиний хүслийг биелүүлэхийн тулд хэн нэгэн өөрийгөө золих, өөрийнхөө хүслийг хаях ёсгүй.

-Энэ бүхнээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Жишээ нь, эхнэр нь найз нөхөдтэйгөө уулзах гэтэл нөхөр нь араас нь байнга залгах, “одоо ир” гэж дарамтлах асуудал гараад байвал яах вэ?
-Хүчирхийллийг зогсооё, шийдлийг олъё гэвэл үйлдэгдсэнийх нь дараа уулзаад, эсвэл тэр гэр бүл салснаар асуудал шийдэгдэхгүй. Нэг залуу эхнэрээ дарамталсаар байгаад саллаа гэхэд тэр дарамт зөвхөн тухайн эмэгтэйн хувьд л зогсож байна. Дараа дахиад өөр эмэгтэйтэй уулзана, тэр хүнийг дарамтлахгүй байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс хүүхдээ бага наснаас нь “Чи өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд хэн нэгнийг эрх мэдэлдээ байлгаж болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, сонирхолтой. Тэр болгоныг хүндэтгэж байх хэрэгтэй. Чиний хүслийг биелүүлэхийн тулд хэн нэгэн өөрийгөө золих, өөрийнхөө хүслийг хаях ёсгүй. Үүнийг ярилцаж, гарцыг нь олох ёстой” гэдгийг л ойлгуулах ёстой. Хоёр хүүхдийн нэг нь машинаар тоглоно, нөгөө нь айл гэртэж тоглоно гэж хоорондоо зөрж байхад нь эцэг эхчүүд тайлбарлаж өгөх ёстой. Та хоёрын хоёулангийнх нь дуртай ямар тоглоом тоглож болох уу гэх мэт жижиг асуудлаас хүчирхийллийн урьдчилан сэргийлэлт эхэлнэ.

Мөн охин хүүхдэд чиний биеийн нандин хэсгүүд юу вэ, энэ хэсгүүдэд хэн хүрэх ёсгүй вэ, хайр сэтгэл гэж юу вэ, хайртай хүмүүс бие биедээ юу хийж болох, болохгүй вэ гэдгийг хэлж байх хэрэгтэй. Өсвөр насныхан охидын хөхний даруулгыг татах, хормой сөхөлтийн баяр гэж хормойг нь сөхдөг нь зүгээр нэг тоглоом биш.

Энэ нь сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийллийг дэвэргэж, хүлээн зөвшөөрч байгаагийн нэг хэлбэр. Үүнд багш, ээж аавууд байдаг л зүйл гэж хандаж байвал ирээдүйд энэ зогсохгүй. Бага насан дээр нь таслан зогсоож байх хэрэгтэй.

Хүчирхийллийн хохирогч болоод 10-20 жилийг ардаа үдчихсэн, эсвэл насаараа хохирогч байсан хүмүүс хүчирхийлэл байж болдог юм гэсэн хандлагатай байсаар ирсэн байдаг.

Гэр бүлийн харилцаанд нэг нэгнийгээ дарамтлах зүйл байдаг, нэг удаа тэсэх, ер нь эмэгтэй хүн тэсэж амьдардаг юм гэж бодоод байгаа нь удаан хугацаанд хүчирхийллийн хохирогч болоод байгаагийн шалтгаан юм.

Бага наснаас нь хүчирхийлэл байж болохгүй гэдгийг ойлгуулчихсан бол шууд л арга хэмжээ авч, хэн нэгэнд хэлнэ.

Би ууртай болохоор, тэсэхээ байхаа болиод хүүхдээ зодчихдог гэдэг. Гэхдээ та өөрийгөө барьж чаддаггүй юм бол даргаа зодож, дарамтлаад байна уу, гудамжинд тааралдсан хэн нэгнийг дарамтлаад байдаг уу гэвэл үгүй.

-Ийм зүйл нэг л удаа гарвал шууд таслан зогсоож, дахин гарах ёсгүй гэдгийг ярилцах хэрэгтэй байх?

-Хосын эрүүл харилцаа гэдэгт бие биетэйгээ ярилцах, үзэл бодлыг нь хүндэтгэх, бие биеэ тэгшээр ойлгох, сонирхлыг нь дэмждэг байх зэргийг ойлгодог. Харин хүчирхийлэл бол эрүүл бус харилцаа. Зөвхөн нэг талын эрх ашиг, сонирхол, хүслээр гэр бүлийн харилцаа явагдаж байдаг.

Хүчирхийлэл удаан хугацаанд байгаад байвал хохирогч гарах гарцгүй болсон, логикоор сэтгэж чадахаа больж, үүнээс гаръя гэж бодохоо больсон байдаг. Ийм учраас гэр бүлийн хүчирхийлэл тойрог хэлбэрээр үйлдэгдсээр байна. Үүнийг зүгээр нэг гэр бүлийн асуудал гээд хаях ёсгүй. Мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох ёстой.

Учир нь ганцхан гэр бүлийн асуудал биш байдаг. Хожим манай хүүхэд хүчирхийлэгчтэй суух магадлалтай. Хүүхэд өөрөө хүчирхийлэлд өртөж магадгүй учраас бидний ирээдүйд заналхийлсэн асуудал юм.

-Энэ ярианаас харахад эцэг эхчүүд хүүхдэд бас сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлдэг байх нь?
-Хүчирхийлэл гэдэг нь архидалт, ядуурал, боловсролгүй байдлаас ерөөсөө болоогүй. Надад илүү эрх мэдэл байна, энэ хүн надаас эрх мэдэл багатай байгаа учраас дарамталж болно гэсэн суурь үзлээс л хүчирхийлэл бий болдог. Хүүхэд дээр ч ялгаагүй.

Би ууртай болохоор, тэсэхээ байхаа болиод хүүхдээ зодчихдог гэдэг. Гэхдээ та өөрийгөө барьж чаддаггүй юм бол даргаа зодож, дарамтлаад байна уу, гудамжинд тааралдсан хэн нэгнийг дарамтлаад байдаг уу гэвэл үгүй. Эрх мэдэл давуу нь эрх мэдэл султайгаа дарамталдаг.

Хүүхэд бидний аясаар, үгээр, бидний эрх мэдэлд байдаг учраас хүчирхийлэлд өртдөг. Тэд үүнийг байж болохгүй харилцаа гэж мэдэхгүй. Хүүхдийг бид ялгаагүй хүн гэж үзэх ёстой. Тэд өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл сонирхолтой. Хүн биш хүүхэд гэж хараад байна. Би энийг идмээргүй байна гэхээр загнаад идүүлдэг, өмсмөөргүй байна гэхэд нь хүчээр өмсүүлдэг. Энэ хүн өөрийн гэсэн үзэл бодолтой шүү дээ гэж бодож эхэлснээр хүчирхийлэл багасаж эхэлнэ.

Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн оролцоотой, эрх мэдэлтэй, байр суурьтай, хийх зүйлтэй байх ёстой. Үзэл бодол сонирхлыг нь бүгд мэддэг, үзэл бодлоо тулгахгүй байх хэрэгтэй.

-Ээж нь аавыг нь доромжилж, дорд үгээр харилцдаг байлаа гэж бодъё. Тэрийг харсан хүүхдүүд буруу үлгэр дуурайл авч, аавыгаа үл тоох, загнах гэх мэтийн хандлага ажиглагддаг. 
-Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд хүчирхийлэгч болдог гэж ярьдаг ч бүгд тийм биш. Хүүхэд юу харж өснө тэрийг үйлдэх магадлалтай гэсэн л үг. Хүүхэд ямар ч туршлагагүй болохоор эмэгтэй хүүхэд ээжийгээ, эрэгтэй хүүхэд аавыгаа харж дуурайдаг. Аав маань ийм байгаа юм чинь ирээдүйн нөхөр ийм байна гэх мэтээр дүрийг бүтээж байдаг.

Жишээ нь, энэ гэр бүлд эмэгтэй нь давамгай, аав нь байр суурьгүй байна. Гэр бүлд хэн нэг нь давамгай байж болохгүй. Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн оролцоотой, эрх мэдэлтэй, байр суурьтай, хийх зүйлтэй байх ёстой. Үзэл бодол сонирхлыг нь бүгд мэддэг, үзэл бодлоо тулгахгүй байх хэрэгтэй. Мэдээж үзэл бодлын зөрчилдөөн байна, үүнийг яаж шийдэх талаар ярилцах шаардлагатай.

ХАРДАЛТ БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛ. ХОСУУД НЭГЭНДЭЭ ИТГЭДЭГ, ХҮНДЭЛДЭГ БОЛ ХАРДАЛТ ГАРАХ ШАЛТГААН ҮГҮЙ

-Хардалт гэж тусдаа том сэдэв байна. Энэ нь сэтгэл санааны хүчирхийллийн нэг хэлбэр болж байна. 
-Хардалт бас л жижигхэн зүйлээс эхэлж байна. Чи хамтрагчаа өдөр болгон хаана юу хийж байгааг мэдэх гээд байна уу? Энэ мэдэх нь чамд ямар ашигтай вэ, яах гэж мэдэх ёстой вэ гэдгийг хардаад байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй. Хэн нэгэн нэгэндээ үргэлж юу хийж байгаагаа тайлагнах ёсгүй. Бас л тухайн хүний орон зай, үзэл бодол, хүсэл сонирхлыг нь хүндэтгээд ирэхээр хардалт байхгүй болно.

Хардалтын суурь шалтгаан нь энэ хүнийг би эрх мэдэлдээ байлгах ёстой, тиймээс өдөр бүр юу хийж, хэнтэй уулзаж байгааг нь мэдэх ёстой гэж бодоод байгаа учраас хардалт байна. Хэрвээ хосууд бие биедээ бат итгээд, орон зайг нь хүлээн зөвшөөрөөд байвал хардалт гарах шалтгаангүй болно.

Чи хамтрагчаа өдөр болгон хаана юу хийж байгааг мэдэх гээд байна уу? Энэ мэдэх нь чамд ямар ашигтай вэ, яах гэж мэдэх ёстой вэ гэдгийг хардаад байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй.

Хардалт бол эрүүл харилцаа биш. Өөрийн эрх ашгийн төлөө гэртээ байнга байлгах, эсрэг хүйсний хүнтэй уулзуулахгүй байх сонирхолтой байдаг. Нийгэмд олон янзын хүмүүс бий. Ажил мэргэжлийн харилцаанд ч эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй таарна. Тэрийг сонгох боломжгүй шүү дээ.

Сэтгэл санааны хүчирхийлэлд хардалт маш том байр суурь эзэлдэг. Хардуулахгүйн тулд тухайн хүн өөрийгөө нийгмээс тусгаарлачихдаг. Даамжирсаар найз нөхөдгүй, ажлын хамт олонгүй, тусалъя гэсэн хэн ч байхгүй болдог. Гэр бүлийнхэнтэйгээ ч уулзаж чадахаа больдог.

-Тэгвэл сэтгэл санааны хүчирхийллээс ангижрах арга замуудаас хэлж өгөхгүй юу?
-Ямар ч төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол хэн нэгэнд хандах л ёстой. Таныг мэдэхгүй гээд ханд байгаа юм биш. Та өөрөө сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой биш байгаа учраас мэргэжлийн сэтгэл зүйч, хуульч, нийгмийн ажилтнаас зөвлөгөө авах шаардлагатай.

Яагаад гэвэл та энэ хүнд яаж дарамтлуулахгүй байх вэ, өнөө орой юу болох бол, намайг юу гэж хэлж дарамтлах бол гэсэн үргэлжийн айдастай байгаа үед үүнээс гаръя гэсэн арга замыг олж чадахгүй.

Хүмүүс сэтгэл санааны хүчирхийлэлд өртчихөөд байна уу үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ гэвэл та өөртөө дараах асуултуудыг тавиарай.

  • Таны хамтрагч чинь ямар нэгэн байдлаар гадаад үзэмж, дотоод сэтгэлийг тань муучилж байна уу?
  • Таныг үг хэлээр өөртөө итгэх итгэлд чинь нөлөөлж байна уу? Доромжилж байна уу?
  • Таныг найз нөхөд, гэр бүл орчноос чинь тусгаарлахын тулд сэтгэл санааны хувьд дарамталж байна уу?
  • Танд нэр хоч өгч, галзуу, тэнэг арчаагүй гэх мэтээр хэлж байна уу?

Эсвэл таныг гэрээ цэвэрлэдэггүй, хүүхдүүдээ сайн хардаггүй гээд дарамтлаад байдаг гэж бодоод та гэрээ сайн цэвэрлээд, хүүхдүүдээ сайн харсан ч энэ дарамт зогсохгүй. Яагаад гэвэл шалтгаан нь бас л биш.

Зэрэг асуултыг тавиад үзээрэй. Хэрвээ танд тийм айдас байвал та ямар нэг байдлаар хүчирхийлэлд байна. Та хэзээ ч хэн нэгнээс айх ёсгүй. Хэрвээ та айж, түгшиж байгаа бол хүчирхийлэлд байна гэж үзэж болно.

Хүчирхийлэл зогсчих болов уу гэж хараад зогсчихдог юм биш. Байнга давтагдаж, давтамж нь ойртож байдаг онцлогтой. Таныг найз нөхөдтэйгөө уулзаад байдаг болохоор нь дарамтлаад байдаг бол та найз нөхөдтэйгөө уулзахаа больчихвол энэ дарамт арилах зүйл биш. Эсвэл таныг гэрээ цэвэрлэдэггүй, хүүхдүүдээ сайн хардаггүй гээд дарамтлаад байдаг гэж бодоод та гэрээ сайн цэвэрлээд, хүүхдүүдээ сайн харсан ч энэ дарамт зогсохгүй. Яагаад гэвэл шалтгаан нь бас л биш.

Эсвэл танай нөхөр архи уугаад, таныг зодож дарамтлаад байдаг бол архинаас гарах эмчилгээнд яваад, архинаас гарчихвал манай гэр бүлийн харилцаа эрүүл болчихно гэвэл бас л биш.

Энэ шалтгаанууд арилсан ч дахиад өөр нэг шалтгаан гарч ирнэ.

ХҮЧИРХИЙЛЭГЧ Л ӨӨРӨӨ УХААРЧ БАЙЖ ЗАСАРНА

-Сэтгэл санааны хохирол насан туршид нь маш удаан хугацаагаар арилдаггүй гэдгээрээ онцлогтой гэж ярьдаг.
-Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл санааны хохирол тооцуулж байна. СЭМҮТ-ийн дүгнэлтийг сэтгэцийн албан ёсны дүгнэлт гэж үзэж байна. Манай төвөөс үйлчлүүлэгчдэдээ давхар сэтгэлзүйн дүгнэлт гаргадаг. Ямар хэмжээгээр хохирсон, ямар эмгэг хам шинжүүдтэй болсон байна гэдгийг дүгнүүлээд, ямар хугацааны сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай, энэ нь төдий хэмжээний мөнгө болно гэсэн тодорхойлолт гаргадаг. Өмгөөлөгч сайн өмгөөлж чадвал сэтгэл санааны хохирол барагдуулах мөнгө гаргуулж чаддаг.

Харин бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол сэтгэл санааны хохиролд төчнөөн төгрөгийн нөхөн олговор олгоно гэсэн албан ёсны заалт байхгүй.

-Монголд сэтгэл санааны хохиролд төдийлөн их ач холбогдол өгөхгүй байх шиг...
-Монголд сэтгэл зүй өөрөө их шинэхэн шинжлэх ухаан. Гурван хүн тутмын нэг нь сэтгэлзүйн өвчний хам шинжтэй байна гэсэн мэдээлэл байна. Тийм учраас сэтгэл санааны хохирол төдийлөн хортой гэж үзэхгүй байна. Бид нотлох баримт цуглуулах гэж их хугацаа алддаг. Хохирогчтойгоо ярилцаж, дуу хурааж, мессеж мэйлүүдийг хадгалж авч байна. Гэтэл хардалтаас болж нэгнээ мөрдөн мөшгөж, технологийн дэвшил ашиглаж утсаар нь байршил тогтоож байна, хянаж дарамтлах арга улам боловсронгуй болж байна. Тэр хүний хараа хяналтаас холдлоо гээд дарамт үгүй болохгүй.

Би гэр бүлээ, эхнэр хүүхдээ дарамталснаар ийм хор хохирол учраад байна гэж ухамсарлаж өөрчлөгдье гэж өөрөө бодоогүй үед хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Дарамтлагчийг яаж засах вэ. Ер нь засрах уу?
-Эмэгтэйчүүд өөрчлөгдөх болов уу гэж их хүлээсэн байдаг. Гэр бүлийн харилцаа бол нандин хувийн харилцаа. Үргэлжийн муухай байдаггүй. Өнөөдөр сөрөг муухай мэдрэмж авсан бол маргааш сайхан мэдрэмж авахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр өдөр болгон бид ийм байдаггүй гэсэн төөрөгдөлд ордог.

Бидэнд сайхан үе байдаг, сайхан үе байсан гэж хайр сэтгэл, гэр бүл, үр хүүхдээ бодоод удаан амьдарсан хүмүүс байдаг. Гудамж талбайд, найз нөхдөөсөө дарамт авч байвал тэднээс холдох амархан. Харин гэр бүлийн хүнээс салъя гэхээр маш их шалтгаан байдаг учраас салахад амаргүй.

Тэгвэл яаж зан үйлийг нь өөрчлөх вэ? Та хэзээ ч хүний зан үйлийг өөрчилж чадахгүй. Тухайн хүн өөрөө надад үнэхээр асуудал байна гэж ухаарсан тохиолдолд зан үйл өөрчлөгдөнө.

Эрэгтэй хүн “би үнэхээр архичин юм байна, архи ийм ийм хор хохирол манай гэр бүлд авчирч байна” гэдгийг ухаарч бодсон үед л өөрчлөлт явагдана. Яг үүнтэй адил би гэр бүлээ, эхнэр хүүхдээ дарамталснаар ийм хор хохирол учраад байна гэж ухамсарлаж өөрчлөгдье гэж өөрөө бодоогүй үед хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэн нэгнийг хэн ч өөрчилж чадахгүй. Харин өөрчлөгдье гэхэд нь өөрчлөгдөх арга замыг мэргэжилтнүүд зөвлөж, хайж өгч, хамтдаа хичээж чадна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх